Ц.Даваасүрэн: Одоогийн сонгуулийн хууль гишүүдийг сонгогчидтой холбож байгаа
2010.05.14

Ц.Даваасүрэн: Одоогийн сонгуулийн хууль гишүүдийг сонгогчидтой холбож байгаа

-Өнөөдөр УИХ-аар хэлэлцэж байгаа сонгуулийн шинэчилсэн хуулийн эхний хувилбарыг та дэмжихгүй байгаа юм уу?

-Тийм. Энэ шинэчилсэн хувилбар манай орон шиг том газар нутагтай, цөөн хүн амтай оронд тохирохгүй гэж үзэж байна.

-Яагаад?

-Монгол улс нэг тойрог болсон тохиолдолд зах хязгаар нутгийн сонгогчдын төлөөлөл байхгүй болно. Энэ нь тэр нутгийн төлөө санаа тавих төрийн түшээ байхгүй болно гэсэн үг. Тийм учраас сонгуулийн хуулийн шинэчилсэн хувилбар манай орны онцлогт тохирохгүй гэж үзэж байна. Чуулганы танхимд жалга, довны юм ярихаа болъё гээд байгаа. Энэ нэг их зөв санаа биш. Яагаад гэвэл зөвхөн Төрийн ордонд суучихаад зах хязгаар нутгийг хөгжүүлнэ гэдэг худлаа. Мянга сонссоноос нэг үз гэдэг биз дээ. Өнөөдөр бол бид зайлшгүй зах хязгаар нутагтаа очиж сонгогчтойгоо уулзаж байгаа байхгүй юу. Тэгж байж тэдний санаа бодлыг сонсож, амьдрал ямар байгааг мэдэрнэ. Ингэж байж аливаа шийдвэр амьдралд нийцтэй гарна. Тийм учраас одоогийн хуулийг манай орны нөхцөлд тохирсон хууль гэж үзэж байна.

-Нөгөө дов жалганы эрх ашгийг хамгаалсан бодлого үргэлжлэхгүй юу?

-Уг нь бид дов жалга бүү хэл өрх гэрийн асуудлыг шийдэж байх ёстой. Шинэ хуулиар бол том асуудлыг шийдэж байна гээд л суугаад байх юм байна. Хөдөө гадаа явахгүй юм байна.

-Таныхаар бол одоогийн 76 байх ёстой юу?

-Тийм нэг тойрог болчихоор гишүүд тойроггүй болно. Орон нутгийн төлөөлөл байхгүй болно. Одоо бол яагаад гишүүд орон нутагтаа очиж байна гэхээр тэнд очиж иргэдийн санаа бодлыг сонсож, тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг газар дээр нь үзэж байна. Энэ утгаараа одоогийн мөрдөж байгаа сонгуулийн хууль гишүүдийг гарцаагүй сонгогчидтой холбож өгч байгаа юм. Тухайлбал, би зах хязгаар Цагааннуур сумын захын малчны гэрт очоод тэдний саналыг шууд чуулганы танхимд, төрийн бодлогын хэмжээнд тавьсныг яагаад буруу гээд байгаа юм.

-Өөр ямар зүйл дээр санал зөрж байна?

-Бас нэг зүйл бол монголчууд хорин жилийн өмнө ардчилалд шилжсэн. Энэ бол ардчилал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад харьцангуй бага хугацаа юм. Ардчилал нь сонгодог утгаараа олонх нь засаглаад, цөөнх хянаад явдаг механизм бүрдүүлдэг. Гэтэл шинэчилсэн хуульд байгаа пропорцианоль систем нь бараг л байнга хамтарсан Засгийн газар байгуулах нөхцөл бүрдүүлнэ.Ер нь өндөр хөгжилтэй ардчилал хөгжсөн орнуудын дэргэд манай ардчилал хорьхон нас хүрч байхад бид эрхэм зорилгоосоо ухарч байна. Хэрэв хоёр том гүрний хооронд байдаг цөөн хүн амтай манайх шиг орон парламентын засаглал хэрэгтэй гэж үзэж байгаа юм бол сонгодог утгаараа олонх, цөөнхтэй байх ёстой. Пропорцианоль систем энэ нөхцлийг хангаж чадахгүй. Ийм байдлаар үргэлжилбэл дахиад л хамтарсан Засгийн газар байгуулагдаад бие биендээ үг хэлж чадахгүй байдал давтагдана. Одоогийн орж ирсэн нэг тойрогтой Пропорцианоль системийн бас нэг муу тал нь хэдхэн лидер сонгогчдын ихэнхийг саналыг авчихлаа гэхэд дараагийн нэр дэвшигчид бараг санал авахгүйгээр УИХ-д ороод ирэх боломж бүрдэнэ. Ард түмнээр шүүгдэхгүй ороод ирнэ гэсэн үг биз. Яагаад ард түмнээр шүүгдэж байгаа одоогийн тогтолцоог муу гээд байна.

