Ч.Улаан: Ингэж хууль зөрчиж болохгүй
2012.03.14

Ч.Улаан: Ингэж хууль зөрчиж болохгүй

УИХ болоод Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах уу,үгүй юу. Ээдрээтэй энэ асуултад хариулт хайж,ээлжит бус чуулганы хуралдааныг хуралдуулсан ч зөвшилцлийн ажлын хэсгүүд тохиролцож чадсангүй. Эргэлзээтэй асуудлаа хэлэлцэж амжаагүй байхад сонгуулийн хонх цохиж,хэдийнэ сурталчилгаа эхэлжээ. Уг нь шинэчилсэн хуулиар сурталчилгааг хааж гишүүдийг чангатгасан ч тэд сурсан зангаа тавьсангүй. Иймээс МАН-аас ирэх сонгуулиар шударга өрсөлдөхийг өрсөлдөгчдөөсөө уриалсан билээ. Эдгээр асуудлын талаар УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

 

-МАН-аас "Шударга сонгуулийн төлөөх санаачилга" хэмээх уриалга гаргасан байсан. Сонгуулиар шударга өрсөлдөхийг улс төрийн намуудаас уриалсан энэхүү санаачилгыг таны хувьд хэрхэн хүлээж авав?

-Дэмжиж байгаа. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцдаа нэгэнт батлагдсан хуулийг үг бүрчлэн биелүүлэх учиртай. Хуулиар оны эхнээс явуулж болох, болохгүй үйл ажиллагааг тодорхой заагласан. Гэтэл ард иргэдэд эргэлзээ төрүүлэхээр арга хэмжээнүүдийг зарим газар зохион байгуулж байна. Жишээ нь, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа нэрийн дор хориотой урлаг, уран сайхны арга хэмжээ, биеийн тамирын тэмцээн уралдаан зохион байгуулах, ивээн тэтгэх, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, тасалбар тараах зэрэг үзэгдлүүд гарах боллоо. Ингэж хууль зөрчиж болохгүй. Иймээс хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж гишүүнийхээ хувьд үзэж байгаа. Хуулийн хэрэгжилтэд улс төрийн намууд өөрсдөө хяналт тавьж, хууль зөрчсөн аливаа үйлдэл гарахаас сэргийлж байх үүрэгтэй. Энэ үүднээсээ МАН-аас гаргасан уриалгыг цагаа олсон зөв зүйтэй арга хэмжээ гэж дэмжиж байна.

-УИХ болоод Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар эцэслэхээр төлөвлөсөн ч хэлэлцээрт хүрсэнгүй. Таны хувьд хоёр сонгуулийг хамтад нь явуулах боломж бий юу, үгүй юү гэдэгт тайлбар өгөхгүй юу?

-Асуудал бодитой хандах ёстой. Цаг хугацаа тулчихсан байна. Тиймээс одоо боломж байна уу, үгүй юү гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй. Эдийн засгийн үр ашгийг бодвол хоёр сонгуулийг хамт явуулах нь давуу талтай. Гэтэл эдийн засгийн үр ашиг гэхээсээ илүү  асуудалд бодитой хандвал хоёр сонгуулийг хамт явуулах бололцоо байна уу, үгүй юү. Миний үзэж байгаагаар сонгуулийг хамт явуулахын тулд урьдчилан нэлээн бэлтгэл хангах учиртай. Хамгийн наад зах нь иргэний ухаалаг үнэмлэхээ ард иргэддээ хүргэх. Энэ үнэмлэхийн дагуу санал өгөхөөр хуульЧилсан. Дээр нь сонгуулийн дүнг гаргах автомат машин, тоног төхөөрөмжийг экспортлох учиртай. Үүнийг ч хуульчилсан. Тэгэхээр энэ ажлын явц ямар байна. Мөн зохион байгуулалтын олон арга хэмжээ бий. Сонгууль гэдэг төрийн том компанит ажил. Тэгэхээр энэ том ажлыг явуулах зохион байгуулалтын бэлтгэл хангагдаж уу гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Үүний эцэст хоёр сонгуулийг хамт явуулах уу, үгүй юү гэдгээ шийдэх нь чухал гэж бодож байна.

-Тэгвэл өнөөдөр энэхүү боломж нь хангагдсан уу. Сонгууль болоход ердөө л гурван сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд бүрдүүлж амжих уу?

