Д.Оюунхорол: Намаас үүрэг хүлээлгэвэл татгалзахгүй
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Ойрын үед танай намын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагыг солих шаардлагатай гэх мэдээллүүд олонтаа гарах боллоо. МАСЭХ-ны даргад өрсөлдөх кандидатуудын таамаглалд таны нэр дуулдаж байна. Та өөрөө энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-МАХН-ын Удирдах зөвлөлөөс МАХН-ын их хурлын өмнө намын дэргэдэх ТББ-уудын хурлыг хийх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу залуучуудын байгууллага маань ч хуралдсан. Эмэгтэйчүүдийн байгууллага удахгүй хуралдаж шинэчлэлийн асуудлыг намынхаа бодлогын хүрээнд ярих байх. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эмэгтэйчүүдийн байгууллагын даргын асуудлаар таамаглал дэвшүүлж, дунд нь миний нэр дуулдаад байгаа болохоор та энэ тухай асууж байх шиг байна. МАХН-д шинэчлэл хийх ёстой. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн байгууллага ойрын үед хуралдаж, шинэчлэлийг яаж хийх талаараа ярилцах гэж байгаа. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага өөрийн гэсэн дүрэм журамтай. Гэхдээ бусад ТББ-ын адил бие даасан бүтцээр ажилладаггүй. Намын бодлого, зорилго, чиглэлийг дүрмийнхээ хүрээнд хэрэгжүүлж ажиллах ёстой.
Дүрмийнхээ дагуу хуралдаад, хэрэв удирдлагыг өөрчлөх тухай яривал МАХН-ын дарга саяхан хуралдсан залуучуудын байгууллага шиг нэр дэвшүүлж саналаа оруулдаг. Түүнийг нь хурлаар хэлэлцээд шийдвэрээ гаргана. Тиймээс энэ талаар үүнээс илүү тодорхой хариулт хэлэхэд эрт байна. Намын бодлогоо л дагах байх.
-Хэрэв намын дарга таны нэрийг оруулбал МАСЭХ-ны даргын ажлыг хүлээж авахад та бэлэн байна уу. Эсвэл татгалзах шалтгаан бий юү?
-Сүүлийн арав гаруй жил улс төрд эмэгтэйчүүдийг төлөөлөн идэвхтэй оролцон дуу хоолойгоо явна даа. Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагас нь эмэгтэйчүүд байна. Монголын нийт сонгогчдын 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоо нь хангалтгүй байна. Тиймээс эмэгтэйчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх шаардлагатай байна. Надад намаас ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээлгэвэл татгалзах зүйл байхгүй. Улс төрийн гал тогоонд тодорхой хугацаанд чанагдаж байгаагийн хувьд мэдлэг боловсрол, чадвар, туршлагаа олон нийттэй хуваалцахаас хойш суух сэтгэл алга.
-Та халуун улс төр дунд, чуулганы танхимд суугаа гуравхан эмэгтэй гишүүний нэгний хувьд эмэгтэй гишүүдийн квотын талаар ямар бодолтой байдаг вэ. Жендерийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас байнга хойшлуулаад байдгийг улстөрч эрчүүдийн амбицтай холбоотой болов уу гэж харддаг?
-УИХ-аар Жендерийн тэгш эрхийг хангах тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Уг нь олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан сайн хуулийн төсөл боловсруулсан юм билээ. Тиймээс дэмжих хандлагатай байгаа. Улстөрч эрчүүд энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ ямар асуудал дээр нь эргэлзээд байна вэ гэвэл “УИХ-ын нийт гишүүдийн 30 хувь нь эмэгтэй хүн байна” гэсэн квотын тоог хүлээж авахгүй байгаа юм. Заавал яагаад 30 хувь байх гэж, ийм тооны бэлтгэгдсэн эмэгтэйчүүд байна уу, энэ заалтыг батлах цаг үе нь мөн үү, биш үү. Сонгуулийн өнөөгийн тогтолцоогоор явахад сонгогчид хэдэн эмэгтэйг сонгож байгаа билээ гэсэн асуудлуудыг ярьдаг. Гэхдээ энэ квотыг дэмждэг, эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүргийг үнэлдэг, жендерийн мэдрэмж сайтай гишүүд олон бий. Ямар ч байсан энэ хуулийг батална гэж найдаж байгаа.
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ талаар ямар заалт оруулсан бэ?
-Би энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Үүнд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 15 хувь байхаар оруулсан. Нам бүрээс 15 эмэгтэй нэр дэвшихэд нийт дүнгээрээ УИХ-д 40 орчим хувьтай болох боломжтой гэж хэлж болно.
