Ө.Энхтүвшин: МАН-ын бүлэг засгийн газрыг огцруулах талаар яриагүй
2011.10.06

Ө.Энхтүвшин: МАН-ын бүлэг засгийн газрыг огцруулах талаар яриагүй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр бүлгийнхээ хоёр өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Даваа мягмар гаригт болсон МАН-ын бүлгийн хурлаар улс орны нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой цаг үеийн асуудлуудыг хөндөж ярилцжээ. Тэрээр "Хаврын чуулган завсарласны дараа гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчидтойгоо уулзах үеэр ашигт малтмалын лиценз, тэтгэврийн зөрүүг арилгах, хувьдаа орон сууц баривал ямар дэмжлэг үзүүлэх, тэрбумаас дээш дүнтэй хөрөнгө оруулалтууд орон нутагт хийгдээгүй гээд олон зүйлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Үүний дагуу УИХ, Засгийн газрын хийх ажлын төлөвлөгөө гаргалаа. Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд салбарын сайд нартаа үүрэг өгч байгаа байх. Ажил хариуцаж байгаа албан тушаалтнуудын хариуцлага, хүнд суртлын талаар бүлгийн гишүүд цөөнгүй асуудал хөндөж тавьсан. Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгөнөөс өндөр шимтгэл авч байгаа тухай гомдол маш их гарсан. Шат шатандаа шимээд байдаг хувалз маягийн бүтэц бий болчихжээ, үүний учрыг ол гэдэг үүргийг Засгийн газарт өгч байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Хүний хөгжил сангийн мөнгийг ХААН банкаар дамжуулан олгож байсныг зогсоох үүрэг өгчээ. Энэ шийдвэрээс болоод маш их чирэгдэл үүссэн. Салбарын сайд нь ХААН банк өөрөө татгалзсан гэсэн тайлбар өгч байхад харин ХААН банкныхан бид цаарга-лаагүй гэж байх жишээтэй. Тавантолгойн хувьцаанаас удахгүй ашиг орж ирнэ, дансаа 5000 төгрөгөөр яаралтай нээлгэ гэж 20 орчим компани иргэдээс мөнгө татсан байна. Энэ бүхний мөрөөр зохих арга хэмжээг авна. Зарим албан тушаалтныг ажилдаа эзэн бол, эс чадвал ажлаа өг гэдэг зарчмаар ажиллахыг Засгийн газарт сануулсан" гэв. Ө.Энхтүвшин дарга товч мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МАН-ын бүлэг сонгуулийн тогтолцооны талаар шинэ хувилбар дэвшүүлсэн байсан. Энэ тал дээр ахиц байна уу?

-АН-ын бүлэгт шинэ хувилбар хүргүүлсэн, хэвлэл дээр гарчихсан байна лээ дээ. Манай намын бүлгийн хувьд энэ талаарх мэдээллийг нууж хаагаад байх зүйл байхгүй. Харин эцсийн байдлаар тохиролцоогүй зүйл хэвлэл дээр гараад ирэхээр дараагийн зөвшилцөлд сайн үр дүн авчирдаггүй тал байдаг. Бид 48:28 гэсэн хувилбар санал болгосон.

АН-ын бүлэг хэлэлцээд хэд хэдэн чиглэлээр тодруулах юм байна гэсэн.


Жишээ нь, нэр дэвшсэн хүн намын жагсаалт руу шилжих үү, хүнээ дугуйлах уу, намаа юу гэх мэтийг эхлээд шийдье гэдэг саналтай байгаа юм билээ. Яриа хэлэлцээ үргэлжилнэ. Ер нь бол Сонгуулийн хуулийн 95 хувь нь бэлэн болсон. Ахиц дэвшил бол байгаа.

-Танай бүлгийн зарим гишүүн Ерөнхий сайдад болон зарим салбарын сайдад хариуцлага тооцох санал гаргасан юм биш үү. Ерөнхий сайд гишүүдийн саналын талаар бүлэг дээрээ мэдэгдсэн гэсэн?

-Сонин хэвлэл дээр манай намын бүлгийн хуралдааны талаар янз бүрийн л мэдээлэл гарсан байна лээ. Тэрэн дотор үнэн зүйл байна, бас ташаарсан нь ч харагдсан. УИХ дахь МАН-ын бүлгээр Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Ерөнхий сайдыг танхимынхаа гишүүд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартайгаа хариуцлага яриач ээ гэдгийг бол гишүүд хэлсэн. Манай бүлгийн гурван гишүүн Ерөнхий сайдтай хариуцлага тооцно гэж бол яриагүй юм байна. Ийм мэдээлэл гарсан учраас би бүлгийнхээ гишүүдтэй уулзаж ярилцсан. Оюутолгойн гэрээ, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд хариуцлагын асуудал тавих юм шиг байна лээ гэсэн. Хэрэв ийм асуудал босож ирвэл бүлгээрээ яриад явна. Ямар нэгэн байдлаар салангад байдлаар хувийн тоглолт хийх зүйл байхгүй..

-Танай бүлгийнхэн, Сангийн яамаа авъя гэсэн санал гаргасан юм биш үү?

-УИХ дахь хоёр. намын бүлгийн гишүүд ширүүн ширүүн мэдэгдэл хийдэг болсон шүү дээ. Нэг гишүүн тийм санал хэлсэн. Түүнээс биш халъя, сольё гэдэг байдлаар хэлэлцсэн зүйл байхгүй.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагыг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн тавиад байгаа. Танай бүлэг энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ ордын талаар УИХ-аас хоёр ч тогтоолоор үүрэг өгсөн. Тэрхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулахын төлөө гишүүд шаардлагад гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа. Өгсөн үүрэг чиглэлийг хангуулахын төлөө шаардлага тавьж байгаа нь буруу биш. Харин Оюутолгойн гэрээг зогсоох тухай хэн ч яриагүй. Энэ талаар буруу ойлголт яваад байх шиг байна. Гэрээг засах хугацаа байна. Ийм шаардлага тавиад гэрээг сайжруулсан тохиолдол ч бий шүү дээ. Засгийн газрыг гэрээг засаж сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажилла гэж байгаа юм.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.