Ц.Даваасүрэн: Жигүүр байхгүй гэж байгаа бол мань мэтийгээ яв гэсэнтэй адил
2010.12.20

Ц.Даваасүрэн: Жигүүр байхгүй гэж байгаа бол мань мэтийгээ яв гэсэнтэй адил

Монгол Ардын Намын байдал түвэгтэй байгаа. МАХН-ын түр штаб гэгчийнхэн тэдний шүдний өвчин болоод байгаа бол "Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс" жигүүрийн талаар намынх нь удирдлагаас таагүй ааш гаргах болсон гэнэ. Жигүүрийн зарим гишүүн ч МАХН-даа үлдэнэ гэдгээ ил mod мэдэгдэх болсон. Энэ талаар Жигүүрийн ерөнхий зохицуулагч Ц.Даваасүрэнгээс зарим зүйл тодрууллаа.

-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх манай намд жигүүр байхгүй гэж мэдэгдсэн. Үүнд та ямар тайлбар хийхвэ?

-Ойлгомжтой хариулт өгөхийг оролдьё. Бид өнөөдрийг хүртэл МАХН-ын бүх зүйл МАН-д уламжлагдан ирсэн гэж ойлгож яваа. Ер нь намын дотоод ардчиллын илрэл болсон жигүүрээ буурин дээрээ үлдээвэл яав ч сайн үр дүн авчрахгүй. Намын дүрмийн дагуу жигүүр зөвхөн гишүүдийн өөрсдийнх нь санаачилгаар эсвэл намын Бага хурлын шийдвэрээр татан буугдах зохицуулалттай юм. Их хурлаар шийдье гэвэл "жигүүртэй байна" гэсэн заалтыг намын дүрмээс хасах ёстой л доо. XXVI их хурлаар энэ заалтад өөрчлөлт оруулаагүй. Тэгэхээр жигүүр МАН-даа үлдсэн гэсэн үг. Харин "Жигүүр байхгүй ээ" гэж байгаа бол мань мэтийгээ яв гэсэнтэй адил сонсогдоно шүү.

-Саяхан танай жигүүрийнхэн хуралдаж олонх нь хуучин намдаа үлдэнэ гэсэн юм биш уу. Жигүүрт байсан зарим хун МАХН-даа үлдэнэ гэж ил тод ярьж байгаа шүү дээ?

-Бид цуглаж, цаашдынхаа ажил төрлийн талаар санал бодлоо хуваалцсан, он гаргаад дахин хуралдана. Одоогоор хоёр тал болоод байгаа зүйл алга. Ганц хоёр хүн өөрийн шийдвэрээ гаргаад МАХН-ын түр хороонд ажиллаж байгаа юм билээ.

-Тэгвэл МАХН-даа үлдэнэ гэсэн хүмүүсийнхээ талаар ямар бодолтой байна вэ?

-Улс орныхоо хөгжил, тусгаар тогтнолын баталгаа болсон улс төрийн энэ том хүчин задарч болохгүй гэсэн хатуу байр суурьтай явдаг хүн, би. Одоо ч тэр байр суурин дээрээ байна. Үзэл бодлын зөрчлөөс  болж задарч, бутарч, бусдын хөх инээдийг хүргэж, идэш болж таарахгүй. Аль аль талаасаа ойлголцох зарчмыг барих ёстой. Өнөөдөр жирийн хүний амьдралд нам ямар ч хэрэггүй болсон цаг гэдгийг сайн ойлгох ёстой. Хуучин цагт бол намын гишүүн биш бол хэн ч биш байлаа. Одоо тэр цаг түүх болсон. Хэд хэдэн батлахтай ч хүн явж л байна. Тиймээс МАХН-даа хайртай гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөөд салах гэж байгаа бол тэднийг яав ч алдаж болохгүй. Тэд эрх мэдэлд хөтлөгдөж биш итгэл үнэмшлээрээ явж ирснийг ойшоохгүй байж болохгүй. Гишүүд, дэмжигчид бол нам оршин тогтнохын гол үндэс суурь гэдэгтэй маргах хүн гарахгүй. МАН тэдний итгэл үнэмшлийг хүлээх ёстой.

 

Манай намын зарим нөхөд 1996-2000 оны хооронд АН-ын туулж өнгөрүүлсэн гашуун сургамжийг давтах гээд байна. Зарим нь ч энэ арга барилд гаршаад байх шиг. Тэр бүтэхгүй. Нам цул, эв нэгдэлтэй байж амжилтад хүрнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.