-Танай намын хувьд Ардчилсан нам дахь эмэгтэйчүүдийг бодвол УИХ-ын болон орон нутгийн сонгууль, Засгийн газрын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нь сайн байгаа. Энэ нь тус байгууллага гэхээсээ илүү хувь хүний үнэлэмж, амбицтай холбоотой гэдэгтэй та санал нийлэх үү?
-Сүүлийн 10 гаруй жилд Монголд үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн байгууллагууд сайн ажиллаж байна. Улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэм дэх байр суурийг тодорхойлоход түлхэц өгөх олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж үр дүнд хүрлээ. Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж тодорхой квот тогтоож чадсан. Манай эмэгтэйчүүд ч хувь хүн талаасаа, боловсрол мэдлэг талаасаа ч үнэлэмжээ дээшлүүлж байгаа нь харагддаг. Манай намын анхан шатны байгууллагад л гэхэд 32.2 хувь нь эмэгтэй дарга байна. Бүх шатны намын байгууллагад ажиллагсдын 35 орчим хувь нь, нийт намын гишүүдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Намын нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн томилогдсон. Гэхдээ дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүдийн талаар баримталж буй бодлоготой харьцуулбал улс төрд байгаа эмэгтэйчүүдийн оролцоо буурсан. Манай улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо Арабын “алчууртай эмэгтэйчүүд”-ээс дордсон. Тухайлбал, 2000 онд УИХ-д есөн эмэгтэй гишүүнтэй байсан бол 2008 онд нам бүр нэр дэвшигчдийнхээ 15-20 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн ч одоо гуравхан эмэгтэй гишүүнтэй байна. Энэ нь парламент дахь эмэгтэйчүүдийн хувь ердөө 3.4 хувийг эзэлж байгаа хэрэг юм. Бусад оронтой харьцуулбал сүүл мушгиж байна. Энэ тоог өсгөх чиглэлээр намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага онцгой анхаарч, улс төрч эмэгтэйчүүдийнхээ имижийг өөрчилж гаргаж ирэх талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй.
-Тухайлбал, улстөрч эмэгтэйчүүдийн имижийг яаж гаргаж ирвэл нийгэмд нөлөөлөх бол?
--Ер нь “Эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоо нийгмийн хөгжил дэвшлийг хангахад манлайлагч нь байна” гэсэн мессежийг нийгэмд өгөх ёстой. Эмэгтэйчүүдийн байгууллага хурал, семинар хийхээрээ л жендерийн асуудал ярьдаг ганцхан сэдэвтэй байвал сонгогчид хэзээ ч хүлээж авахгүй. Үүнийг би улс төрд 15 жил явж байгаагийн хувьд бодитойгоор олж харсан. Хүүхнүүд цуглахаараа л дарга болох тухайгаа ярьдаг, хувийн эрх ашгаа боддог гэж шүүмжлэх хүн олонтаа таардаг. Тиймээс намын дэргэдэх болон бусад эмэгтэйчүүдийн ТББ-ууд нийгэмд тулгамдсан тодорхой сэдвийг барьж аваад, түүнийгээ шийдвэрлүүлэхийн төлөө эцсээ хүртэл явж чаддаг байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр эмэгтэй хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар одоогийнхоос тэс өөр менежмент хийх цаг үе, нөхцөл байдал шаардаж байна. Эмэгтэй хүний зан төлвийг эрх чөлөөнийх нь хүрээнд авч үзэх хандлагатай байдаг. Энэ нь голдуу уламжлалтай уялдан илэрдэг учраас энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр эмэгтэй хүн гэр бүл, нийгмийн хөгжлийн жирийн нэг гүйцэтгэгч биш болсон. Бие даасан, идэвхтэй, үнэ цэнэтэй гишүүн болчихоод байгааг бүгд харж байна. Тэр имижийг нь илүү тод харуулах шаардлагатай. Эмэгтэй хүн хийж байгаа ажил болгондоо сэтгэлээ шингээж чаддаг, байнга шинийг эрэлхийлж чаддагаараа онцлогтой. Үүгээрээ үнэлэмж нь дээшилж байдаг.
-МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллага саяхан нэрээ өөрчиллөө. Эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд социалист гэдэг тодотголоос салж, таны хэлсэнчлэн ардчилал, эрх чөлөө талаас нь тусгаж нэрээ өөрчлөх болов уу. Энэ талаар та болон танай намын бүсгүйчүүд ямар саналтай байдаг бол?
