Төрийн албаны гавьяат ажилтан цол бий болгох асуудлыг бүлгийн гишүүд дэмжсэнгүй
2009.12.14

Төрийн албаны гавьяат ажилтан цол бий болгох асуудлыг бүлгийн гишүүд дэмжсэнгүй

УИХ дахь МАХН-ын бүлгийн өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар зарчмын хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэх асуудлыг чиглэл чиглэлээр нь багцлан 20 гаруй дэд бүлэг байгуулан ажиллах журмыг баталсан юм. Тухайлбал, засаг захиргааны шинэчлэл, бүтцийн өөрчлөлт, орон нутагт төсвийн мэдэл олгох асуудлыг нэг багц, сонгуулийн шинэчлэлийг нэг багц, томоохон төсөл буюу том ордуудын асуудлыг нэг багц, нийгмийн шинэчлэлийг нэг багц, монгол мах, түүхий эд боловсруулах, борлуулах асуудлыг нэг багц, дэд бүтцийн асуудлыг нэг багц гэх мэтээр чиглэл чиглэлээр нь багцлан дэд бүлгүүд хариуцан ажиллахаар боллоо. Өнөөдрөөс эхлэн дэд бүлгүүд ажилдаа орох бөгөөд ахлагчаа өөрсдөө сонгож эхлээд байна. Дээрх асуудлуудаас эн тэргүүнд шийдлээ хүлээн байгаа нь гэвэл хот суурингийн утаа, төсвийн шинэчлэл, хот байгуулалт, томоохон ордуудыг тойрсон асуудлууд юм.

Түүнчлэн хэлэлцсэн дараагийн асуудал бол Төрийн албаны гавьяат ажилтан цол тэмдэг бий болгох тухай асуудал байлаа. Уг асуудлыг өнгөрсөн парламентын үед хуулийн төсөл болгон УИХ-д оруулж ирсэн бөгөөд хариуцсан Байнгын хороо руу нь хэлэлцүүлэхээр буцаасан юм билээ. Уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө бүлэг дээрээ ярьдаг зарчмыг баримталж энэ асуудлыг оруулж ирсэн болохоос биш би санаачлаагүй гэдгээ асуудлыг танилцуулсан Ж.Батсуурь гишүүн тайлбарлаж байлаа. Ингээд дарга нар өөрсөддөө зориулж ийм гавьяа шагнал бий болгож байгаа юм шиг олон нийт таагүй хүлээж авна. Тэгээд ч шагнал багадаагүй, хэт хавтгайрч байгааг харин яаж цэгцлэх вэ гэдгийг ярих ёстой болохоос нэмж шагнал бий болгох нь зохисгүй гэж ихэнх гишүүд үзэж уг асуудлыг хойш тавьлаа. Үндсэндээ өнгөрсөн жил санаачилсан гишүүдэд нь төслөө буцааж татаж авах санал тавихаар болсон юм.

Дараагийнх нь ухаалаг үнэмлэхийг тойрсон асуудал байв. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар уг асуудлыг судлах Түр хороо байгуулахаар шийд гарсан. МАХН-ын бүлгийн Түр хороо байгуулагдсан бөгөөд АН-ын бүлгийн Түр хороотой уулзан бүрэлдэхүүнтэй танилцахаар боллоо. Мөн Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар үдээс хойш дахин хуралдахаар болсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.