Ж.Сүхбаатар: Ц.Нямдорж ёс зүйгүй авирласан нь үнэн, гэхдээ үүнийг дэврээх сонирхол надад алга
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын хооронд өнгөрсөн баасан гаригт болсон "явдлын" талаар хэвлэл, телевизээр янз бүрээр мэдээлж байна. Бид үүнийг Ж.Сүхбаатар гишүүнээс өөрөөс нь тодрууллаа. Тэрбээр болсон явдлыг дэврээж, шуугиан дэгдээн, албан ёсоор тайлбархийхийг хүсэхгүй байв.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт Төрийн ордон дахь өрөөндөө Таныг дуудаад маргаж, биед чинь гар хүрсэн гэж байна. Ийм явдал үнэхээр болсон юм уу?
-Хувь хүний ёс суртахуунтай холбоотой хэрэг болсон. Гэхдээ зодсон, зодуулсан гэж хэлэхэд ч хаашаа юм. Энэ тухай Ц.Нямдорж сайдаас асуусан нь дээр.
-Гэхдээ боосон, боолгуулсан гээд байгаа хоёр хүний нэг нь та шүү дээ. Тийм болохоор ийм явдал болсон, эсэхийг л тодруулах гэсэн юм.
-Тийм явдал болоогүй гэж хэлмээргүй байна. Тэгвэл худлаа болно. Бас болсон ч гэж хэлмээргүй байна. Болсон гээд албан ёсоор мэдэгдчихвэл тэр хүн асуудалд орно. Гэхдээ надад наад нөхрөөс чинь айх ч юм байхгүй л дээ.
-Та Ц.Нямдорж сайдыг шүүмжилсэн нь түүний дургүйг хүргэсэн гэж сонинд бичсэн байна л даа. Шалтгаан нь юу юм бэ?
-Хуулийн салбарын шинэчлэлийн асуудлаар би сүүлийн үед нэлээд дуугарч байгаа шүү дээ. Энэ талаар өөр хүмүүс ч шүүмжилж л байдаг. Гэтэл Ц.Нямдорж сайд миний үгийг яагаад ч тэгж эмзэг хүлээж авсан юм, бүү мэд. Өөр хувийн асуудал байхгүй.
-Таны бие одоо гайгүй юү?
-Гайгүй ээ. Ер нь тэр явдал хоёр хүний лхоорондын хэрэг. Хуульч хүмүүс учраа олох байх. Би ёс суртахуунгүй авир гаргаагүй, настай хүнийг яах вэ дээ. Ер нь бид хоёрын хооронд ийм асуудал одоо л болж байгаа биш.
-Сайд ёс зүйгүй зан гаргасан учраас Та УИХ-ын гишүүний Ёс зүйн дэд хороонд гомдол гаргах уу?
-Яах юм. Ёс зүйгүй авирласны хувьд тэр хүнд анхаарах юм бий. Гэхдээ надад энэ асуудлыг дэврээх сонирхол алга. Харин Ц.Нямдоржид дургүй хүмүүс үүнийг шүүрч авч, дэврээх сонирхолтой байгаа байх.