С.Эрдэнэ:  “Ард түмнийг хуурч мэхлэх замаар амлалтаа биелүүлсэн мэт дүр эсгэх хэрэггүй”
2010.09.14

С.Эрдэнэ: “Ард түмнийг хуурч мэхлэх замаар амлалтаа биелүүлсэн мэт дүр эсгэх хэрэггүй”

Ард түмнээ хэд дахин хуурч болохгүй биз дээ

-Хаврын чуулган төлөвлөсөн хугацаандаа завсарлаж амжаагүйгээс гишүүдийн тойрогтоо ажиллах хугацаа нэлээд шахагдаж байх шиг байна. Таны хувьд Улаанбаатар хотын гишүүн гэдгээрээ онцлогтой ч хамгийн олон иргэдтэй дүүргийн нэг байгаа. Дүүргийнхээ сонгогч гишүүдтэй хэр ойр ажиллаж байна?

-Давхардсан тоогоор 10 гаруй удаа сонгогчидтойгоо уулзсан. Төрийн ордонд 1800 орчим иргэнийг хүлээн авч уулзлаа. Төрийн ордны түүхтэй танилцуулж, есен хөлт туганд мөргүүлж, хийсэн ажлаа тайлагналаа. Өрхийн эмнэлгийнхэн, багш нар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хуга-цаанд "Баянгол хөгжил" гэсэн ерөнхий хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байна.

-Тойргийн иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдол хэр их ирж байна?

-Өдөрт 10-20 өргөдөл ирдэг. Сардаа бол 400-500 өргөдел, санал хүсэлт ирдэг юм. Мөнгө төгрөг, орон гэр, эмчилгээний зардал гээд л. Мэдээж, бүгдийг нь шийдэж чадахгүй шүү дээ. Тиймээс холбогдох байгууллагатай харилцаа холбоо тогтоож өгөх, эрх зүйн хүрээнд шийдэж болох гарц гаргалгаа юу байна гээд зөвлөгөө өгдөг юм.

-Танд хандсан иргэдийн хэдэн хувийнх нь хүсэлтийг биелүүлээд байна?

-30-40 хувийг нь шийдэж өгсөн. Ажлын байр, мөнгө, эмчилгээний зардал, орон сууцгээд дандаа л материаллаг зүйл байдаг л даа. Гол төлөв УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд шийдэх боломжгүй зүйл байдаг.

-"Баянгол хөгжил" хөтөлбөрийнхөө хүрээнд  ямар ажлуудыг хийж эхлээд байна. Цаашид энэ хөтөлбөртөө юу, юу хийхээр тусгасан байгаа вэ?

Лифт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлчихсэн. ОХУ-аас мэргэжлийн хүмүүс ирсэн.МХЕГ-аас ажлын хэсэг гарч Баянгол дүүргийн 437 цахилгаан шатанд шалгалт хийсэн. Нэн яаралтай зогсоох шаардлагатай 22 лифтэнд акт тавьсан. Мөн 283-ыг нь солих шаардлагатай гэсэн. Нийслэлийн Засаг даргын багцад лифтний шинэчлэлийн хөрөнгө оруулалтад хэдэн төгрөг суусан байгаа. Үүнээс 600 сая төгрөгийг Баянгол дүүргийнхээ 22 цахилгаан шатыг солиход зарцуулах тухай саналаа нийслэлийн Засаг даргад албан ёсоор тавьсан. Ямар ч байсан хөрөнгө нь батлагдсан болохоор шийдэгдэх байх. Гурав, дөрөвдүгээр хороололд байдаг хоёр давхар шар сургуулийн байшинг давхарлаж болно гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Хэрэв энэ төсөл хэрэгжих юм бол Баянгол дүүрэгт байгаа ийм загварын найман сургуулийг давхарлаж болно.

-Энэ төслөө аль сургууль дээр туршиж үзэх гэж байгаа юм бэ?

-96 дугаар сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Манай дүүрэгт газрынасуудал хүнд. Шинээр сургууль барих нь хөрөнгө мөнгө, инженерийн шугам сүлжээгээд зардал өндөртэй. Харин сургуулиа давхарлавал зардал бага гарна.

Баг, хорооны Засаг дарга нар төрийн сонгуулийг будлиантуулж өөрчилдөг болсон

 

-Удахгүй намрын чуулган эхлэнэ. Та бүхнийг олон асуудал хүлээж байгаа. Үүний нэг нь сонгуулийн тухай хууль. Энэ хууль ямар хувилбараар батлагдахыг  ард түмэн чих тавин хүлээж суугаа нь лавтай. Таны хувьд  сонгуулийн аль тогтолцоог дэмжиж байгаа вэ?