-Эргэлзээтэй байна. Бэлтгэл баталгаатай хангагдсан гэж хэлж чадахгүй. Ер нь ажил хариуцсан байгууллагуудын мэдээллээр ямар ч саатал гарахгүй, машин тоног төхөөрөмж нь зогсолтгүйгээр хоногт 20 цаг ажиллаж, гарсан үнэмлэхийг шуурхай ард иргэддээ хүргэсэн тохиолдолд сонгуулийг хугацаанд нь явуулах боломжтой юм шиг ойлгогдож байгаа. Гэтэл амьдрал баян. Бүх юм тэгж цагийн механизм шиг ажиллаж чадах уу, үгүй юү. Би эргэлзэж байна. Тиймээс асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх нь чухал юм.

-Цахим үнэмлэхийг хугацаанд нь тараахгүйн тулд МАН гацаанд оруулж байгаа талаар АН-ынхан ярьж байсан. МАН-ын гишүүний хувьд үүнд ямар тайлбар хийх вэ?

-Мэргэжлийн байгууллагын өгсөн мэдээллээр МАН-ын сайд энэ асуудлыг хариуцах болсноор ажлын хурд түргэссэн. Түүнээс биш өнгөрсөн оны эхний хагаст багтааж шийдвэрлэх байсан асуудлууд он гараад байхад шийдэгдээгүй. Оны сүүлээр хагас дутуу шийдвэрлэж, энэ оны хоёрдугаар сард цэглэсэн байх жишээтэй. Үүнээс харахад ажил яах аргагүй Засгийн газар дээр саатаж, тэр дундаа хариуцаж байсан хүн нь хэн бэ гэвэл ойлгомжтой, Тэргүүн Шадар сайд. Тэр үед хугацаа алдсан нь үнэн.

-Эцэстээ АН УИХ, ИТХ-ын сонгуулийг хамтад нь, харин сум, хорооны хурлыг аравдугаар сард явуулах санал дэвшүүлсэн. Энэ байж болох хувилбар мөн үү?

-Энэ бол' байж болох л хувилбар гэж бодож байна. Бүх шатны сонгуулийг нэг дор явуулах нь ард иргэддээ болон техник хэрэгсэлдээ ачаалал өгч байгаа бол тодорхой хэмжээгээр ачааллыг нь багасгаж хоёр хуваах нь илүү бодитой байж магадгүй. Ер нь бүх сонгуулийг нэг дор явуулна гэвэл УИХ-ынхыг л гэхэд хоёр хуудсан дээр санал өгнө. Аймаг, орон нутаг хэд хэдэн хуудас, сум, хороо мөн ялгаагүй. Тэр бүхнийг өнөөх автомат машин ялгаж, салгаж уншина. Энэ мэтчилэн хүндрэлтэй асуудлууд үүсч магадгүй юм. Энэ үүднээсээ ямар ч байсан хоёр хуваах тухай санал гарч байгааг авч үзэх ёстой хувилбар гэж бодож байна.

-Зөвшилцлийн ажлын хэсгүүд тохиролцож чадахгүй явсаар хугацаа болбол хоёр сонгуулийг хамтад нь явуулах болно хэмээн АН мэдэгдэж байсан. Хүчин төгөлдөр хуулийнхаа хүрээнд энэ нь эрх зүйн боломжтой гэсэн үг үү?

-Хоёр сонгуулийг хамтад нь нэг өдөр зохион байгуулах хуультай байгаа. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ дагуу хоёр сонгуулийг хамтад нь явуулж болох байх. Зарим нь саналаа тоолох, дүнгээ гаргах, сонгуульд оролцогчдыгоо зохион байгуулах асуудал дээр хүндрэл, бэрхшээл өчүүхэн төдий ч саатал гарвал дараа нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд ойлгомжгүй байдал үүсч болзошгүй гэсэн болгоомжлол байна. Түүнээс биш Монголын ард түмэн саналаа зөв өгч чадахгүй гэж эргэлзэж байгаа хүн байхгүй байх. Гол нь олон санал өгөх ажил нэг дор давхардаж, ажлын чиг нэмэгдсэнээс болж үр дүнгээ гаргах, үнэлж, дүгнэх асуудал дээр хүндрэл гарч болзошгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.