Ж.Сүхбаатар: Ц.Нямдорж сайдын үйлдэл ёс суртахуунтай холбоотой
2010.05.05

Ж.Сүхбаатар: Ц.Нямдорж сайдын үйлдэл ёс суртахуунтай холбоотой

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригт Ц.Нямдорж сайд та хоёрын хооронд боосон, боолгуулсан гэсэн дуулиан дэгдсэн. Энэ явдал юунаас үүссэн бэ. МАХН-ын бүлгийн 26 гишүүний намын удирдлагадаа илгээсэн шаардлагатай холбоотой юу?

-Гишүүдийн шаардлагатай холбоогүй. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал дээр хуулийн салбарын шинэчлэл олигтой явахгүй байна, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө энэ салбарт таван удаа томилогдож ажиллаад, ажил нь явдаггүй гэж миний хэлсэн үгэнд Ц.Нямдорж сайд дургүйцэж, намайг дайрч довтолсон ёс бус үйлдэл, заналхийлсэн ааш авир гаргасан юм. УИХ-ын гишүүн хүн хэлэх юмаа хэлэх л ёстой. Сайдын тэр үйлдэл тухайн хүний ёс суртахуунтай л холбоотой юм даа.

-Гэрчүүдийн дэргэд энэ явдал болсон гэдэг үнэн үү. Бүр фото зургаар баталгаажуулсан гэсэн?

-Үгүй. Нямдорж гуайн өрөөнд хоёулаа л байсан. Дэргэд өөр хүн байгаагүй.

-МАХН-ын удирдлага гишүүдтэйгээ өнгөрсөн бямба гаригт зангиагүй уулзалт хийхдээ та хоёрын дунд болсон энэ явлын талаар ярьсан юм уу?

-Би Дархан явах шаардлагатай байгаад очоогүй. Ер нь асуудал хөндөгдсөн гэж сонссон. Тэгэхдээ тийм ч хурц яриагүй байх.

-Ер нь МАХН дотор ахмад, залуу гишүүдийн хооронд үл ойлголцол байдаг уу?

-Манай намын хэмжээнд харин гайгүй шүү дээ. Зүгээр УИХ дахь МАХН-ын бүлэг дотор Ц.Нямдорж гуайн зүгээс тиймэрхүү байдал бий болгох сонирхол байдаг нь ажиглагддаг л юм. Уул нь “Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал” ...гэдэг шиг ирээдүй үеэ үл тоон түлхэх гэж оролдвол өөрөө унаад зогсохгүй өрөөл бусдыг ч баллах хорлонтой атгаг санаархал. Тийм биз дээ.

–Нөгөө 26 гишүүний шаардлага руу эргэж оръё. Эрх мэдэлд санаархсан хэсэг гишүүн хоёр дахь ээлж хоолондоо гэдгээр ийм шаардлага тавьлаа гэж танай нам дотроос хэлсэн байсан?

-УИХ дахь МАХН-ын бүлгийн 26 гишүүн гэдэг бол бүлэг дотроо олонх шүү дээ. Бүлэг 46 гишүүнтэй гэхээр 60 орчим хувь нь болж байна. Тэгэхээр төрийн бодлогыг тодорхойлчих хэмжээний дуу хоолой гарчихаж байгаа юм. Гэхдээ асуудлаа төрийн төвшинд биш, намынхаа дотоод амьдралын хүрээнд гаргасан. УИХ-ын 26 гишүүн, тэр тусмаа МАХН-ын бага хурлын 26 гишүүн санал бодол, байр сууриа илэрхийлж намынхаа удирдлагад ийм ийм чиглэлээр анхаарч ажиллах ёстой гэсэн утгатай ажил хэрэгч бичиг шүү дээ. Би үүнийг хувьдаа шахалт бүхий шаардлага гэж үзэж байгаа. Шахалт гэдэг бол заавал цаг хугацаа, болзол нөхцөл тулгах тухай асуудал биш юм. Үүгээрээ нийгэмд, олон түмэнд итгэгдэж дэмжлэгээ дээшлүүлэхийн тулд МАХН өөрийн өмнө нь гаргасан зөв зүйтэй шийдвэрийнхээ биелэлтийг хангаж ажиллах нь чухал байна шүү гэдгийг л сануулж шаардсан хэрэг. Олон түмний хүсэлт хүлээлтийг бид цаашид биелүүлж чадахгүй бол, бодит утгаар нь хэлбэл Монголд хамгийн нөлөө бүхий тэргүүлэгч улс төрийн хүчин болох МАХН-ын иргэдээс хүлээх итгэл дэмжлэг илтэд сулрах байдал үүсч болзошгүй байгаа юм. Тэгвэл сонгуулиар олон нийт бидэнд дүнг маань тааруухан тавьж, хүнд байдалд орж мэднэ. Үүнийг сэрэмжлүүлэх гэж шаардлага хүргүүлснээрээ бид бүхэн сануулга өгсөн гэж үзэж байгаа.

