Н.Энхболд:Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхаас тусад нь явуулна
2011.12.21

Н.Энхболд:Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхаас тусад нь явуулна

УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.

Сонгуулийн тухай хуулийг УИХ баталчхаад одоо Ерөнхийлөгчийн хориг тавих эсэхийг хүлээж байна. Сонгуулийн тухай хууль УИХ-аар батлагдсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар хэвлэлийн хурал зарласан юм. Энэ үеэр Н.Энхболдоос дараах зүйлийг тодрууллаа.

-Хууль батлагдсан учир сонгууль хэрхэн явагдах ньойлгомжтой болчихсон. Гэвч зарим нэг ойлгомжгүй, тодорхойгүй зүйл дээр нэмэлт мэдээлэл авъя. Сонгуулийн тухай хуульд олон зүйл хориглосны нэг нь хишиг, хувь амлах. Энэ заалтыг оруулсан нь өмнө хийсэн алдаагаа дахин давтахгүй гэсэн хэрэг үү?

-Сонгуулийн тухай хуулийг хэн нэгэн эрхэм сонгогдож, парламентын гишүүн болох тухай бодож биш, сонгогчийн санал тусгалаа олох, үр дүн нь ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж л боловсруулан, ажилласан. Аль нэгэн нам, хэн нэгэн улстөрчийн сайн сайхны төлөө гэсэн нэг ч заалт тусгагдаагүй.

-Сонгуулийг автомат машинаар тоолохын тулд ухаалаг иргэний үнэмлэх бий болгосон. Тэгвэл сонгуулиас өмнө иргэд ухаалаг иргэний үнэмлэхээ гар дээрээ бүрэн авч амжих болов уу?

-Хамгийн сүүлд Байнгын хорооны хурал дээр дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүх иргэн ухаалаг иргэний үнэмлэхээ авсан байх талаар холбогдох албаны хүмүүс нь хэлсэн.

-УИХ-ын болон орон нутгийн сонгууль зэрэг болно гэлээ. Яаж зохион байгуулах гэж байна вэ?

-Гишүүдээс янз бүрийн санал гарч байгаа. Орон нутгийн сонгуулийг энэ удаа УИХ-ынхаас тусад нь явуулъя гэсэн саналыг хамгийн сүүлд надад өргөн барьсан.Уг нь саналыг нэлээд олон гишүүн дэмжин гарын үсгээ  зурсныг үзэхэд дэмжигдэх магадлал өндөр юм билээ.

Хэрвээ энэ санал дэмжигдвэл энэ удаадаа орон нутгийн сонгууль УИХ-ынхаас  тусдаа болох байх.

Үүнд орон нутгийн сонгуульд намаас биш иргэдээс нэр дэвшдэг байхаар санал орж ирсэн. Хэрвээ ингэвэл үүнийг дагаад олон зүйл өөрчлөгдөнө л дөө. УИХ-ын сонгуулийн бүх юм нь шинэ, энэ удаагийн сонгуулиар цоо шинэ олон зүйлийг турших гэж байна. Тиймээс үүнтэй зэрэгцээд орон нутгийн сонгуулийг явуулах нь эрсдэлтэй гэж үзсэн учраас дээрх санал энэ удаа дэмжигдэх л болов уу.

Сонгогчдод санал өгөх хэдэн хуудас очих вэ?

-Сонгогчид нэг л хуудас очно. Эхлээд тухайн тойрогт нэр дэвшигчдийн нэрсийг жагсаасан байна. Үүнээс хоёр мандаттай тойргийн сонгогч бол хоёр л нэр дугуйлна. Үүний дараа намуудын нэрс Дээд шүүхэд бүртгүүлж нэрээ авсан дарааллаараа жагссан байна. Үүнээс сонгогч нэг л намын нэрийг дугуйлна гэсэн үг.

-Зөвхөн санал хуваах зорилгоор нэр дэвшдэг хүмүүс бий. Үүнийг зохицуулах вэ?

-Сонгуулийн хуудас хэвлэгдсэнээс хойш нэрээ татахыг хориглосон. Нэр дэвшигч нас барахаас бусад тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхийг бас хориглосон. Ингэвэл тойрог наймаалцах, санал хуваалцах зорилгоор хүн нэр дэвшүүлэх явдал үгүй болох болов уу.

-Гадаадад ажиллаж, амьдардаг иргэдийнхээ саналыг авахаар болсон. Яаж, ямар механизмаар санал хураах талаар?

-Энэ   журмыг СЕХ, Гадаад хэргийн яамтай хамтран гаргана. Тодорхой зүйл гэвэл, гадаадад ажиллаж, амьдарч, сурдаг хүмүүс тухайн газар дахь дипломат төлөөлөгчийн газартаа өөрийн биеэр очин саналаа өгнө. Ингэхдээ зөвхөн намд саналаа өгөхөөс биш, нэр дэвшигчийг дугуйлах асуудал байхгүй. Тэдний саналыг хайрцагт хийж битүүмжлээд сонгууль болохоос 15 хоногийн өмнө СЕХ-ны байранд хүргүүлнэ.

-Архи, тамхины бизнес эрхэлдэг хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төсөл дэмжлэг авсангүй. УИХ үнэхээр архичдад хайр зарлаад байгаа хэрэг үү?

-Архи, тамхины эсрэг тэмцэх өөр олон арга зам бий шүү дээ. Бид ингэж Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхэд харшилж болохгүй. Тэгвэл дараа нь уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэвэл яах вэ.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа хийхийг цаг заан хязгаарласан. Тэгвэл нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанаас өөр зүйл яривал яах вэ?

-Нэр дэвшигчид сонгуулиас өөр зүйл яриад суух зав гарна гэж үү. Нэр дэвшигч гарч л байгаа бол түүнийг сонгуулийн сурталчилгаа гэж үзнэ.

-Сонгуулийг ажлын өдөр явуулахаар тогтсон. Энэ өдрийг амралтын өдөр хэмээн зарлах уу?

-Тэгнэ.

-Намын нэрийн дор 28 хүний нэр бичигдэнэ гээд байгаа. Тэгвэл сүүлийн 14-т бичигдсэн хүмүүс сонгогдох найдвар үнэхээр бага. Энэ жаахан шударга бус явдал бишүү?

-Энэ шударга бус явдал биш. Харин ч бид шинэ соёл авчирсан гэж бодож байгаа. Тэгвэл намын нэрийн дор 78 хүний нэр жагсаавал яах вэ. 14 биш 39 хүн сонгогдох найдваргүй болно биз.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ-д суудалгүй намууд Үндсэн хуулийн цэцэд өгнө гэсэн сураг гарлаа. Үндсэн хуулийн цэц дээр унавал яах вэ?

-Иргэн та хэн ч байсан үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй. Үндсэн хуулийн цэц дээр унасан ч, бүхлээрээ унана гэж байхгүй л дээ. Энэ хуулийн тодорхой хэсэг бүлэг, зүйл, заалт л унана. Тэгээд ч, хэрвээ энэ хуулийн бүлэг, зүйл, заалт унаснаас болж ямар нэгэн асуудал үүсвэл дүгнэлт гаргасан Үндсэн хуулийн цэц өөрөө хариуцлага хүлээх хуультай.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.