С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана
НИТХ-ын дарга С.Амарсайхан “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны тэргүүн Н.Батцэцэг, “Монголын худалдаачдын холбоо”-ны тэргүүн Ц.Пунсалдулам нарын хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
“Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: Цагдаа нар иргэдтэй зүй бус харьцаж, хувийн журмаар мөнгө авдаг
Сүүлийн 3-4 жилийн хугацаанд манай төрийн бус байгууллагад худалдаа наймаа эрхлэгчдээс тэдний эрх нь зөрчигдөж байгаа талаарх гомдол санал маш их ирж байгаа. Үүний дагуу бид судалж үзсэн. Худалдаа наймаа эрхэлж амьдарч байгаа 300 мянга орчим иргэн бий. Энэ хүмүүсийн дийлэнх нь өндөр хүүтэй зээлийн өрөнд баригдаж, амьдрал ахуй нь хүнд байдалд байгаа хүмүүс юм. Харин сүүлийн гурван жил ТҮЦ-ийг ачих шийдвэр гарснаар шөнө оройн цагаар цагдаа нар хүч хэрэглэн дайрч, иргэд ТҮЦ-ээ ачуулахгүй гэж тэмцэж байгаа нь манай улсад хууль дүрэм хэрэгжихгүй байгаа мэт дүр зураг ажиглагдаж байна.
ТҮЦ ажлуулдаг иргэд нийлж холбоо байгуулан тэмцэл хийдэг ч үр дүнд хүрдэггүй. Харин бид ТҮЦ ачих ачилт явуулах шийдвэрийг түр түдгэлзүүлж өгөхийг хүсч байна. Эцэслэн батлагдаагүй байхад дүүргүүд ачилт хийж торгож байгаа нь буруу. Наймаачид шөнөдөө ТҮЦ-ээ манаж хонож байна. Цагдаа нар иргэдтэй зүй бус харьцаж, хувийн журмаар мөнгө авч, торгоно гэж дарамталдаг. Үүний улмаас ард иргэд цагдаа нарын хооронд маргаан үүсч байгааг зогсоох хэрэгтэй.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Хэрэв бодитой, нотолгоотой баримт байвал бидэнд өгөх хэрэгтэй
Нэгдүгээрт, ТҮЦ-ний үйл ажиллагааны асуудал дээр шинэ журам боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт холбооны гишүүдийг оруулахаар шийдвэрлэсэн. Тухайн гаргах журмын зүйл заалт аль аль талынхаа эрх ашгийг бодолцсон, үр дүнтэй, дараа нь эргээд харилцан үл ойлголцол гарахгүй байх хэмжээний байх ёстой. Хоёрдугаарт, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйлдвэр эрхлэгчдэд шаардлага тавьдаг хүмүүс харилцаа, ёс зүйтэй байх хэрэгтэй. Албан тушаал, эрх мэдлээ ашиглах, эсвэл тухайн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж иргэд, аж ахуйн нэгжид хуулийн нэр барьж дарамт учруулдаг байдал байгаа бол хатуу тэмцэнэ. Хэрэв бодитой, нотолгоотой баримт байвал бидэнд өгөх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд энэхүү журмыг бид хамгийн зөв хувилбараар гаргана гэдэгтээ итгэлтэй байна.
НИТХ-ын төлөөлөгч, Өргөдлийн хорооны дарга Б.Сүхбаатар: Дөрвөн холбоо байна гэдэг нь дөрвөн өөр эрх ашиг байгааг харуулж байгаа
2016 оны сонгууль дуусч, ялалт байгуулсан нам ажлаа аваад эхлэхтэй зэрэгцэн маш олон ТҮЦ бий болсон. Энэ сиймхийг ашиглаад ашиг олох гэсэн хүмүүс хаа сайгүй ТҮЦ нээж, түүнийгээ түрээслэдэг болсон. Нэг талаараа хотын өнгө үзэмж алдагдсан. Нөгөө талаараа тэр олон ТҮЦ-ийг дагаад маш олон түрээслэгч нар орж ирэнгүүт цэгцлэх хэрэгтэй учраас буулгах санал гарч дахин эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгэхээр ТҮЦ ажилуулдаг дөрвөн холбоо байна гэдэг нь дөрвөн өөр эрх ашиг байгааг харуулж байгаа юм. Зарим тохиолдолд автобусны буудал дээр дүүрэн ТҮЦ байдаг. Ард нь замбараагүй хог, шээс болсон байдаг.Заримдаа ТҮЦ-нүүд шөнөжин архи пиво зардаг. Энэ бүгдтэй хотын захиргаа тэмцэх ёстой. Тиймээс энэ асуудлыг маш нухацтай, нямбай авч хэлэлцэх шаардлагатай. Мөн цагдаа нарын тухай их ярьж байна. Өдөр бүр 50 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр торгодог гэж хэллээ. Яг энэ асуудлыг шийдэхийн тулд ажлын хэсгээс та бүхэнтэй хамтран нээлттэй хэлэлцүүлэг хийх санал тавьсан байгаа.
НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга, ТҮЦ эрхлэх журам боловсруулах ажлын хэсгийн ахлагч А.Даваажаргал: ТҮЦ-тэй холбоотой асуудлаар маш олон хүмүүстэй уулзаж байна. Анхны уулзалтаар бүгд нэг л зүйлээ ярьдаг. Явцын дунд хэн нь хэн бэ гэдэг нь танигдаад алга болцгоодог. Нийслэлийн Засаг даргын А863 захирамж гарсантай холбоотойгоор зөвшөөрөлгүй, явган хүний болон автозам дээр үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн ТҮЦ-ийг ачсан. Түүний улмаас Дамба нарын 98 хүн А863 захирамжийг шүүхэд өгсөн. Дангаараа бүлэг болсон найм гээд нийтдээ 178 хүн Захиргааны хэргийн шүүхэд тус захирамж болон дүүргүүдийн Засаг дарга нарын захирамжийг шүүхэд өгсөн. Дүүргийн Засаг дарга нарын захирамжийг шүүхэд өгсөн иргэдээс нэг ч хүн шүүх дээр ялалт байгуулалгүй хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Нэг ёсондоо дүүргийн Засаг даргын ТҮЦ-ийг албадан ачих захирамжууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Харин Нийслэлийн Засаг даргын А863 захирамжийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус захирамжаар нэг ч ТҮЦ ачаагүй. Хотын даргын шийдвэрээр шинэ журам гартал нэг ч ТҮЦ ачихгүй. Одоо ирэх долоо хоногт ажлын хэсгээ хуралдуулж, журмаа боловсруулах хэрэгтэй байна.
Хурлын төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан “ТҮЦ эрхлэх журмыг боловсруулах ажлын хэсэгт орсон хүмүүс идэвхитэй ажиллахыг хүсч байна. Олон асуудал ярьчихаад завгүй, ирж чадахгүй гэвэл энэ ажил явахгүй, тэнд асуудал шийдэгдэхгүй цаг үрсэн ажил болно. Хамгийн зөв журам гаргаж, тэр нь цааш хөгжих шийдэл болох ёстой” гэв.
Уулзалтын үеэр НИТХ-ын дарга, төлөөлөгч, албаны хүмүүс ТҮЦ эрхлэгчдийн санал бодлыг сонсож, цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.