-Сонгуулийн тогтолцоо ямар байх нь чухал биш. Яагаад гэхээр хүн амын бүртгэл судалгаагаа нарийн гараагүй энэ үед сонгуулийн ямар ч тогтолцоог сонгосон шударга болно гэсэн баталгаа байхгүй. 2008 оны УИХ-ын сонгуулиар нийслэлд сонгуулийн насны 700 мянган хүн байна гэсэн. Гэтэл энэ сонгуулиас хэдхэн сарын дараа болсон Орон нутгийн сонгуульд 400 мянган хүн сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн байх жишээтэй. Нөгөө 300 мянган хүн хаачив. Энэ асуултад хариулах хүн олдохгүй л байна. Хүн амаа тоолж чадаагүй байж мянган гоё сонгуулийн хууль яриад яах юм бэ. 2008 онд сонгууль явуулсан хууль хэвээрээ байна уу, пропорциональ байх уу ялгаа байхгүй. Ямар ч өөрчлөлт гарахгүй.

-Улс орон даяар шинэчилсэн бүртгэл явуулж эхэлсэн. Тэгэхээр Сонгуулийн хууль батлахтай зэрэгцээд хүн амын тоо үнэн зөв гарчихвал болчих юм биш үү?

-Найдаж л байна. Үндэсний статистикийн хорооны дарга солигдсон болохоор гайгүй зүйл хийнэ гэж бодож байна. Хүн амын тоог нарийвчилж гаргасан тохиолдолд сонгуулиа аль ч хувилбараар явуулсан болно. Гэхдээ үүний хажуугаар сонгууль будлиантуулдаг хүмүүстэй тооцох хариуцлагаа чангатгах хэрэгтэй байна. Энэ бүхнийг цэгцэлсний дараа л сонгуулийн тогтолцооны талаар ярих хэрэгтэй байгаа юм.

-Сонгууль будлиантуулдаг гэж хэсгийн    хороонд    ажилладаг хүмүүсийг хэлээд байна уу?

-Тийм. Баг, хорооны Засаг дарга л төрийн сонгуулийг будлиантуулж өөрчилдөг болсон. Энэ хүмүүс төр эсрэг гэмт хэрэг хийж байна шүү дээ. Монгол төрийг хуурамчаар байгуулсан. Үүнийг байгуулсны горыг Монголын түмэн өнөөдөр амсч байна. Эн нь үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа хэрэг. Тиймээс ийм луйварчдыг төрийн онц хүнд гэмт хэрэгтний ангилалд багтааж шийтгэх хэрэгтэй.

-Гэхдээ намын бүлгүүд сонгууль будлиантуулдаг хүмүүст хариуцлага тооцох талаар биш, яг тогтолцоогоор явуулахаа л яриад байна шүү дээ?

-Гишүүд янз бүрийн л бодол санаатай байгаа байх. Зарим гишүүн сонгууль яагаад будлиантай бог гэдгийг нарийн судлаагүй л байх. Харин нөгөө хэсэг нь сурсан зангаараа ямар хувилбарыг сонговол зохион байгуулалттай луйвраа хийж болох вэ гэдгээ л харж байгаа шүү дээ. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж яриад байгаа гишүүдийг хараад байхад сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүмүүс л байгаа юм. Сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гишүүний хувьд аль ч хувилбарыг сонгосон хамаагүй л байхгүй юу. Надад бол аль ч сонгуулийн хувилбар хамаагүй.

Төсөвт хүүхдийн мөнгө олгох, эх үүсвэр суулгах

бүрэн боломж бий

-Мөн удахгүй танай намын ҮЗХ ирэх аравдугаар сард хуралдана. АН-ын даргыг огцруулах, хамтарсан Засгийн газраас гарах гээд олон асуудлыг энэ хуралдаанаар хэлэлцэнэ гэж ярих боллоо?

