С.Эрдэнэ: Сонгуулийн ерөнхий хороо МАН-ын захиалгаар ажиллаж байна
2011.08.08

С.Эрдэнэ: Сонгуулийн ерөнхий хороо МАН-ын захиалгаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал гарсан боловч Сонгуулийн тухай хууль багтсангүй. Сонгуулийн тухай хуулийг хуулийн хугацаанд нь хэлэлцэн баталж амжих  болов уу?

-Хамтарсан Засгийн газар байгуулсны утга учир алдагдах тийш явж байна. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай арван зүйл заалт бүхий гэрээнд Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө гэсэн тохиролцоо байсан. Гэтэл харамсалтай нь энэ гэрээнээсээ Ардын нам  ухарч байна. Сонгуулийн гол утга учир нь тогтолцоондоо байдаг. Тооллогын ажлыг автоматжуулах асуудал шийдэгдэж, төсөвт мөнгө нь батлагдчихсан. Гэтэл яг үнэндээ Ардын намын удирдах зөвлөлийн шийдвэрийг  хүлээгээд л сонгуулийн ерөнхий хороо юу ч хийхгүй байна. Уг нь Сонгуулийн ерөнхий хороонд эрх нь, төсөв нь аль аль нь бий. Яагаад гацаад байгаа нь ойлгомжгүй байна.

Бусад улс оронд бол Сонгуулийн тухай хуульд тааруулж тоног төхөөрөмж авах биш, эхлээд тоног төхөөрөмжөө авчхаад дараа нь хуулиа баталдаг байна.

Ямар тоног төхөөрөмж байх юм, түүнийхээ дутагдалтай талыг ашиглахыг хориглосон ч юм уу, тиймэрхүү зохицуулалтаар хуулиа баталдаг юм байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо олон түмнийг юм ойлгохгүйг нь далимдуулаад юу ч хийхгүй байна. Энэ байдлаар удахгүй болох сонгуулийг шударга зохион байгуулах итгэл харагдахгүй байна. Хоёрдугаарт, сонгуулийн хариуцлагын тухай хууль байна. Сонгуулийн хариуцлагатай холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг би өргөн барьсан. Гэтэл сонгуультай холбоотой аливаа асуудлыг  хэлэлцэнэ гэсэн баталгаа харагдахгүй юм.

-Сонгуультай холбоотой  асуудлыг хэлэлцэх баталгаа алга гэлээ. Ингэж байгаад хуучин тогтолцоогоороо явах юм биш биз хэмээн хардах хүмүүс байна?

-Хуучин тогтолцоогоор явуулах сонирхол Ардын намд асар их бий. Их мөнгөөр сонгуулийг худалдаж авна гэсэн тооцоо тэдэнд байгаа гэж харж байна.

-Зөвхөн Ардын нам төдийгүй Ардчилсан намын зарим гишүүд дотроос ч хуучнаараа явъя гэсэн яриа гарсан дуулдсан. Энэ үнэн үү?

-Намын бүлэг дээр Сонгуулийн хуулийг хуучнаар явуулъя гэсэн зүйл гараагүй. 50:26 гэсэн шийдвэрт хэвээр байгаа. Мэдээж хувь хүн ямар бодолтой байдаг юм, тэрийг нь бид үгүйсгэж болохгүй. Хоёрдугаарт бид Ардын намын 24:52 хувилбарыг нь хүндэтгээд 38:38 гэж буулт хийсэн. Улс орны хөгжлийн чиг хандлагыг харж, нийтлэг эрх ашгийг ярьдаг хэсэг нь ядаж 50 хувь байгаасай, орон нутгийн эрх ашгийг төлөөлдөг нь 50 хувь байгаасай гэж үзэж байгаа. Ийм байр сууринаас АН асуудалд хандсан. Харин Ардын намынхан зөвхөн гишүүдийнхээ болон хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг бодсон байдлаар асуудлыг тавьж байна,

-Хоёр тийш харсан, тохиролцоонд хүрэхгүй байдал намрын чуулганаар үргэлжлэх юм биш биз. Үргэлжилбэл танай нам ямар байр суурьтай байх бол?

-Манай нам байр сууринаасаа хөдлөхгүй гэж бодож байна. Яг тийм гэж хэлэхэд бас хэцүү болчихлоо. Хамтарсан гэдэг нэрийн дор зарчим, сахилга, хариуцлага алга болчихлоо шүү дээ.

-Сахилга хариуцлага гэж ярьсных та болоод танай намын гишүүд Ардчилсан нам хамтарсан Засгийн газрыг орхих ёстой гэж үздэг, түүнийгээ ч ил тод хэлдэг. Энэ байр суурь тань хэвээр байгаа юу?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар Монголын ард түмэн юу хожсон юм бэ. Яг юу хийсэн юм бэ гээд хайгаад үзэхээр би лав харахгүй байна. Ардчилсан намынхан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг 30 гаруй хувийн биелэлттэй, хангалтгүй гэж дүгнэсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Их хурал албан ёсоор хэлэлцээгүй, байнгын хороод ч олигтой дүгнээгүй, тэгсхийгээд өнгөрсөн. 2008-2012 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэх ёстой. Ардчилсан намын үзэж байгаагаар 30 гаруй хувьтай гэдэг энэ тоог ядаж 50 хувьд хүргэх боломж ч Засгийн газрын өмнө харагдахгүй байна. Сонгууль болтол зургаахан сар үлдлээ. Энэ хугацаанд амлалтаа биелүүлж амжихгүй. Одоо л гэхэд Засгийн газар амарчихсан байна шүү дээ.

