Ахмад дайчдад тэтгэлэг олголоо
2009.08.21

Ахмад дайчдад тэтгэлэг олголоо

Халхын голын ялалтын 70 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг ойн баярын үеэр зохион байгуулах ажлын бэлтгэлийнхээ талаар ярилцсан юм. Дайны гал дүрэлзэж асан газруудаар Монгол, Оросын залуучууд аялж буй. Тэдгээр залуус энэ сарын 26-нд Улаанбаатарт ирж, албан ёсны арга хэмжээнүүд эхлэх аж. Энэ үеэр Жуков, Дандар, Лхагвасүрэн зэрэг баатруудын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм.

Халхын голын ялалтын түүхт ойд зориулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь амьд сэрүүн байгаа ахмад дайчдад тэтгэлэг олгох. Дайнд оролцсон нийт 126 ахмад дайчин байдгаас нийслэлд 82 нь амьдарч байна. Эдгээр ахмад дайчдын 102 нь байр болон түүнтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг аваад байгаа бөгөөд зарим ахмадуудад 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Мөн ойд зориулсан хүндэтгэлийн буудлага /энэ лхагва гариг буюу наймдугаар сарын 26/ Дарь-Эх, Тасганы овоо, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн гэсэн гурван газарт тус бүр таван минутын хугацаатай үргэлжилнэ. Үүнээс гадна Сүхбаатарын талбайд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн театр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Улаанбаатар чуулга зэрэг соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид цэрэг, эх орны сэдэвтэй уран бүтээлээр ая дуугаа өргөх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.