-МАХН-ын нийгэмд үзүүлэх нөлөө их байсан шүү дээ. Ганц удаагаас бусдад нь УИХ-ын сонгуульд ялсаар ирсэн. Тэгж их нөлөөлдөг шалтгаан юу байсан бэ?

-МАХН нийгэмд бодитой жинтэй байр суурь эзэлж байсны хүч чадал юунд байсан бэ гэвэл асуудалд олон түмний эрх ашгийн үүднээс бодитой нухацтай хандаж түүнийгээ ажил хэрэг болгодогт оршдог байсан. Мөн шүүмжлэх юмаа шүүмжилж чаддаг байсан. Үүний бодит төрх нь МАХН-ын XXY их хурал дээр өрнөсөн шүүмжлэл. Нийгэмд, МАХН-д болж бүтэхгүй юу л байсныг тэгэхэд шүүмжилж гаргаж ирсэн. Дүгнэлт хийсэн. Гэтэл өнөөдөр тэр үеийн хурлын шийдвэр бүрэн гүйцэд биелэгдэхгүй байгааг хэн ч няцааж чадахгүй. Яахав ажиллах гэж оролдлого хийж байгаа. Гол нь олон түмэнд наалдацтай байж чадахгүй л байна. МАХН-ын төв удирдлага үүнийг хэрэгжүүлэхийн төлөө биднийг чиглүүлж, манлайлж ажиллах шаардлагатай байна. XXY их хурлын шийдвэрийн цаад гол санаа нь улс төрийн нам, улстөрчдийн хувьд ёс зүйн манлайллаа дээшлүүлж улс төрийн шинэчлэл хийх замаар олон нийтийн итгэл дэмжлэгийг хүлээх ийм том агуулга байсан гэж би хардаг. Өнөөдөр, ялангуяа улс төрийн намын дотоод амьдралд түүнийг хэрэгжүүлэх шаардлага улам бүр их болж байна.

-Ийм шаардлага байгааг та нар өмнө нь олон нийтэд хэлээгүй..?

-Бид энэ шаардлагаа олон нийтэд зориулаагүй юм. Тэр тусмаа хэвлэл, мэдээлэлд хаяглаагүй. Зөвхөн намынхаа дотоод ажил байдалд зориулсан. МАХН өөрөө хамтын удирдлагын зарчим дээр ажилладаг. Энэ нь хамтын оролцоог шаардана. Нийгмийн нөхцөл байдал үнэхээр XXY их хурлын шийдвэрийн биелэлтийг хүлээж байгаа. Өнөөдөр ч тэр шийдвэр хүчинтэй хэвээрээ. Биелүүлж чадахгүй бол бидний олон түмнээс авах үнэлгээ сайнгүй л гарна гэж би хувьдаа боддог. Ийм л бодлоор би шаардлагыг дэмжсэн юм.

-МАХН дотор 26 гишүүний бичгийг таатай хүлээж аваагүй хэсэг бас бий байх аа. Хууль зүйн сайдын авир ч тэрний илрэл байж магадгүй?

