Шинэ цагийн генералууд төрлөө
2009.08.13

Шинэ цагийн генералууд төрлөө

МУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажавт дэслэгч генерал цол, ЗХЖШ-ын дэд дарга Б.Баярмагнайд бригадын генерал цол олголоо.


Шинээр цол авч байгаа генералуудтай уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЗХЖШ-ын дарга нарт зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд амжилт олно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, дэлхийн өндөр техник, технологи хөгжсөн улс орнуудад бэлтгэгдэж байгаа залуу офицеруудаар армийн эгнээг өргөтгөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Мөн Монгол улсын нэр төрийг өндөрт өргөн НҮБ-ын энхийг сахиулах хүчний үйлсэд гар бие оролцсон байлдагч, офицеруудыг “манай үеийн баатрууд” хэмээн онцлон дурдаад тэдний дундаас бригадын генерал төрсөнд баяртай байна гэлээ.

Уулзалтын үеэр ЗХЖШ-ын дарга нар итгэл найдвар хүлээлгэсэн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид талархсанаа илэрхийлээд НҮБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагааны хүрээнд өмнө нь гүйцэтгэж байсан үүрэг болон удахгүй дахин албан үүрэг авч байгаа талаараа танилцууллаа.

Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулах “цэнхэр дуулгатнууд”ын эгнээнд манай 153 дайчид удахгүй алба хаах бөгөөд Африк тивийн Чад улсад 800 хүнтэй бие даасан бүрэлдэхүүн очиж томоохон үүрэг гүйцэтгэх болж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр мэдээллийг сонсоод хэлэхдээ: Би НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзах үеэрээ цаг уурын эрс тэс уур амьсгалд амьдардаг монголчуудын хувьд халуун, хүйтэн ямар ч нөхцөлд алба үүрэг гүйцэтгэх чадвартайн дээр монголчууд эрт үеэсээ цэрэг эх оронч үүрэг гавьяагаараа ямагт бахархаж байдаг уламжлалтай ард түмэн гэдгийг онцлон хэлж байсан юм” гэлээ.

Шинэ төрсөн генералууд Эх орныхоо төлөө зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байхаа дахин илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.