Ж.Энхбаяр: Сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулах байх
2011.12.14

Ж.Энхбаяр: Сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулах байх

-Та тойрогтоо очиж, 200 гаруй чоно авласан юм уу. Сүүлийн үед ингэж яригдаад байх юм? -Би өнгөрсөн есдүгээр са­раас хойш Говь-Алтай аймагт очиж амжсангүй. Ардын на­мын Бага хурлаар хөгжлийн хөтөлбөр боловсруулах то­моохон ажлын хэсэг гаргасан. Би ажлын хэсэгт орсон бо­лохоор толгой өндийх завгүй ажиллаж байна.

-Тэгвэл та чоно авлах ажлыг санхүүжүүлсэн хэрэг үү?

-Говь-Алтай аймгийн За­саг дарга, Иргэдийн тө­лөөлөгчдийн хурлын захи­рамж гарч, чоно авлах шийд­вэр гаргасан. Үүний да­гуу аймаг даяараа уг үйл ажил­лагааг зохион байгуулж, нэ­лээд үр дүнтэй ажиллалаа. Говь-Алтай аймагт сүүлийн 20-оод жилд чонын бэлтрэг суулих ажил хийгээгүй. Энэ хугацаанд чонын тоо толгой өссөн. Малчдын хөдөлмөрийн үр шим болсон хэдэн малд нь аюул учирсан болохоор малчид үүнд анхаарах хэрэгтэйг сануулсан юм. Чоно нэг мал идээд орхидоггүй. Нэг дор 10 төлийг сэглэж хаядаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хоёр талаас нь бодож үзэх хэрэгтэй. Малчдыг үгүйсгэж, муулж болохгүй. Хөдөө, орон нутагт л Монголын ёс заншил, сайн, сайхан бүхэн үлдэж. Гэтэл улаанбаатарынхан мөнгө л олж байвал сүнсээ худалдахад ч бэлэн болчихсон.

-Хэрэв та нийслэлээс сонгогдсон бол ингэж ярих байсан гэж үү?

-Ялгаа байхгүй. Нийслэлийн иргэдийн өмнөөс “Золбин нохойг устгаж өгөөч” гээд л хүсэх байсан.

-УИХ-ын гишүүн Г.Баярсайхан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос таныг хөөх хэрэгтэй гэсэн. Г.Баярсайхан гишүүн чоно хамгаалах тухай ярьдаг болохоор ингэж хэлсэн байх?

-Та бүхэн мартаагүй байх. Х.Баттулга сайд хэдэн жилийн өмнө чонын авыг зохион байгуулж, өөрөө худалдан авч байсан шүү дээ. Тухайн үед түүний үйлдлийг хэвлэлээр магтаж байлаа. Харин одоо Ж.Энхбаяр муу хүн болохоор ингэж муулаад байгаа юм уу. Г.Баярсайхан гишүүний хувьд түүнтэй уулзсан. Намайг өөрөө очиж чоно авласан гэж бодсон юм билээ. Би өөрийгөө очоогүй гэдгээ Г.Баярсайханд хэлсэн. Чоно авлахад тусласан гэж хүмүүс надад баярласнаа илэрхийлсэн. Зарим аймгийнхан ийм үйл ажиллагааг зохион байгуулаач гэж ярьж байна лээ. Тухайлбал, Өвөрхангай, Архангай, Завхан зэрэг аймгийнхан.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байнга шахуу гацаанд орох юм. Хуулийн төслийг батлахгүй байх сонирхол их байна уу?

-Намын бүлгүүд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах шийдвэрт хүрсэн. Энэхүү төсөл хоёр онцлогтой. Нэгдүгээрт, сонгуулийн үйл явцад үүсэж болохуйц асуудлыг маш сайн шийдвэрлэсэн юм. Нөгөөтэйгүүр холимог системийг сонгосон. Гэхдээ энэ нь эрх зүйн маргаан дагуулах болов уу гэж бодож байгаа.

-Уг төслийг Үндсэн хуулийн Цэцэд очиж “унана” гэж бодоод байгаа юм уу?

-Холимог систем дотроо пропорциональ буюу 28-д орсон нэр дэвшигч иргэдээс ямар ч санал авахгүй. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүст иргэд санал өгөхгүй. Тиймээс ийм зарчим нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөөд байгаа юм. Үүнийг зарим гишүүн “76 нэр дэвшигчийн нэр заагаад дэвшүүлж байгаа болохоор Үндсэн хуульд буй “шууд сонгоно” гэх заалтыг хангана” гэж ярих юм. Минийхээр энэ асуудал л их маргаан үүсгэх болов уу.

-Аймаг, нийслэлд тойргийн тоо цөөрч байгаа. Танай намын бүлгээс гэхэд тойроггүй хоцрох магадлалтай хүмүүс бий. Үүнтэй холбоотойгоор нам доторх уур амьсгал ямар байгаа вэ?

-Ер нь улс төрийн дотоод зөрчил харьцангуй бага гарч байна. Ардчилсан намын 25, манай намын 45 гишүүн 48 тойрог, намаас сонгогдох 28 гэсэн хувилбараар сонгогдох боломжтой.

