Ө.Энхтүвшин:Жижиг сонирхол байгаа ч пропорциональ хувилбар дэмжигдэх магадлалтай
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2010.02.04

Ө.Энхтүвшин:Жижиг сонирхол байгаа ч пропорциональ хувилбар дэмжигдэх магадлалтай

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай хуулийн төслийн жагсаалт орж батлагдлаа. Гэхдээ төсөл нь бэлэн болоогүй юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ “Зайлшгүй шийдэх ёстой томоос том асуудал учраас дараалал харгалзахгүй төслийг яаралтай бэлэн  болгож хэлэлцэх ёстой” гэв. Түүнээс энэ тухай нь тодрууллаа.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн зарчмын шийдэлд намууд хүрсэн гэж ойлгож байгаа. Гэхдээ түүний эсрэг байр суурьтай хэсэг байгаа юм байна.

-Ажлын хэсгийн байр суурь тодорхой. Пропорциональ хувилбарыг сонгох эхний тохиролцоонд хүрсэн. Энэ талаар бүлгүүдээр эргээд ярилцаж байна. Саналын зөрүү бий. Одоогийн жижиг тойргоор авч үлдэх гэсэн саналтай гишүүн нэлээд бий. Хүн бүрээс бичгээр санал авч байгаа. Пропорциональ нь олонх болох магадлал байгаа юм билээ.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны түвшинд гол зүйл яригдана. Хэзээ хэлэлцэх боломжтой вэ?

-Ажлын хэсэг саналаа танилцуулах ёстой.  Бидний өмнө байгаа хамгийн том асуудал учраас дараалал харгалзахгүй хэлэлцэнэ.

-“Том томын асуудал” гэдгийг та  онцолсон.  Энэ санаагаа олон түмэнд сайн ойлгуулах хэрэгтэй санагддаг. Гэтэл жижиг сонирхол хүчтэй хэвээр байна л даа.

-Мөнгөний сонгууль, худал амлалтаас татгалзах нь зөв гэж байгаа бол пропорциональ хувилбарыг сонгох л ёстой болж байна. Монголын уул уурхайн салбар гадаадынхны сонирхлыг ихээр татаж байна. Сонгуулийн өнөөгийн тогтолцоо хэвээр байвал тойрог худалдаж  авах сонирхол нэмэгдэнэ. Түүндээ эргээд барьцаалагдана. Монгол Улс тусгаар тогтнолоо алдах аюулд ч хүрч мэднэ. Тийм учраас өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байна, би.  Хэлэлцүүлэг ямар байдлаар өрнөхийг  мэдэхгүй. Жижиг сонирхолдоо хөтлөгдсөн хүн нэлээд бий. Тэд янз бүрийн тайлбар хэлдэг ч тэр бүхнийх нь цаана тодорхой сонирхол байхыг үгүйсгэхгүй.

-Улс төрийн таатай боломж өнөөдөр бүрдчихээд байна. Боломжоо ашиглах ёстой гэж олон түмэн хүсэж байгаа. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад цаг хугацааны хязгаар гэж бас бий шүү дээ.

-Энэ нөхцөл байдлаа ашиглах ёстой. Бидний өмнө тулгамдсан олон асуудал бий. Түүний нэг нь сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх асуудал юм.  Улс төрийн тааламжтай энэ цаг хугацаагаа ашиглахгүй бол цаашдаа хүнд байх болно. Бүр боломжгүй болж ч мэднэ. Тийм учраас яарах хэрэгтэй. Бүлгүүд даруй зөвшилцөх хэрэгтэй. Манай намын дарга С.Баярын дэвшүүлсэн таван төгөлдөршлийн нэг нь сонгуулийн тогтолцооны асуудал учраас намын Бага хурлаар ч энэ тухай ярилцана. Хүчтэй эсэргүүцэл байгаа хэдий ч пропорциональ хувилбарыг дэмжих ерөнхий дүр зураг харагдаж эхэлсэн.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.