С.Эрдэнэ: Хэн нэгний захиалгаар зориуд ажлаа удаашруулаад байна уу гэж харж байгаа
2011.06.21

С.Эрдэнэ: Хэн нэгний захиалгаар зориуд ажлаа удаашруулаад байна уу гэж харж байгаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын өнгөрөгч долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.Түүнчлэн Ардчилсан намын бүлэг хуралдаанаараа ч гэсэн энэ тухай хэлэлцсэн байгаа?

-Манай нам өмнөх долоо хоногийн бүлгийн хуралд 50:26 гэдэг тогтолцоон дээр тохирсон байгаа. Цаашдаа энэ тоо өөрчлөгдөх магадлал өндөр бий. Учир нь МАН-ын зүгээс арай өөр тоон хувилбарыг дэвшүүлээд байгаа шүү дээ.Тодруулбал, 24:52, 38:38, гэсэн тоон хувилбарыг илүүтэй санал дэвшүүлж байна.Тэгэхээр эрх бүхий хоёр нам зөвшилцөлд хүрч байж, Сонгуулийн тухай хууль батлагдана. Тиймээс ма-най намаас дэвшүүлсэн 50:26 тогтолцоонд өөрчлөлт орох байх гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоо руу шилжих нь зүйтэй. Гэхдээ зарим зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд болон улстөрчид маань төлөвшиж чадсан уу зэрэг олон асуудал байгаа. Ихэвчлэн улс төрийн хөгжлийн өндөр төвшинд хүрчихсэн орнууд хэрэглэдэг тогтолцоо шүү дээ.Түүнчлэн дээрх зүйлүүд дээр анхаарахаас гадна сөрөг үр дагавар гарч магадгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь намуудын  эр хүнд муу байх үед олон түмэнд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн хүнийхээ ард нам нь нуугдаж сонгогддог байсан.Тэгэхээр одоо яригдаж байгаа хувь тэнцүүлсэн тогтолцоо нь намын нэрээр явна гэсэн үг.Тухайлбал, жагсаалт гаргаад намын нэрээр сонгодог сонгуулийн тогтолцоо. Одоо олон жил сонгогдсон атлаа тойрогтоо амлалтаа хэрэгжүүлээгүй нөхдүүд намын нэрийн ард нуугдаж, сонгогдох магадлал үүсчих вий гэсэн болгоомжлох зүйл олон байна.Тэгэхээр энэ бүгдийг сайн ярилцсаныхаа дараа Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар батлах нь зүйтэй гэж би хувьдаа үзэж байгаа.

-МАН-ын зүгээс нөгөө хоёр хувилбар дээр нь  илүүтэйсанал нэгдээд байгаа гэлээ. Яагаад 50:26 дээр санал нэгдэхгүй байгаа юм бол?

-Ер нь тойргоо өмчилчихсөн хүн олон байна.Тойргоосоо олон жил сонгогдоод иргэдэд юм тараагаад, нутаг нуга гэдгээрээ эзэн болсон хүмүүс байна.Тэдэнд тойргоосоо салах нь хэцүү байгаа байх. Гэхдээ үүнээс гадна олон шалтгаан байгаа.

-Тэгэхээр намын нэрээр сонгогддог болчихвол тухайн нэр дэвшигчийн хэн болох нь тодорхойгүй болно гэсэн үг. Энэ хүн өмнө нь УИХ-д хэдэн ч удаа сонгогдсон байж болно. Гэхдээ амлалтаа хэрэгжүүлээгүй, ард түмнээстааруухан үнэлгээ авдаг нэр дэвшигч дахин сонгогдох магадлал өндөр болж байгаа юм шиг ойлгогдож байна.Тэгэхээр нөгөө яриад байдаг ил тод байдал яах вэ?

-Энэ бол нэг сул тал нь.Тэгэхээр ийм тогтолцоонд шилжчихвэл цэвэр нам өөрөө хариуцлага хүлээж эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшигчийнхээ өмнөөс гэсэн үг.