-Улс төрийн нам дотор ажил хэрэгч санаа оноо, шүүмжлэлүүд явдаг л даа. Гэхдээ энэ бол арай өөр юм. Цэвэр намынхаа удирдлагатай санаа бодлоо хуваалцах гэсэн л асуудал. Түүнээс биш МАХН-ын шинэ даргад болзол нөхцөл тавиад шаардлага тулгасан явдал биш. Ер нь бол соёлтой хэлбэрээр байр сууриа илэрхийлсэн. Үүнийг хачирхаад байх юм огт байхгүй. Харин олон нийтийн сонирхол татсан байхыг үгүйсгэхгүй. Татах ч ёстой байх. Намын маань бусад гишүүд ч яав, юу болов гэж бодсон байх. Үүнээс болоод МАХН дотроо, бүлэг дотроо бужигнаад байгаа зүйл алга. Улс төрийн намын удирдлагын төлөөллийн байгууллагын төвшинд ажилладгийн хувьд ч, ард түмний төлөөлөгчийн байгууллагад ажиллаж байгаагийн хувьд ч бидний олон түмнээс авч байгаа мэдрэмж, бодол, ажиглалтын санаа ойролцоо байгаа. Үүнийг намын удирдлага бодлого, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх дохио, сигнал болгох байх. Энэ нь хэсэг гишүүдийн ч санаа биш, цаана нь нийгмээс өгч байгаа дохио гэж үзвэл зөв болно. Үүнийг МАХН-ын шинэ дарга хүлээж авч ажиллаасай гэж хүсч байна. Бидний ажил хэргийн санал шаардлага эрүүл үзэгдэл. Бурууг хэн нэг албан тушаалтанд оноож, хаяглаж тохох гэсэнгүй. Алдаа дутагдлыг өөр тийш займчуулах гэсэнгүй. Өөрсдийнхөө сууж яваа машиныг л сайжруулъя гэж байна. Бид МАХН гэдэг машин дотор сууж явна. Энэ машины даац сайжраасай. Мотор нь, жолооч нь сайн байгаасай. Хурдтай байгаасай. Осол аваарт өртөхгүй байгаасай. Зорчигчдоо бүрэн бүтэн авч яваасай гэсэн үүднээс л асуудалд хандаж байгаа хэрэг.

-Тандалт судалгаанаас харахад танай намын чансаа буураад байгаа юм шиг?

-МАХН ер нь болохоо больсон уу, үгүй юү гэдэг нь хэдэн улстөрчийн үг яриа, шүүмжлэлээр хэмжигдэхгүй. Үүнд прагматик хандах ёстой. Харин хүмүүсийн аж амьдралыг сайжруулах гэсэн үнэлгээний дагуу бодитой ажил хийх ёстой. Хийж буй ажлыг нь олон түмэн харж, ойлгож, дэмжиж байх ёстой. МАХН 2010 онд ажлынхаа хурд, эрчийг илүү шинээр нэмэх шаардлага хэзээ хэзээнээс илүү тавигдаж байна. Ирэх намар МАХН-ын XXYI их хурал болбол нам шинэ хүч, уур амьсгалаар сэлбэгдэж, бодитой үнэлгээ дүгнэлт сонсох ёстой гэж бодож байна. Өмнөх их хурал биднийг шинэ хандлага, арга барилаар ажиллахад түлхэц үзүүлсэн. Миний хувьд XXYI их хурлаас харж хүлээж байгаа юм бол МАХН-ын олон түмэн нөхцөл байдалд илүү зөв хариулт өгсөн, намынхаа дотоод амьдралыг эрчимжүүлсэн, идэвхжүүлсэн байдлаар түлхэц үзүүлсэн их хурал болоосой гэж хүсч байгаа. Оюутолгой, Тавантолгойгоороо бусад ажлыг халхавчлаад төр,намынхаа бусад ажлыг мөлийлгөж, гөлийлгөж болохгүй гэж хэлмээр байна. Цаашдаа том үйл хэргийг том амлалгүй явуулж байх хэрэгтэй юм байна. Энэ бол сургамж гэж хувьдаа ойлгосон.

