Шинэ Хөдөлмөрийн баатар төрлөө
2009.09.18

Шинэ Хөдөлмөрийн баатар төрлөө

2009 оны 9 дүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар, Италийн Милан хотноо болсон Богсын ДАШТ-нд амжилттай оролцон эх орондоо алт, мөнгө, хүрэл медаль авчирсан тамирчдад шагнал гардууллаа.

Эхлээд Монгол Улсын боксын гурван удаагийн аварга, 2007 оны Ази тивийн аварга, 2008 оны Олимпийн мөнгөн медальт, 2009 оны дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа дэлхийн аварга хэмээх эрхэм дээд алдрыг эх орондоо авчирсан олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавъяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамбад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдэгээр шагнав.

Дараа нь Италийн Милан хотноо болсон 2009 оны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, бага залуу насандаа спортын гайхамшигтай амжилт гаргасныг нь үнэлж Монгол Улсын 2009 оны боксын аварга, Ази тивийн аваргын хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамичрин Нямбаярын Төгсцогтод Монгол Улсын гавъяат тамирчин цол, мөн Монгол Улсын боксын аварга шалгаруулах тэмцээний 8 удаагийн аварга, 2008 оны Дэлхийн боксын цомын аваргын мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн тамичрин Уранчимэгийн Мөнх-Эрдэнийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагналаа.

Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч шинэхэн Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбад амжилтаа улам илдүү бататгахыг, Ш
инэхэн гавъяат Н.Төгсцогтод улам сайн хичээхийг, харин шинэхэн одонгоор шагнагдсан У.Мөнх-Эрдэнэд дэлхийн аваргын орон зай хүлээж буйг нь сануулж амжилт хүслээ.

Ерөнхийлөгч үгэндээ: “Энэ амжилтад хүрэхийн төлөө хөлс хүч, авхаалж самбаагаа бүрэн дүүрэн дайчилсан нийт тамирчид, багш дасгалжуулагчид Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Энэ амжилтын ард монголын боксын нэгэн жарны түүх байгаа. Мөн Монголын боксын төлөө зүтгэсэн, бүхий л амьдралаа зориулсан ахмад, дунд үеийнхний мөрөөдөл, ард түмний маань хүсэл эрмэлзлэл байсныг бас тэмдэглэе.

Та бүхний үзүүлсэн энэхүү амжилт бол саяхан жудо бөхийн анхны дэлхийн аваргатай болсон Монголчуудын баяр бахдлыг улам бадраасан. Мөн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байгаа манай баг тамирчдад илүү урам зориг, ялан дийлэхийн итгэл найдвар өгч буй гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.