-Манай улс ямар нэгэн эрсдэлээс эмээлгүйгээр шууд пропорциональ тогтолцоо руу шилжих боломж байгаа юу?

-Энэ боломж нь манай улсад хараахан бүрдээгүй. Ер нь сонгуулийн тогтолцоо гэхээсээ илүүтэй хариуцлагын асуудлыг бид бүхэн сайн ярих ёстой. Шударга сонгуулийг яаж явуулах вэ. Ингэж явуулахын тулд нөхцөл боломжийг нь хэрхэн бүрдүүлэх вэ зэрэг ярих зүйл олон байна. Миний зүгээс хэдэн гишүүдийн хамт Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн гол үзэл санаа нь сонгуулийн үр дүнг будлиантуулах замаар төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах оролдлого хийсэн этгээдүүдэд хүлээлгэх, эрүүгийн хариуцлагыг чангатгах хуулийн төсөл өргөн барьсан. Миний бодлоор тогтолцооноосоо өмнө нь сонгуулиа шударга явуулах тэр механизмыг тэргүүн эгнээнд бүрдүүлэх шаардлагатай. Харин дараа нь тогтолцоогоо ярихад оройтохгүй гэж бодож байна.

-Сонгуулийн үеэр төрийн албан хаагчдыг татан ажиллуулахталаар яригдсан. Энэтухайд?

-Төрийн албан хаагчдаар бүрдүүлэхийн тухайд цаг нь болоогүй гэж үзэж байгаа.Тэд нам бус байж чадаад, хараат байдлаас гараад, хуулийн хүрээнд жинхэнэ бие дааж, ажиллаж чаддаг болсон тэр цагт л энэ талаар ярих хэрэгтэй. Одоо бол энэ асуудлыг ярих хэрэггүй.Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хороо санал тоологчийг автоматжуулах, цахим хэлбэрт шилжүүлэх энэ арга хэмжээг давхар хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ онд иргэдийг ухаалаг үнэмлэхтэй болгох, санал тоологч автомат тоног төхөөрөмж авах зэрэгт төрөөс олон тэрбум төгрөг баталсан. Гэтэл энэ их мөнгийг баталчхаад байхад Сонгуулийн ерөнхий хороо, УБЕГ одоо хэр нь ажлаа эхлүүлэхгүй байна. Мөнгө нь байгаад байхад хүртэл ажилд нь ахиц гарахгүй байна. Аль эсвэл хэн нэгний захиалгаар зориуд ажлаа удаашруулаад байна уу гэж харж байгаа. Нөгөө булхай луйвраа хийх гээд ингэж байж болох л юм. Тиймээс аль болох хүний оролцоо багатай, автомат, цахимжсан үнэмлэхийг нэвтрүүлэх хэрэгтэй.Түүнээс сонгуулийн тогтолцоо ямар байх нь хамаагүй. Сонгуулийн процестоо анхаарах ёстой. Луйврыг эцсийн эцэст хүн л хийдэг биз дээ.

-Тэгэхээр бүх зүйл автомат болоод цахимжлаа гэхэд иргэдийн өгсөн санал 100 хувь үнэн гарах магадлал байгаа юу?

-Ер нь иргэдийн өгсөн санал үнэн гарах магадлал өндөр байгаа.Тэгээд ч гэсэн буруу гарах үндэслэл байхгүй.

-Тэгэхээр хоёр нам ирэх оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах дээр санал нэгдэж , хараахан чадаагүй байна.Тун удахгүй УИХ-ын хаврын чуулган завсарлах гэж байгаа. Харин таныхаар энэ үлдсэн хугацаанд Сонгуулийн тухайхуулиа баталжчадах болов уу?

-Хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч энэ долоо хоногт Сонгуулийн тухай хуулийг дахин хэлэлцэхээр болсон. Уг нь гол гол асуудал дээрээ санал нэгдээд явчихвал бусад нь бараг болчихсон.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.