-Нөгөө талаас 48 тойрог дээр л сонгууль болох гээд байна. Пропорциональ буюу 28-д орсны үр дүн гарахгүй гэх шүүмжлэлд та юу хэлэх вэ?

-Уг систем нь 48-д давуу нөхцөл олгож байна. Мажоритарид өрсөлдөөд ялагдсан ч гэсэн авсан саналынхаа квотоор гарч ирэх бололцоо бүрдэнэ. Энэ ч бас маргаан үүсгэх байх.

-Хоёр намын бүлэг ма­жоритариас пропорциональ руу гул­сахдаа нэг нь 28, нөгөөх нь 30 хувийн босготой байх тухай санал зөрөлдөөд байгаа. Үүнээс харахад хоёр хувийн саналын зөрүү бий. Энэ нь нэр дэвшигчдэд тийм их нөлөөлнө гэж үү?

-Сонгуулийн үеэр таван хүний саналаар ялагдаж байсан тохиолдолд байдаг. Олон тойрогт бол гурван тооны дотор сонгуулийн хувь заяа шийдэгддэг. Ялангуяа Улаанбаатарт. Өөрөөр хэлбэл олон нэр дэвшигч саналыг сайн хуваадаг юм. Иймээс 1-3 гэх бүхэл хувь маш өндөр гэсэн үг. Гэхдээ одоо бол 28, 30-д зарчмын хувьд бараг ялгаа байхгүй дээ. Хамгийн гол асуудал энэ биш.

-Тэгвэл асуудал нь юунд байгаа гэж?

-Ямартай ч хувьд байгаа биш юм.

-Холимог системд байна гэж үү?

-Миний итгэл үнэмшлээр бол Сонгуулийн тухай хуулийн ши­нэчилсэн найруулгын төсөлд тус­гасан холимог системээр ирэх сонгуулийг явуулахгүй болов уу даа.

-Ирэх сонгуулийг хуучин тогтолцоогоороо явуулна гэсэн үг үү?

-Систем нь хуучнаараа явах байх. Учир нь уг хуулийн төсөлд эрх зүйн маргаан үүссэн нөхцөлд ингэж явахаас өөр аргагүй болно.

-Ардын нам Ёс зүйн дүрмээ батлахдаа ёс зүйгээ зөрчсөн гишүүдэд хатуухан хариуцлага хүлээлгэх талаар тусгасан. Үүнийг зөв гэж үзэж байгаа юу?
 

-Нам өөрөө хариуцлагатай байх нь чухал. Намын гишүүд ямар нэгэн үйлдэл гаргавал эргээд намын нэр хүндэд шууд нөлөөлдөг. Иймээс намын дэмжлэгтэйгээр улс төрийн албан тушаалд томилогдсон гишүүдийн сахилга хариуцлагыг сайжруулъя гэдэг үүднээс эгүүлэн татах, улс төрийн хариуцлага тооцох тухай Ёс зүйн дүрэмдээ тусгасан. Намын хяналтын байгууллагад удирдлагаас үл хамааран бие даан хэрэгжүүлэх эрхийг нь олгосон юм.

-Ямар үйлдэл гаргасан хүнийг ёс зүйгүй гэж үзэх юм бэ. Хэрэв намын дарга, удирдлагадаа шаардлага тавиад муулчихвал ёс зүйгүй үйлдэл болчих уу?

-Улс орны эрх ашгийг юун түрүүнд тавих учиртай. Харин энэ эрх ашгаас хазайж байгаа бол ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзнэ. Мөн төрийн өндөр албан тушаалыг хувийн сонирхолд ашиглан хөрөнгөжих үүд хаалга гэж үзэх тохиолдол олон байдаг.

-Гэхдээ намдаа нэр хүндтэй хуучин гишүүд ёс зүйгүй үйлдэл гаргавал танай намын удирдлагууд “Та ёс зүйгүй үйлдэл гаргалаа” гэж хэлэх итгэл үнэмшил бий юү?

-Ёс зүйн хяналт тавих байгууллага нь намын их хурлаас байгуулагддаг. Тэд хийсэн ажлаа их хуралд тайлагнадаг. Өөрөөр хэлбэл намын дотоод аудитын байгууллага гэсэн үг. Тиймээс хөндлөнгөөс хяналт сайн тавьж чадах байх. Ер нь дэлхий нийтийн улс төрийн үйл явцыг ажиглаж байхад өнөөдөр хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байх нь хамаагүй. Гагцхүү маргааш нь хариуцлага хүлээдэг. Дэлхийн улс оронд ийм шударга зарчим үйлчилж байна. Үүнийг Монгол Улс тойрч гарахгүй. Энэ утгаараа Ерөнхий сайд, том дарга байсан гэдгээрээ халхавчлан ёс зүйгүй үйлдлээ хаацайлах боломжгүй. Ирээдүйд ч ийм зүйл болох учиргүй. Ингэхийн тулд бид зүтгэж яваа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Ардын намын хууччуултай хэвлэлээр “дайтаж” байна. Ахмад улстөрчдийн энэ үйлдлийг залуу улстөрчийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Парламентад байгаа залуу гишүүний хувьд энэ талаар ажиглаж сууна. Залуучууд энэ тухай ярилцдаг. Бид улс төрд аль түвшин хүртэл ёс зүйн хэм хэмжээг баримтлах ёстой вэ, ямар хил хязгаарыг давбал ёс зүйгүй болох талаар санал солилцдог. Энэ хүмүүсийн үйлдэл бидэнд маш сургамж болж байна.

