Авто замын салбарын хамт олонд (Мэндчилгээ)
2010.10.29

Авто замын салбарын хамт олонд (Мэндчилгээ)

Өргөн уудам эх орны маань төв суурин газруудыг нийслэл хоттой төдийгүй тив дэлхийн олон улстай авто замаар холбож, зам барих, засварлан арчлах эрхэм үүргийг хүлээсэн авто замын салбарын нийт ажиллагсад, инженер техникийн ажилтнууд, ахмад замчид та бүхэндээ Монгол Улсад авто замын байгууллага үүсч хөгжсөний 81 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Засгийн газраас авто замын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн багагүй хувийг тухайн салбарт зарцуулж байгаагийн үр дүнд сүүлийн жилүүдэд шинээр авто зам, гүүр барих, нийслэлийн авто замыг засаж сайжруулах, гүүрэн гарц барих зэрэг томоохон ажлууд хийгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

УИХ-аас "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрт аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох, хурдны зам барих, нийслэлийн авто замыг сайжруулах, гүүрэн гарц барих зэрэг томоохон зорилтуудыг багтаан баталсан нь авто замын салбарынхан та бидний өмнө тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ногдож байна.

Салбарын үйл ажиллагааны шинэчлэл өөрчлөлтийг Олон улсын норм, стандартын жишигт нийцүүлэн, орчин үеийн шинэлэг арга техник, технологийг ашиглан зураг төсөл, зам гүүрийн барилга, засвар арчлалтын ажилд чанарыг эрхэмлэн ажиллах нь авто замчид та бидний эрхэм зорилго байх ёстой.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн хөгжил тэр тусмаа авто замын салбарын талаар дэвшүүлсэн зорилт, "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт тусгагдсан авто замын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд авто замчдын үүрэг өндөр билээ.

Авто замын салбарын хамт олон та бүхнийг өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, улс орны нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсан "Шинэ бүтээн байгуулалт"-ын төлөө хамтран ажиллаж амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Алтан шар замын хишиг буян ашид мөнхөд ивээх болтугай.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН
САЙД Х.БАТТУЛГА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.