Ц.Элбэгдорж энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монгол цэргүүдийг шагналаа
2009.08.24

Ц.Элбэгдорж энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монгол цэргүүдийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр БХЯ болон Зэвсэгт хүчний жанжин штабд ажиллалаа.


Тэрээр эхлээд, Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын цэргийн багийн 7-р ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Батсуурийн Эрдэнэбат, ЗХЖШ-ын Удирдлага, холбооны газрын мэдээллийн аюулгүй байдлын албаны дарга, нууцын горимын мэргэжилтэн, дэд хурандаа Лувсаншаравын Дашсодном нар “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнагдаж, “Цэргийн хүндэт медаль”-иар 4, “Энхийн төлөө” медалиар нийт 186 офицер, ахлагч, гэрээт цэргүүд энгэрээ мялаалаа.

Өнөөдөр шагнагдсан 7-р ээлжийн цэргийн багт зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд болон дотоодын цэрэг, хил хамгаалах ерөнхий газраас шалгарсан 250 офицер, ахлагч, гэрээт цэргүүд багтаж үүргээ нэр төртэй гүйцэтгээд иржээ. Тэд Сьерра леон дахь НҮБ-ын тусгай шүүх болон урьдчилан хорих байрны хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн юм.

Манай улсын зэвсэгт хүчин Сьерра Леон дах НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2006 оны 1-р сараас хойш оролцож байна. Өнөөдрийн байдлаар 4 тивийн 9 улсад цэргийн ажиглагч, цэргийн багаа оролцуулж байна. Энэ намар мөн Афганистан, Чад улсуудад монголын цэргүүд үүрэг гүйцэтгэхээр явах шийдвэр гараад байгаа билээ. Тухайлбал Чад улсад 800 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх удаа батальоны түвшинд үүрэг гүйцэтгэх гэж байна.

Хүлээсэн үүрэг даалгавараа амжилттай биелүүлээд өчигдөрхөн эх орондоо ирсэн офицер ахлагч, цэрэг дайчдад Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлж үг хэлэхдээ, “Өнөөдөр Монголын ард түмэн Зэвсэгт хүчнийхээ НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын хүмүүнлэгийн бусад ажиллагаанд оролцож байгаагийн үр шимийг зөвхөн цэрэг, батлан хамгаалах хүрээгээр хязгаарлагдахгүй гадаад харилцаа, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт ч хүртэх болно. Энэ үүднээс авч үзвэл Та бүхэн цэрэг эрсийн ёсоор хилийн чанадад үүрэг гүйцэтгээд ирснээр зогсохгүй эх орныхоо хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулж байна гэж ойлгох ёстой” хэмээн онцлон тэмдэглэлээ. Медаль гардуулах ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар болон НҮБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч хатагтай Дебора Комини болон АНУ, ОХУ, БНХАУ, БНФУ-ын элчин сайдын яамдын цэргийн атташе нар мөн оролцлоо.


Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Батлан хамгаалах салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсч, зарим асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, батлан хамгаалах салбарын зээл тусламжийн асуудал, төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалт хяналт, дайчилгааны нөөцтэй холбоотой асуудал, мөн орон нутаг дахь зэвсэгт хүчний шинэчлэл, батлан хамгаалах салбарын боловсон хүчний бодлого, цэрэг офицеруудын ар гэр нийгмийн асуудал зэргийг хөндөж ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц. Элбэгдорж Батлан хамгаалах салбарын сайд, удирдлагуудад хандан зарим үүрэг чиглэлийг өгсөн юм.
Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын Зэвсэгт хүчин цомхон, чадварлаг, мэргэжлийн болох, олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөх зорилтыг биелүүлэхэд энэ салбарын үе үеийн удирдлага та бүхний үүрэг их.
Өнөөдөр төрийн цэргийн бодлогын үндэс цаг үеийн шаардлагаар өөрчлөгдөх болж байна. Зэвсэгт хүчний өмнө тавигдаж байгаа шаардлага уламжлал шинэчлэлээ хэрхэн хослуулах ёстой вэ гэдгийг бид бодолцох хэрэгтэй. Үүргээ нэр төртэй сайн гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа харуулж байгаа цэргийн албан хаагчийг бид дэмжиж, дэвшүүлж ажиллуулах бодлого барьж байна. Өнөөдөр зэвсэгт хүчний эгнээг чадвартай, өндөр боловсролтой залуу хүнээр сэлбэхэд чиглэлийн их дээд сургуулиудын үүрэг их. Зэвсэгт хүчний шинэчлэлийг зөвхөн төвлөрсөн газруудад биш, хөдөө орон нутагт хийх нь чухал. Бид албан хаагчидын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө байна.

Энэ салбарын хамт олон гадаад хамтын ажиллагааг тодорхой амжилтанд хүргэснийг үнэлж байна. Цаашдаа ч яаж өргөжүүлэх вэ гэдгээ улам тод томруун тодорхойлох болж байна. Гамшиг тохиолдсон үед ОБЕГ гэх мэт бусад мэргэжлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг зорилтондоо тусгаарай. Саяхан Батлан хамгаалах сан байгуулагдаж эрхзүйн орчин нь бүрдэж байна. Энэ сангийн зарцуулалт хяналт ил , тод байх ёстой. Чих халууцуулсан зүйл байж болохгүй.
Хамгийн гол нь улс нийгмийн өмнө тавигдаж байгаа зорилттой Батлан хамгаалах салбарын зорилт хэрхэн яаж уялдах вэ гэдгийг та бид харах ёстой юм. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс салбарт тулгамдаж байгаа асуудлыг аль болох хурдан шийдэж, урт настай бодлого хэрэгжүүлж ажиллах болно” гэлээ.

Батлан Хамгаалахын Сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн удирдлаган дор Монгол улсын цэргийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын тавцанд нэр хүндийг өргөх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.