Хонгор нутгийнхан шилдэг оюутнуудаа шалгаруулжээ
2010.12.21

Хонгор нутгийнхан шилдэг оюутнуудаа шалгаруулжээ

Баянхонгор аймгийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбоо шилдэг оюутнуудаа тодруулж, шагнал гардуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг шагнал гардуулаад өнгөрсөнгүй тус нутгаас төрсөн улс төр, бизнесийн салбарынхныг цуглуулж, оюутан залуустай уулзуулж, сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсан байна.

Энэ удаа ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын нэрэмжит шилдгийн шилдэг оюутнаар Цагдаагийн академийн сонсогч М.Уранцэцэг шалгарчээ. Тэрээр улиран өнгөрч буй 2010 онд Узбекстанд зохиогдсон Самбо бөхийн дэлхийн аварга, Узбекстаны Ташкент хотод зохиогдсон Жүдо бөхийн дэлхийн цомын аварга, БНСУ-ын Сөүл хотод болсон Жүдо бөхийн дэлхий цомын аварга, БНХАУ-ын Чиндаод болсон Жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа энэхүү шагналыг хүртсэн байна. Шагналыг нь Монгол Улсын гарьд П.Сүхбат гардуулжээ.

 

Харин "D Dish TV'-ийн захирал Д.Ганболдын нэрэмжит Урлагийн салбарын шилдэг оюутнаар Ж.Номгонмаа шалгарсан аж. СУИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан тэрээр 2010 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Дэлхийн Ази номхон далай орнуудын мэргэжлийн гоцлол бүжигчдийн тэмцээний тэргүүн байр, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Б.Алтанцэцэгийн нэрэмжит "Шилдэг бүжиг дэглээч", "Шилдэг бүжигчин" тэмцээний нэгдүгээр байрт шалгарч "Шилдэг бүжигчин", Шилдгийн шилдэг бүжигчин Гранпри, ОХУ-ын Москва хотноо болсон цэнгээнт бүжгийн Дэлхийн аваргын тэмцээнд хамтлагаараа амжилттай оролцож тусгай байр, СУИС-ийн "Хүндэт оюутан" өргөмжлөл тус тус хүртсэн амжилтаар шилдэг оюутан болов. Шагналыг нь  Монгол Улсын гавьяат жүжигчин төрийн шагналт Д.Сосорбарам гуайгардуулсан байна. Мөн энэ үеэр "Нийслэл Өргөө" ХХК-ийн захирал Ганзоригийн нэрэмжит Нийгэм Хүмүүнлэгийн салбарын шилдэг оюутнаар ЭМШУИС-ийн тавдугаар курсийн оюутан Г.Дүүрэнбилэг шалгарчээ. Тэрээр энэ оны ЭМШУИС-ийн шилдэг оюутан болсон байна. Түүгээр ч барахгүй 2010 оны Монголын АСОХ-ны Манлайлагч оюутан алтан медаль хүртжээ. Харин "Жийп Сервис" ХХК-ийн захирал Мөнх-Эрдэнийн Сурлагаараа шилдэг оюутан шагналыг Д.Жамсрандорж хүртсэн байна.

 

МУИС-ийн Мэдээлэл Технологийн сургуулийн гуравдугаар курст сурдаг тэрээр 2010 онд БНХАУ-ын Хангжоу хотод зохиогдсон Азийн бүсийн Програмчлалын олимпиадад тусгай байрын шагнал хүртсэнээс гадна 2010 оны Оюутны багийн програмчлалын үндэсний олимпиадын хоёрдугаар байр, Их, дээд сургуулиудын Оюутны програмчлалын улсын XX олимпиадын гуравдугаар байрт тус тус шалгарч байжээ.

 

Энэ өдөр мөн"Техник Импорт" ХХК-ийн захирал Д.Ганбатын нэрэмжит сурлагын  шилдэг оюутны шагналыг МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Өнөрмөнх хүртжээ. Түүнд шагналыг нь "Олонлог" сургуулийн захирал Баяржаргал гардуулсан аж. Тэрээр "ABU ROBOCON-2008" үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Мэдээлэл технологийн сургуулийн "Юнител" багаас оролцож, үндэсний аварга, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн есөн жилийн ойд зориулсан "Хүмүүнлэг ирээдүй Оюунлаг хөгжил" Эрдэм шинжилгээний хурлын дэд байрт шалгарч байснаас гадна МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагнал, 2010 оны МУИС-ийн МТС-ийн шилдэг оюутан болжээ. Түүгээр ч барахгүй спортын нэг, хоёрдугаар зэрэгтэй юм байна. Харин Баянхонгор аймгийн Ардчилсан намын нэрэмжит Шилдэг бүтээлч оюутнаар ШУТИС-ийн оюутан Б.Өлзийбат шалгарчээ. Түүнд шагналыг нь Баянхонгор аймгийн ардчилсан намын дарга, Баянхонгор аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Баянхонгор Трейд Центрийн ерөнхий захирал Д.Жаргалсайхан гардуулсан байна.

 

Дашрамд сонирхуулахад, шилдгээр шалгарсан оюутнуудад нэг сая, шилдгийн шилдгээр шалгарсан нэг оюутанд 1.5 сая төгрөгийн шагнал гардуулжээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.