УИХ-ын гишүүн Н.Учрал
2018.05.23
Гишүүдээ Н.Учрал шиг л бай л даа
Олон жил агаар хөрсний бохирдолд амьдарсан нийслэлчүүд мод тарих үйлсэд чин сэтгэлээсээ гар бие оролцох болсон билээ. Үүгээр ч зогсохгүй айл өрх бүр хашаандаа мод суулгаж, цэцэг бут тарихыг эрхэмлэх болжээ.
Ийм цаг үед УИХ-ын залуу гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийнхээ 23-р хороонд олон жил хуримтлагдсан хур хогийн цэгийг тэгшилж шинэчлэх ажлыг эхлүүлсэн аж. Цаашид цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлын төлөвлөгөөгөө Австрали улсын эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчдөд танилцуулж хамтарч ажиллахаар болсныг цахим ертөнцөөр мэдээлжээ. Мөнхүү эко жорлон болон лагаар газ гаргаж дулаан, цахилгаанаа шийдэх технологийн шийдлийн зардлыг бууруулж агаар, хөрсний бохирдлыг бууруулах шинэ ажлыг эхлүүлэхээр болсноо мэдэгдсэн байна.
УИХ-ын гишүүн бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулаад ийнхүү ажиллах юм бол ч агаар хөрсний бохирдлоос гарах байх даа. Ядахад нийслэлээс сонгогдсон гишүүн тус бүр нэг хороо сонгож аваад цэцэрлэгт хүрээлэн байгуулаад эко жорлон, дулаан цахилгаанаа гаргах асуудлыг шийдээд байвал ч сайхан л хэрэг.
Том мөнгөний тоо ярьж, бүтээн байгуулалт танилцуулж, аль болох олон хүн цугласан газар “ард түмэн, эх орон минь” гэж уйлах нь халаг явахаар энэ мэт асуудлаасаа эхлээд явчихвал ч асуудалгүй дээ.
Н.Баатар