-XXI зуунд дэлхий дахинд даяаршил өөрчлөлтийн үйл явц хурдасч байгаа. Үүнтэй холбоотойгоор улс төрийн бодлого нь ч өөрчлөгдөж байгааг хамтарсан Засгийн газар байгуулагдсан болон бусад үйл явдлаас бид харж байгаа. Улс төрийн соёлтой болж, намууд улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах нь чухал гэсэн байр суурин дээр нэгдэж байгаа нь дэвшилттэй тал. МАХН яагаад нэрээ солих талаар ярьж эхлэв гэхээр дэлхий нийтийн хандлага ерөөсөө тэр зүгт явж байгаатай холбоотой. Үүнтэй холбоотой олон жишээ дурьдаж болно. Эцсийн үр дүнд надад юу бодогддог вэ гэвэл нэг талаас хүний хөгжлийг дээдэлсэн хүн төвтэй хөгжлийн бодлогыг л ярих ёстой. Нөгөө талаас шинэ институцийн асуудлыг ярих ёстой. Зөв институцийг бүрдүүлэхгүйгээр хүний хөгжил, эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангаж чадахгүй гэдгийг дэлхийн орчин үеийн судлаачид байнга бичиж байна. Энэ талаасаа улс төр прагматик шинжтэй болох ёстой. Хэдийгээр ингэж ярьсаар удаж байгаа ч үр дүн муутай байна. Ядуурлын түвшин 36 хувиасаа “хөдлөөгүй” хэвээрээ. Нийгмийн халамжийн чиглэлээр зарцуулсан мөнгө сүүлийн 15 жилд хэд дахин өссөн. Гэтэл энэ хэмжээгээр хүмүүсийн амьдралын түвшин, чанарт өөрчлөлт гарсан уу гэвэл эргэлзээтэй байна. Үүнийг зөв олж харж шинэчлэл хийх ёстой.
-Та өөрөө социалист нийгмийн бүтээгдэхүүн. Харин өнөөдөр энэ үгнээс жийрхээд байгааг та юу гэж боддог вэ. МАХН-ын Бага хурал саяхан болж, намынхаа нэрийг солих талаар ярьж байсан. Танд ямар санагдав?
-Ер нь ардчилсан социалист үзлийг МАХН сонгож “Соц-Интерн”-д элссэн. Энэ нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал учраас үүнийгээ тодотгож шинэчлэлээ хийх нь зүйтэй байх гэж боддог. Ардчиллын үнэт зүйл аугаа өргөн учраас шинэчлэл хийхдээ энэ чанарыг заавал хадгалах учиртай. МАХН-д шинэчлэлд хийхдээ дэлхий нийтийн хандлагыг дагаж, улс орны ирээдүйн хөгжлийг томоор харж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлууддаа зөв хариулт өгч чадсан шинэчлэл хийх ёстой. Орчин үеийн зүүн төвийн үзэлтэй намын хувьд социал демократ үзлийг агуулгаар нь баяжуулж шинэчлэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Нийгэм биднээс нийгмийн өмнө, хуулийн өмнө тэгш эрхтэй байх шударга ёс, хариуцлагатай байдлыг шаардаж байна. Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчмуудаар удирдлага болгосон бодлого нь Монгол оронд ардчилсан хүмүүнлэг, тогтвортой хөгжлийг бий болгож чадна. Манай нам энэ ардчилсан социалист үзлээ тодорхой болгосон.
-Ийм өөрчлөлтөөс гадна намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын боловсруулсан тунхаг, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн санаа бодлыг оруулж ирсэн. Та энэ хоёр даргын аль алинтай нь ажиллаж байсны хувьд алийг нь дэмжиж байв?
-Намын даргын хувьд үзэл баримтлал, шинэчлэл хийх талаараа нийгэмд нээлттэй хэлэлцүүлье. МАХН-ын гишүүд, дэмжигчид яаж хүлээж авах вэ гэдгийг харцгаая. Үр дүнг нь мэдэж байж шийдвэрээ гаргая гэсэн санаа дэвшүүлсэн. Монголын улс төрийн ууган хүчний хувьд энэ намын бодлогод олон нийт анхаарлаа хандуулдаг. Улс төрийн тогтолцоог оновчтой өөрчлөх талаар нийгмийн зүгээс хүлээлт байгаа шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна. Иргэдийн төрд итгэх итгэлийг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг л бид улс төрийн бодлогынхоо хүрээнд зөв тодорхойлох хэрэгтэй.
