Ж.Сүхбаатар: Нам шударга бус зүйлтэй тэмцэх ёстой гэж шаардлага хүргүүлсэн
2010.04.26

Ж.Сүхбаатар: Нам шударга бус зүйлтэй тэмцэх ёстой гэж шаардлага хүргүүлсэн

УИХ дахь МАХН-ын бүлгийн 26 гишүүн намынхаа удирдлагад шаардлага хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас энэ талаар тодруулав.

-Танай бүлгийн зарим гишүүд намынхаа удирдлагад шаардлага хүргүүлсэн. Ямар учиртай юм бэ?

-Парламентад суугаа нэр бүхий гишүүд хувьсгалт намын 25 дугаар их хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, улстөрийн бодлого талаас нь анхаарах шаардлагын үүднээс намын удирдлагад хандсан. 25 дугаар их хурлаас гаргасан шийдвэр нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой байсан юм. Өнөөдөр биелэлтийг нь хангах ажил намын өмнө тулгамдсан асуудлыг нэг болчихоод байна. Тиймээс улстөр бизнесийн бүлэглэлүүдийн сүлжээг таслан зогсоох, намын боловсон хүчнийг сонгоход дотоод ардчилал бий болгох, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх гэх мэтийг шаардлагад багтаасан. Ер нь, улстөрийн хүрээнд байгаа явцуу эрх ашиг, ялзрал, ёс суртахууны доройтлын эсрэг арга хэмжээ авах цаг нь болсон шүү дээ. Нийгмийн байдал тийм ч сайн биш байна. Ядуурал, тэгш бус байдал газар авч хүрээгээ тэлсээр байгаа. Энэ нь улстөрийн бодлого буруу байгаа гэсэн үг. Авлига их байгаа нь хууль журамдаа хариуцлага тооцдог механизм оруулж өгөөгүйтэй холбоотой. Эл асуудлуудыг хэлтэй амтай хүн бүхэн ярьсаар байхад улам л хүрээгээ тэлж, өргөжсөөр байна. Ийм учраас нам үүнтэй л тэмцэх хэрэгтэй гэсэн шаардлага хүргүүлсэн.

-Бүлгийн гишүүд шаардлага хүргүүлэх талаар ярилцаж шийдсэн үү?

-Үгүй. Нийлж суугаад яриагүй. Бусад гишүүдийн хувьд ямар байр сууринаас хандаж байгааг хэлж мэдэхгүй юм. Миний хувьд Н.Ганбямба гишүүнтэй ярилцаж, болж бүтэхгүй асуудалд цэг тавих хэрэгтэй, зөв зам руу орох цаг болсон гэж үзэн тухайн бичигт гарын .үсэг зурсан.Ер нь намынхаа шинэ удирдлагад ийм асуудлыг цэгцэл, 25 дугаар их хурлаас гарсан шийдвэрээ хэрэгжүүл гэж шахалт үзүүлж, шаардаж л байгаа хэрэг. Бид али-ваа асуудлын талаар чамгүй их ярилаа. Дахиад өөр зүйл ярьж, цэцэн мэргэнээ шалгаруулах гээд яах вэ. Эхний зорилтоо хэрэгжүүлчихээд дараа нь шинэ зүйл рүү тэмүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Намын дотоод шинэчлэл хийгээд, дараа нь нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлтэй тэмцэх хэрэгтэй. Үүнийг намын удирдлага зохион байгуулж, чиглүүлэх үүрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.