-Намын даргын эрх хязгааргүй болно гэсэн бас нэг болгоомжлол байна.

-Пропоцианоль тогтолцоо гэдэг чинь тэр лүү л алсуураа яваад байгаа юм. Өмнө нь нам төвтэй төрөөс татгалзая гэдэг байсан улсууд одоо нам төвтэй нь дээр ухааны юм яриад явж байна. Яагаад хорьхон жилийн дараа ардчиллын үнэт зүйлээ гээгээд эхлэв. Ер нь ард түмэн төлөөлөөрөө дамжуулж төрөө барина гэдэг үндсэн хуулийн зарчмаасаа татгалзаж болохгүй гэж бодож байгаа. Төлөөллийн зарчим нь 1990 онд бидний олсон үнэт зүйлийн нэг шүү дээ. Бас иргэний сонгох эрхэнд халдаад эхэлж байна. Жишээлбэл АН-ын гишүүн яагаад надад санал өгч болохгүй гэж. Манай нутагт намайг дэмжсэн АН-ын гишүүд олон байсан. Пропорцианоль систем энэ боломжийг хаадаг. Ер нь бол энэ системээр бол намын даргын эрх хэмжээ хязгааргүй болох нь үнэ л дээ. Гэхдээ энэ удаа арай ч тэр хувилбарыг оруулж ирээгүй.

-Гишүүн Л.Болд нарын хоёр хувилбар ямар санагдаж байна?

-Хоорондоо нэг их ялгаагүй дээ. Гэхдээ яахав бүсчилсэн гэдэг нь нэг тойрог гэдгээ бодвол арай дээр хувилбар. Энэ хувилбараар бол 3-4 аймагт санаа тавьдаг гишүүнтэй байна гэсэн үг.- Та бол одоогийн мөрдөж байгаа хуулийг л хамгийн зөв хувилбар гэж үзэж байна уу?

-Тийм.

-Сонгуулийн хуулиас болж үймээн гарсан гэж ярьдаг.
-Үгүй л дээ. Сонгуулийг ард түмэн будлиантуулаагүй. Улстөрчид л өөрсдөө будлиантуулж байгаа. Тэд ёс зүйтэй байсан бол. Мөнгө тараагаагүй байсан бол юу гэж будлиан гарах юм.

-Аймаг, сумын дарга нар төсвийн эрхтэй болбол асуудлаа шийдэх боломжтой гэдэг.

-Тэдэнд хэдэн төгрөг өгчихөөр асуудлаа шийдчих юм шиг ойлгоод байгаа юм. Тэглээ гээд асуудал шийдэгдэхгүй. Жижиг зах зээлтэй, хүн ам цөөтөй манайх шиг улс орон нэгдсэн бодлогоор явах ёстой. Тэр нь хэрэглээний зах зээлгүй, зах зээлийн сонгодог зарчим үйлчилдэггүйтэй холбоотой юм. Төрийн бодлогыг гишүүд тодорхойлдог. Тойрогтоо очиж байдалтай танилцаж айл өрх бүрээр орж байж тэр бодлогыг амьдралд нийцтэй, төрийн бодлогын түвшинд боловсруулах ёстой. Одоогийн мөрдөж байгаа сонгуулийн хуулийн давуу тал нь энэ. Шийдвэр гаргахдаа өрх гэрийн асуудлыг хүртэл тооцож чаддаг. Пропорцианоль систем нэг тойргоор бол нэг ч гишүүн хөдөө очихгүй. Харин аймаг, сумын дарга энд ирээд чуулганд төрийн бодлогын түвшинд юу хэлж чадах юм бэ.

-Төсвийн тодотгол хийх нь зөв үү?