Мэдээж бид аливаа шинэчлэлийг шинжлэх ухааны тооцоо судалгаагүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр хийж болохгүй. МАХН-ын ХХVI их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан. Суурь судалгааны баг, ажлын хэсгүүдийг байгуулсан. Миний хувьд, иргэний нийгмийн оролцоо, ТББ, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, бодлого ажлын хэсгийг ахалж байгаа. Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцооны бодлого, шинэчлэл, гэр бүлийн бодлого ажлын хэсэгт мөн ажиллаж байна. хэсгийн төр, иргэний нийгмийн харилцааг сайжруулах чиглэлээр ажлын хэсгийг ахалж байна.
-Таны зүгээс улс төрд яаралтай ямар шинэчлэл хийх шаардлага харагддаг вэ?
-Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж яваандаа нам хатуу гишүүнчлэлгүй байж болох юм. Өнөөдөр сум, баг, өрх гэрээрээ намчирхсан үзэлд талцан хуваагдаад байгаа байдлыг арилгах шаардлагатай. Эв нэгдлийг илэрхийлэх ёстой нам гэдэг чинь өөрөө задрал руу түлхээд байж болохгүй биздээ.
-Нам хатуу гишүүнчлэлгүй болчихоор парламентаа яаж сонгох вэ. Ер нь улс төрийн ямар нөхцөл байдал үүсэх бол?
-Нам хатуу гишүүнчлэлгүй болсноор сонгуульд оролцоод санал авсан дэмжигчдийнхээ тоогоор “Манай нам Монголын нийт ард түмний төдөн хувийн дэмжлэгийг авлаа” гэсэн үр дүнгээр эрх барих хүчнээ тодорхойлж, засаглалаа тогтоож болно. Олон орон ийм загвараар явж байгаа. Энэ нь тухайн орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгааг нэмэгдүүлдэг сайн талтай.
-Та энэ талаар парламент дахь нөхөдтэйгээ санал солилцож байсан уу. МАХН-ын болон бусад намынхан хэрхэн хүлээн авч байна?
-Ярилцаж үзсэн. Дэмждэг. Төрийн алба хашихад ч улстөржих нь багасна. Ер нь ирээдүйгээ харсан хандлага нэмэгдэнэ гэж үздэг.
-Эмэгтэйчүүд голдуу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарыг эсвэл энэ чиглэлийн байнгын хорооны даргын албыг л хариуцуулах нь улс төрийн хамгийн том карьер байдаг. Үүнийг арын фронттой ч зүйрлэж болох юм. Гэтэл магадгүй, үүнээс илүү хүчин чадал манай эмэгтэйчүүдэд бий гэж би боддог юм. Таны санаанд эмэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болох тэр цаг үе ойрхон байдаг уу?
-Энэ бол Монголд эмэгтэйчүүдийн асуудлыг хариуцсан үндэсний тогтолцоо бүрэлдэж чадаагүйтэй холбоотой. Шинэ зуунд дэлхийн олон оронд Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаараа эмэгтэйчүүдийг сонгож байна. Манай хөрш ОХУ-д хүртэл “Ирэх сонгуулиар эмэгтэй Ерөнхийлөгчтэй болохыг үгүйсгэхгүй” хэмээн бичиж эхэллээ. Нийгэм, эдийн засгийн асуудлыг илүү ойлгож, хөрөнгө хүч хаяж чаддаг нь эмэгтэй төрийн тэргүүн, Ерөнхий сайдтай орноос шууд харагддаг. Дэлхий нийтийн хандлагаас харахад төр, засагт баримтлах бодлогодоо шинэчлэл хийж эхэллээ. Үүнийг хүлээн авч хэрэгжүүлэхэд манайд бол бэрхшээлтэй л дээ. Уламжлалт хандлага зонхилсон, эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд хараат байдалд байх нь элбэг. Шийдвэр гаргагчид хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаа. Түүнчлэн эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлага ч хэсэг хүмүүст байгааг өөрчилж чадаагүй л байна. Эмэгтэйчүүдийн улс төрд орох шалтгаан нь илүү анхаарал татдаг юм болов уу гэж би боддог. Тэд асуудлыг жижиг гэж орхидоггүй. Магадгүй эмэгтэйчүүд улс төрд орсноор тоглоомын дүрэм нь шударга болж, Монголын улстөр тунгалагших байх. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү хортой хов ярьдаг гэсэн яриа байдаг. Би үүнтэй санал нэг байдаг. Эмэгтэйчүүдийн хов илүү ахуйн сэдэвтэй байдаг бол. Эрчүүд улс орны эрх ашигт нөлөөлөхөөр сэдвийг хөнддөг. Үүгээрээ илүү хорон байдаг.
-Та энэ талаар намынхаа болон бусад намын улстөрч хүүхнүүдтэй ярилцаж үзсэн үү?