- АН-ын даргыг огцруулах, хамтарсан Засгийн газраас гарах талаар ярилцсан тохирсон зүйл байхгүй. Бид өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдал, цаашид ямар хандлага гарах нь гэдгийг л түлхүү анхаарч, дүн шинжилгээ хийж байгаа. АН-ын ҮЗХ-ны хувьд дүрмийн дагуу аравдугаар сард хуралдах ёстой. Түүнээс биш АН-ын даргыг огцруулж, Засгийн газраас гарна гэсэн зүйл ямар нэгэн төвшинд яригдаагүй байх.Би лав сонсоогүй юм байна. Санаатайгаар ийм яриа дэгдээх сонирхолтой хүн байж болох л доо. Ер нь бол шаардлагатай гэвэл намын дарга ч байна уу, Засгийн газраас гарах ч гэх үү, юу ч байсан ярьж болно. Эмзэглээд байх зүйл алга. Шаардлага хангаж байвал хэн ч байсан намын даргаа хийгээд л явна биз. Хамтарсан Засгийн газар ард түмний хүсэл зорилгод нийцээд, хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадвал цаашид ажиллаад л явна. Хангаж чадахгүй байвал сольж, холих нь энгийн л зүйл шүү дээ. Гэтэл сүржигнээд л, галав юүлэх гэж байгаа мэт ярих хэрэггүй л байхгүй юу. Энэ бол байдаг л зүйл, хэвийн үзэгдэл гэдгийг эхлээд хэлчихье. Нам шаардлага хангахгүй байна гэвэл удирдлагаа сольдог. Аль ч Засгийн газар хангалтгүй ажиллавал огцордог жамтай.

-Таныхаар шаардлага хангаж чадаж байна уу?

-Хамтарсан Засгийн газар байгуулаад тодорхой асуудлаар ажил хийсэн, бүтээсэн. Үгүйсгэх аргагүй. Гэхдээ ард түмний хүсэн хүлээж байсан хэмжээнд ажилласан уу гэвэл үгүй.

рдчилсан хүчний холбоо бол УИХ дахь АН-ын бүлэгт үүссэн "Эрдэнийн хувь" бүлгийн бааз суурь гэдэг. Сонгуулиар амласан "Эрдэнийн хувь"-иа шийдэхгүй бол намын даргыг огцруулна гэж хүртэл ярьж байсан. Одоо ямар байр суурьтай байгаа вэ. "Эрдэнийн хувь"-ийг хэзээ эздэд нь өгөх вэ?

-"Эрдэнийн хувь"-ийн асуудал Хүний хөгжил сангийн тухай хуулиар хуульчлагдсан. Ашигт малтмалаас олох орлогын тодорхой хэсгийг хувьцаа хэлбэрээр ард түмэнд тараана гэсэн санаа бол манай амлалт. Өөрөөр хэлбэл, хууль болгоод баталчихсан. Одоо хуулийн хэрэгжилтийг л хангах ёстой. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газар энэ чиглэлд хүч тавихгүй л байна. Энэ мэтчилэн хангалтгүй ажиллаж байгаа үзүүлэлт Засгийн газарт олон байгааг хэлье.

-Хууль талаасаа биелчихсэн юм бол аяндаа хэрэгжинэ гэсэн үг биз дээ?

-АН амлалтаа хуулийн хүрээнд хэрэгжүүлчихсэн.Хуулийг нь баталсан шүү дээ. Тэгэхээр аяндаа хэрэгжээд л эхэлнэ.

-Танай намын зарим гишүүн арай өөр байр суурьтай байгаа юм биш үү. Хүний хөгжил сангаас өгч байгаа 1.5 сая төгрөг бол зөвхөн МАХН-ын амлалт гэх юм билээ?

-"Эрдэнийн хувь" 1.5 саятай хамааралгүй. Хүний хөгжил сангийн тухай хуульд ашигт малтмалын орлогыг иргэддээ хувьцаа хэлбэрээр олгоно гэсэн заалт бий. Түүнээс 1.5 сая бол Хүний хөгжил сангийн тухай асуудал биш. Хүний хөгжил сангийн хуульд наагаад, байх зүйл биш. Хүмүүс буруу. ойлгоод байх юм. МАХН-ын 1,5 саяын амлалтыг биелүүлэх гэж УИХ Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлаагүй. Энэ бол төрийн бодлогоор гарч ирсэн хууль.

-Та төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар, УИХ-д хандан уриалга гаргаж байсан. Хүүхдийн мөнгийг буцааж сэргээх таны уриалга, АН-ын санаачилга харамсалтай нь хэрэгжсэнгүй.