-Зөв л дөө. Өнөөдөр төсөв баталсанаас хойш урьдчилан таамаглаж болохгүй олон нөхцөл байдал үүссэн. Зуд, хүйн халдвар, ханиад гэх мэт. Цаашдаа ч ийм асуудлууд үүснэ. Гэтэл нөөцөд байсан жаахан мөнгөө шавхчихсан. Энэ бүхнийг шийдэх хэрэгтэй. Төсөвт ч зохицуулах юм байна. Сайд нарын багцад байх ёстой мөнгийг орон нутгийн багцад буруу тусгасныг залруулж зохицуулах хэрэгтэй. Бас дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ өсч байна. Энэ боломжийг бид одоо ашиглаж төсөвтөө суулгаж авах ёстой. Яагаад гэвэл одоо суулгаж авч байж зун бүтээн байгуулалтын ажлаа амжуулна. Намар хүйтрэхээр бидэнд бүтээн байгуулалт хийх ямар ч боломж гарахгүй, мөнгөө суулгадаг маргааш нь өвөл болоод юу ч амжуулж чадахгүй.

-Сангийн сайд Хүний хөгжлийн сангийн хуулинд өөрлөлт оруулах санал гаргасан боловч танай байнгын хороо дэмжсэнгүй.

-Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Хүний хөгжил сангийн хуулинд өөрчлөлт оруулж, тэндээс мөнгө гаргаж нийслэлийн зам, дэд бүтцийг хөгжүүлэх хүсэлт гаргасан. Үнэхээр Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх ёстой гэвэл шийдэх ёстой. Жилийн хэдэн сард нь Улаанбаатарчууд хорт утаагаар амьсгалж байна. Ялангуяа шинээр төрж байгаа хүүхдүүд амьсгалын замын өвчтэй болж байна. Цаашдаа тэр нь наслалт, эрүүл мэндэд нь нөлөөлнө. Энэ бүхэн Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлнө. Гэхдээ энэ бүхнийг шийдэх гэж байгаа нь гээд бүх болохгүй асуудлаа хамаад хийчихэж болохгүй. Хөдөө зам тавих асуудал одоохондоо энд ямар хамаатай байна. Байшин барих юм уу, утаагүй түлш үйлдвэрлэх юм уу, гэр хороололд дулааны шугам татах юм уу гэдэг асуудал ярихын оронд бүх юмыг хамж авчраад 16 их наяд төгрөг нэхээд орж ирж байна. Энэ манай улсын найман жилийн төсөвтэй тэнцэнэ. Энэ их мөнгө нь өөрөө хөтөлбөрийг цааш явахгүй болгочихож байгаа байхгүй юу. Тэгээд овоо мөнгө орж байгаа сантайгаа уяа гэж байна. Энэ чинь дундуур нь юм гүйчихсэн гэсэн үг л болно.

- Хөтөлбөр хэрэгжих үү?

- Хоёр их наяд төгрөг байхад утааны асуудлыг шийдэж болно. Харин 16 их наяд гэдэг их мөнгө болохоор хөтөлбөрөө унагаж байгаа байхгүй юу. Заавал Хүний хөгжлийн сан руу орохгүйгээр мөнгө босгох олон арга байна. Тэрийг сэтгэж чадахгүй байгаа бол ажлаа сэтгэдэг хүнд өгөх хэрэгтэй.

- 999 гэдэг үндэсний компаниудын нэгдэл Тавантолгойд оролцох боломжтой юу?

- Би тэр тухай сайн мэдэхгүй байна. Ер нь бол зарчмын хувьд монгол компаниуд уул уурхай баялаг дээрээ түшиглээд гадны том санхүүгийн корпорациудтай хэлэлцээ хийж яагаад болохгүй гэж. Айвенхоу майнз жижигхэн компани байсан. Оюутолгой л түүнийг дэлхийн уул уурхайн акулуудтай гэрээ хийх боломж олгосон. - Банкуудыг томсгох тухай яригдаж байна.- Монголбанкнаас банкуудыг томруулах өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа нь нэг их буруу зүйл биш. Аливаа томоохон бүтээн байгуулалтыг санхүүлэх чадвартай байх ёстой гэдэг утгаар би дэмжиж байгаа. Харин завсраар нь элдэв юм орж сайн яваа нэгнийгээ луйвардах байдал руу чиглэвэл буруу болоод явчихна. Бид жаахан өргөн харж, том хөдөлдөг болох хэрэгтэй байна.

Х.Баттөгс

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.