-Ярьж байсан. Гэхдээ эмэгтэйчүүд эрчүүд шиг нягтарч үр дүнд хүрч чадахгүй байна уу даа гэж боддог юм. Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох чиглэлээр илүү мэдлэг боловсролтой, чадалтай, мэдрэмжтэй төлөөллөө гаргаж ирэх нь чухал. Энэ шинэ имижийг сайн бүрдүүлснээр улс төр дэх эмэгтэйчүүдийн үнэлэмж нэмэгдэнэ.
-Улс төрд таны хамтрагч ямар хүмүүс байдаг юм бэ. Миний харснаар эмэгтэй улстөрчид тэгтлээ нэгдэж хамтраад байдаггүй. Тус тусдаа, эрчүүдтэй хамтарсан байх нь ажиглагддаг?
-Ер нь улс төрийг дандаа хүүхнүүд хийдэггүй болохоор эрчүүдтэй хамтрахаас яах вэ. Эрчүүдтэй эр хүн шиг л улс төр ярьж, хийж, тэдэн шиг сэтгэдэг, хардаг байхаас өөр аргагүй. Эмэгтэйчүүд цуглахаараа л зөвхөн квот ярьдаг, улс төрийн оролцооны тухай ярьдаг байж болохгүй. Гурван удаагийн сонгуульд оролцсоноор надад юу мэдрэгдсэн бэ гэвэл сонгогчид хэзээ ч надад эмэгтэй хүн шүү гэж өрөвдөж толгойг минь илж байгаагүй. Улстөрч нь хэн юм бэ гэхээс хүйсийг нь хардаггүй юм. Тэр сонголтын өмнө эмэгтэй хүн бэлэн жортой очих ёстой. Тиймээс их улс төрд орохын тулд энэ тогоонд байгаа бүх хүнтэй ойлголцож, хамтран ажиллах түвшинд суралцсан байхыг шаарддаг.
-Монгол төрийн үйл ажиллагаанд оролцож яваагийн хувьд ямар алдааг олж харж байна. Улс төрд бол нээлттэй байх. Нам дотроо шүүмжлэлээ хэлэх боломж эмэгтэйчүүдэд хэр нээлттэй байдаг юм бэ?
-Хүнийг хүн талаас нь дэмжсэн зөв бодлого л Монголын төрд үгүйлэгдэж байна. Улстөрчид бодит үнэнийг ярьж чадахаа больчихож. Тодорхой тооцоо үндэслэлгүй, олон нийтэд таалагдах гэж хоосон амлалт өгөхөө болимоор байна. Амьдралын бодит үнэнийг хүмүүст илүү ил тод хэлж, зовлонгоо хуваалцдаг байх хэрэгтэй.Хүмүүс ил тод, шударга байдлыг илүү их хүлээж байна. Тэр хэмжээгээр хүмүүс бие биендээ итгэх итгэл бий болдог. Тэр хэрээр Монголын нийгмийн капитал нэмэгдэнэ гэж ойлгодог. Энэ талаарх аливаа шүүмжлэл хэлэхэд боломж бий. Харьцангуй сүүлийн үед манай нам илүү нээлттэй, санал шүүмжлэлээ сонсч хүлээж авч чаддаг болж. Ингэж чадахгүй бол мөхөл рүүгээ л явна шүү дээ.
-Та одоогоор ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
-Нийгэмд задрал явагдаж байна. Хамгийн энгийн жишээ нь гэр бүлийн задрал юм. Ингэснээр гэр бүлийн салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна. Цаана нь хүүхдүүд өнчирч хоцордог. Эцэг, эхийн, эсвэл аль нэгнийх нь хайраар дутаж өссөн бидний ирээдүй ямар хүн болж төлөвших нь тодорхойгүй болж байна. Энэ бол эмэгтэйчүүдийн байгууллагын барьж авах хамгийн том сэдэв. Сүүлийн үед гэр бүл салалтын хурд улам нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор хууль санаачилж УИХ-д өргөн барих гэж байгаа. Олон улсын туршлагаас харахад тухайн гэр бүлийн гишүүн бүр, хүүхэд бүхнийг төрсөн цагаасаа эхлээд гэр бүлийн өмчтэй нь уясан байдаг. Жишээ нь дөрвөн хүүхэдтэй, нэг хувийн үйлдвэртэй гэр бүл салж нөхөр нь эхнэр гурван хүүхдээ орхиод явлаа гэж бодоход нийт өмчийнхөө дөрөвний гурван хувийг үлдээгээд нэг хувиа л аваад явж болно. Дэлхийн бүх оронд ийм хуультай. Ингэснээр гэр бүлийн задрал багасдаг.