-Н.Энхбаярын ёс зүй хэм­жээнээсээ хэтэрсэн гэж үзэж байгаа юу?

-Аливаа юм чинь цаг үеэрээ байдаг. Харин бид үнэт болон эрхэмлэдэг зүйлээрээ ялгардаг.  Тэгтэл түүний үйлдэл миний баримталдаг зарчимтай нийцэхгүй байгаа.

-Н.Энхбаяр, М.Энхсай­хан нар хамтраад ирэх сон­гуульд амжилт үзүүлж чадах болов уу?
 

-Аливаа улс төрийн намууд сонгуульд ялна гэж оролцдог. Ингэхийн тулд тэд хамтраад ажиллаж байна. Хэн хэн нэгдэж, хаана, ямар үйл ажиллагаа явуулах нь ардчиллын үнэт зүйл юм. Тэгээд ч нэгдэж, нийлэх нь тухайн хүний  асуудал. Иймээс үүнд эрүүл ухаанаар хандах хэрэгтэй.

-Энэ үйл явцыг өөрийнхөөрөө дүгнэхгүй юү?

-Үүнийг би дүгнэх нь учир дутагдалтай юм.

-МАХН-ынхан танай намын саналд нөлөө үзүүлэх үү?

-Тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх байх. Гэхдээ энэ нь намыг шинэчлэх үйл явцад томоохон сорилт боллоо. Харин бид уг сорилтыг давж гарах ёстой. Ямартай ч энэ асуудал сонгуулийн үр дүнгээс харагдах биз ээ. Миний бодлоор энэ бүгдийг давж гарна гэдэгт итгэлтэй байна.

-Тойргийн тоо цөөрөхөөр УИХ-ын гишүүдийн иргэддээ хүрч ажил­лах боломж нь хомс болно гэх хү­мүүс байгаа. Та үүнийг юу гэж бо­дож байна вэ?

-Мандатын тоо цөөрч байгааг таатай хүлээж авахгүй байгаа. Монголын ард түмэн хүнийг харж, уулзаж, ярилцаж, таньж, удам угсааг нь судалж байж мэддэг онцлогтой. Ингэсний үндсэн дээр өөрсдийнхөө төлөөллийг УИХ-д суулгадаг. Гэтэл мандатын тоо цөөрчихөөр ард түмэн, төр хоёрын холбогдох сэжим нарийсна. Тэгэхээр холимог тогтолцоо өнөөдөр цаг үеээ олсон уу гэвэл би “Үгүй” гэнэ. Монгол Улс хөгжих үү, ухрах уу гэсэн ийм цаг үед ард түмэн таньж мэдсэн, шигшсэн хүмүүсийг төрд оруулах шаардлагатай. Ялангуяа УИХ-ын 2012 оны сонгуульд. Ийм үед ялагдсан эсвэл ард түмнээс сонгогдоогүй хүн парламентын гишүүн болно гэдэг утгагүй. Сонгуулийг холимог системээр явуулах нь цаг хугацааны хувьд арай эрт юм болов уу. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн ши­нэ­чилсэн найруулгын төсөлд сон­гуулийн үйл явцыг сайжруулсан өөрчлөлтийг хэвээр үлдээж, системээ хуучнаар нь явуулбал зүгээр юм. Орон нутагт хүмүүс амьдарч байж л улс орон оршин тогтнож байгаа шүү дээ.

-Танай тойргийн мандат хэд болж байгаа билээ?

-Өмнө нь хоёр байсан бол одоо нэг болж байгаа.

-Та мажоритари, пропор­ционалийн алинд нь өрсөлдөх юм бэ?

-Би өөрөө шийдэхгүй шүү дээ. Алтайн хүмүүсийн саналыг Ардын намынхан хэрхэн харж үзэхээс шалтгаална.

-Говь-Алтайн тойрог нэг болж байгаа болохоор та холимог системийг “буруу” гээд байгаа юм биш үү?

-Тойрог багасч байгаад биш. Говь-Алтай бол Монголын хоёр дахь том аймаг. Ийм аймгийг нэг хүн төлөөлнө гээд бодоод үз дээ. Яаж болох юм бэ. Иймээс л Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн най­руулгын төсөлд хуулийн маргаан үүснэ гээд байгаа юм.

-Та хуулийн маргаан үүсгэх гээд байгаа юм уу?

-Таньдаг, мэддэг хуульчид, манай сургуулийн багш нар гээд олон хүн уг асуудалтай холбоотойгоор маргаан үүсгэх гээд бэлтгэж байна. Энэ бол улс төрөөс илүүтэйгээр онолын асуудал юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.