-Өмнөх сонгуулийн амлалт 1,5 сая төгрөгийг хэлж байна уу?

-Шууд утгаараа бол тийм. Ер нь их үйл хэргийг их амлалгүй бүтээдэг гэсэн мэргэдийн сургаал ч бий шүү дээ. Цаашдаа анхаарч ажиллах ёстой юм байна. Том сорилт намын ч, улс орны ч, иргэдийн ч өмнө байна. Улс төрийн намынхаа асуудлыг шийдэхийн зэрэгцээ төрийн захиргааны удирдлагыг сайжруулах зэрэг зөндөө асуудал бий. Засаг захиргааны шинэчлэлт гэхэд УИХ, Засгийн газрын төвшинд явахгүй байсаар л байна. Ингэд үзвэл хийх ажил их юм. Ярих сэдэв ч тодорхой. Их олон талаас шүүмжлэл өрнүүлээд байх шаардлага алга. Одоо л гэхэд засаг захиргааны шинэчлэлт, бизнесийн орчныг сайжруулах, улс төрийн тогтолцооны шинэчлэлт, улс төрийн намын дотоод шинэчлэлт гээд энэ бүх зүйлийг агуулгаар нь явуулж хийх бодитой шаардлага үүсээд байна. УИХ-ын дараагийн сонгууль хоёр жилийн дараа болно. Одооноос иргэдийн итгэл суларвал сонгуулиар юмыг яаж мэдэх вэ, хүнд байдалд орж мэднэ шүү дээ. Үүнийг анхааруулах гэж шаардлага хүргүүлснээрээ хүнд байдлаас сэрэмжлүүлэх сануулга өгсөн гэж үзэж байгаа.

-“Ардчилал-шинэчлэл, Уламжлал-шударга ёс” жигүүрийнхэн бас яг ийм шаардлагыг МАХН-д тавьж байсан. Үүнийг та 26 үргэлжлүүлж байгаа гэж үзэж болох уу?

-Жигүүр бол МАХН-ын бүтцийн байгууллага. Түүнийхээ хувьд урьд өмнө шаардлага тавьж байсан. Бусад гишүүдээс ч шаардлага гарч байсан. Тэр бүхэн нийлээд л, намын хамт олон ч үүнийг зөвшөөрөөд МАХН-ын XXY их хурал дээр ярьж, намын шинэ удирдлага ч бий болж байсан. Жигүүр XXY их хурлын шийдвэрийг хангуулах шаардлагыг оны өмнө тавьсан л даа. Тулгамдсан зүйлс байгааг тэд сануулсан. Би өөрөө жигүүрийн гишүүн биш ч шаардлагыг зөв зүйтэй гэж хүлээж авч байсан. УИХ-ын гишүүд шаардлага хүргүүлэх нь онцгой ач холбогдолтой. Ингэснээрээ МАХН улс төрийн утгагүй бужигнаанд орж байгаа юм биш гэдгийг эцэст нь хэлье. Хуучин цагийнхаар бол өөрийн санал шүүмжлэл л өрнүүлж байна. МАХН-ын их хурлын шийдвэр бол зүйрлүүлэхэд намынхаа хувьд УИХ-аас гаргаж байгаа шийдвэр. Намын дарга, удирдах зөвлөл бол Засгийн газар гэсэн үг. Шийдвэрийн биелэлтийг тэд зохион байгуулж ажиллах ёстой. Бид ч чармайж чардайж ажиллах ёстой. Бид бол намын хамт олнооосоо намын бага хуралд сонгогдсон хүмүүс. Зарим нь удирдах зөвлөлд байна. Үүгээрээ хамтын хариуцлага хүлээх ёстой. Энэ үүднээс удирдлагадаа чиглэл болгох, сануулж мэдрүүлэх гэж шахалт шаардлага хүргүүлсэн. Тэрнээс дуулиан тарих гэсэн юм биш.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.