С.Чинзориг: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нь бидний гол зорилго
2018.05.30

С.Чинзориг: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нь бидний гол зорилго

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээж авч уулзлаа. Уулзалтад НҮБ-ын Суурин зохицуулагч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, суурин төлөөлөгчийн орлогч Даниел Гаспарикова, ахлах эдийн засагч Билл Бикалес, Тогтвортой хөгжлийн зорилтын зөвлөх О.Энх-Ариунаа, АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Маге нар оролцож тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж ажиллах талаар хийсэн тайлан судалгаа, зөвлөмжүүдээ танилцуулсан юм.

НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман 'Бидний хийсэн судалгаагаар төрийг тогтвортой байлгах талд нь илүү анхаарвал тогтвортой хөгжлийн зорилтууд биелэхэд илүү дөхөм болохоор байна. Ингэснээр урт, дунд хугацааны баримт бичгүүдийн биелэлт илүү байх болов уу. Мөн төсвийн хувьд илүү зохион байгуулалттай, илүү нарийн зохицуулалттай, тооцоо судалгаатай байх нь тогтвортой хөгжлийн нэг үндэс болно гэж үзсэн. Бид гурван зөвлөмжийг чиглэл тус бүрээр нь гаргасан бөгөөд танай улсын хувьд халамжийг зорилтод бүлгийн хүмүүстээ чиглүүлэх бодлого барьж байгаа нь туйлын зөв. Халамж хүртэгчээ зөв тодорхойлсноор төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулах боломж гарч ирнэ” хэмээн судалгааныхаа үр дүнг тодорхойлсон. Тэрбээр мөн цаашид энэ чиглэлээр хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн олон ажлыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

С.Чинзориг сайд хамтын ажиллагааныхаа хүрээнд тайлан боловсруулж, тодорхой зөвлөмж хүргүүлж буйд талархаад “Манай орны ядуурал нэлээд архагшиж байгаа гэхэд болно. 1990-ээд оноос эхлэлтэй ядуурлыг бууруулах чиглэлээр үе үеийн Засгийн газар тогтмол үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Та бүхний зөвлөмжүүдтэй санал нэг байна. Ялангуяа төрийн бодлогыг тогтвортой байлгах, төсвийн сахилга батыг сайжруулах тал дээр бид илүүтэй анхаарч ажиллах нь зүйтэй юм. ХНХЯ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор хөтөлбөрүүд боловсруулж, тодорхой бодлогуудыг гаргаж ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон ажил хийж байна. Энэ хүрээнд бид анхан шат буюу орон нутгийн удирдлагуудтай илүү нягт хамтарч ажиллахыг зорьж байгаа. Тэд иргэдийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж байж илүү сайн ажиллах юм. Халамжийн чиглэлээр бид шинэ бодлого барьж ажиллах болно. Энэ оны төсөвт бид 12 төрлийн халамжийн арга хэмжээнд нийтдээ 460 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар суулгасан. Энэ бүгд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой дэмжлэг болж очиж буйгаараа илүү ач холбогдолтой. Бид мөн ойрын үед халамж, даатгалын хуульдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гээд цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө, төсөв санхүүгийн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг НҮБ болон АХБ-наас хүслээ. Тэрбээр мөн сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд буй ядуурал санаа зовоож буй нэг чухал асуудал болж буйг онцлоод зорилтод бүлгийн өрхийг зөв тодорхойлж, тэдний нийгмийн хамгааллыг дээшлүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажиллахад техникийн болоод арга зүйн тусламж, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хүслээ.