-Сонгуулийн амлалт ярьсных 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалтыг асуумаар байна. Иргэд хэл амтай ч гэсэн 21 мянгаа цуглуулаад 500 мянган төгрөг авчихлаа. Одоо нэг сая төгрөгөө хэрхэн хүртэх вэ?

-1,5 саяын амлалт хамтарсан Засгийн газрын биш, МАН-ын л амлалт. Харин манай нам нэг сая төгрөгийн үнэлгээ бүхий ашигт малтмалын хувьцаа олгоно гэсэн. Бэлэн мөнгө амлана гэдэг хамгийн их аюултай, тухайн улс орныг сүйрэл рүү хөтөлдөг зүйл. Ардын намын бэлэн мөнгөний амлалтаас болоод ард түмнээрээ тоглож дуусаж байна. Одоо олгож байгаа 21 мянган төгрөг буюу нийт 704 тэрбум төгрөг иргэдэд ямар ач тус өгч байгаа юм бэ. 21 мянган төгрөг тараалаа гээд амьжиргааны доод төвшний халамж шаардлагатай иргэдэд хоолны мөнгө болж байгаа байх. Гэхдээ үнэндээ иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна.

Хөдөлмөр эрхлэхгүй, биеийн амар харж байгаа хүмүүст маш их боломж олгож байгаа.

Яагаад энэ мөнгийг ялгавартай олгож болоогүй юм бэ, яагаад 0-18 насны хүүхдүүдэд өгч болоогүй юм, яагаад эмэгтэйчүүд болон ахмад настнуудад өгч болоогүй юм. Хөдөлмөрийн чадвартай ч ажил хийдэггүй хүмүүст мөнгө өгснөөс архидалт нийгэмд хавтгайрч байна. Нэг намын мөрийн хөтөлбөрийн амлалтыг биелүүлэхийн төлөө улс орноор тоглож болохгүй шүү дээ. 704тэрбум төгрөгөөр сургууль цэцэрлэг, зам барьсан бол хэчнээн олон мянган ажлын байр бий болох байв. Энэ бол зөв төрийн бодлого биш, харин аливаа асуудалд хоноцын сэтгэлээр хандаж байгаагийнх.

-Хоёр гуравхан хоногийн өмнө Тавантолгойн зүүн цанх нүүрсээ экспортод гаргаж эхэллээ. Энэ үед Тавантолгой гэх сэдвийг  өнгөрөөж боломгүй юм.... ?

-Би нэг л зүйл асуумаар байгаа юм. Хятадад 40 хувь, Орост 18, Америкт 24 хувь гэх мэт энэ хувийг хэн тогтоосон юм бэ. Ямар үнэлэмжээр тогтоочхов. Хаанаас ямар судалгаа  үндэслэсэн юм бэ. Би өнөөдөр Их хурлын гишүүн мөртлөө ойлгохгүй байхад ард түмэн ойлгох уу. Заавал ингэж шийдэх хэрэг байсан ч юм уу. Өөр шийдэх олон арга байна шүү дээ. Жишээ нь, Тавантолгойн хувьцааг гадаадын томоохон хөрөнгийн биржид IРО хийх замаар хувьцаа гаргаад, тэрийг нь хөрөнгө оруулагчид худалдаж аваад байж яагаад болохгүй гэж. Тэгсэн бол ийм хэл гарахгүй л байсан.

-Та бүхэн Оюутолгойн гэрээний тухайд тэмцээд багагүй үр дүнд хүрсэн. Энэ удаад Тавантолгойг ч нэлээн хашир судалж байгаа биз дээ?

-Тавантолгойгоор зогсохгүй, Ухаа худгийн асуудлыг ч сөхнө. Ухаа худаг бол Тавантолгойн ордын нэг хэсэг- УИХ-ын тогтоолоор батлагдчихсан. Тавантолгойгоос Ухаа худгийг салгах ямар ч эрх зүйн бичиг баримт байхгүй, Ухаа худгийг "Энержи" ресурст өгөхийг хэн зөвшөөрсөн юм бэ. Хоёрдугаарт, "Энержи ресурс"-ын лицензийн төлбөрт төлсөн 851 мянган доллар байдаг. Зургаан тэрбум доллараар үнэлэгдэх энэ ордыг яагаад 851 мянган төгрөгөөр үнэлж байгаа юм бэ. Ийм луйвар хийдгээ болих хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн учраас нарийн ярих юм бол Ухаа худгийн 51 хувь нь Төрийн мэдэлд байх ёстой. Цаашилбал, 20 хувь нь ард түмэнд очих ёстой. Стратегийн ордуудыг аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх болбол заавал уралдаант шалгаруулалтад ордог. Хоёрдугаарт, УИХ- ын 27 дугаар тогтоолд байгаа стратегийн ордуудыг аль нэг аж ахуйн нэгжид шилжүүлэх бол заавал Их хурлын тогтоол гарах ёстой. Гэтэл гараагүй. Стратегийн ордууд бүгд хүний гараар ороод дууслаа. 39 ордыг стратегийн ордод оруулах тухай УИХ-аас тогтоол гарсан. Гэтэл одоо хэр нь таг байна. Тиймээс Тавантолгойн асуудлыг маш хариуцлагатай, зөв шийдэх ёстой.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.