-Энэ онд 120 мянган төгрөг бэлнээр олгох шийдвэр гаргасан. Эхлээд 70 мянгыг нь өгсөн. Одоо болохоор үлдсэн 50 мянгыг нь арав, арваар нь хувааж өгөхөөр шийдсэн юм билээ. Үүнийг би ард түмнээр тоглосон үйлдэл гэж харж байгаа. Хэнийг хуурах гээд байгаа юм. Хүүхдийн мөнгийг сэргээсэн ч юм шиг, нөгөө талаасаа 1.5 саяын нэг хэсэг ч юм шиг. Ингэж ард түмнийг хуурч мэхлэх замаар амлалтаа биелүүлсэн мэт дүр эсгэх хэрэггүй шүү дээ. Үнэндээ явцгүй арга л гэж хэлье. Бид өөрсдийгөө ухаантай гэж бодоод байх юм. Ард түмэн илүү ухаантай шүү дээ. Болчимгүй тоглоом хийдгээ Засгийн газар болих хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг өгч чадахгүй гэвэл хариуцлагаа хүлээгээд л огцрох ёстой. Шударгаар буруугаа хүлээх чадвар даанч алга.

-Тэгэхээр хүүхдийн мөнгийг сэргээх боломжгүй гэсэн үг үү?

-Гишүүд янз бүрээр л ярьж байна. Зарим нь ирэх оноос Хүний хөгжил санд суулгая ч гэсэн санал гаргасан. Миний хувьд төсөв суулгах ёстой гэж үзэж байгаа. Энэ бол хууль ёсны мөнгө байх ёстой. Аль нэг санд мөнгө орж ирэхээр өгчихөөд, мөнгөгүй болохоор больчихдог байж болохгүй. Хүүхдийн мөнгө хууль ёсны, байнгынх байх хэрэгтэй гэж үздэг. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, хүүхдэд тавих анхаарал халамж дээрдсэн нь энэ мөнгөтэй л холбоотой. Тиймээс 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр 20 мянгаар бодож хүүхдэд мөнгө олгохыг шаардсан. Засгийн газар ч амлалтаа өгчихсөн. Харин хэрэгжих эсэхийг нь би хэлж мэдэхгүй юм. Мэдээж намрын чуулган эхэлж, төсвийн төсөл хэлэлцэж эхлэхэд хүүхдийн мөнгийг суулгахгүй, төсөлдөө тусгаагүй байвал Засгийн газрыг огцрохыг л шаардана. Ард түмнээ хэд дахин хуурч болохгүй биз дээ. Ядаж ганц зүйлийг ч гэсэн тэдний сэтгэлд нийцсэн байдлаар хийгээд өгьел дөө. Энэ мөнгө бол хүүхдийн ирээдүйд хийж байгаа асар том хөрөнгө оруулалт болохоос халамж биш шүү дээ. Нөгөөтэйгүүр, сард 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт олгосноор хүн ам зүйн бодлого зөв явж, төрөлт ч өснө. Монголд юу хэрэгтэй байна гэвэл хүн л хэрэгтэй байгаа шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, яавал таван сая хүнтэй болох вэ л гэж боддог. Тэгчихвэл дотоод зах зээлийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр эдийн засаг өөрөө л босоод ирнэ. Өнөөдөр дотооддоо амжилттай бизнес хийх бололцоо тааруу байна. Энэ бол хүн амын тоотой л холбоотой. Хүн ам ихтэй улсууд хурдан хөгжиж байгаа нь үүний баталгаа.

Та хүүхдийн мөнгийг Хүний хөгжлийн сангаас гадна тусгаж өгөх хэрэгтэй гэсэн саналтай байсан. Үнэхээр төсвөөс гаргах боломжтой юм уу? Төсөвт хүүхдийн мөнгийг суулгавал ачааллаа даахгүй гэж үзэж байсан?

-Хүүхдийн мөнгө зайлшгүй байх ёстой. Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгийг өгөхийг эсэргүүцэж байгаа. Хүний хөгжлийн сан тогтвортой эх үүсвэр биш. Уул уурхайгаас хараат сан учраас ашигтай байвал л арвижаад, ашиг өгөхгүй бол хоосон болно. Гэтэл хүүхдийн мөнгө найдвартай эх үүсвэрээс гарах ёстой. Энэ ч утгаараа найдвартай улсын төсвөөс олгох учиртай. Төсөвт хүүхдийн мөнгө олгох эх үүсвэр суулгах бүрэн боломж бий.                -Хүсэхгүй л бол аливаа зүйл бүтдэггүй. Аливаа юмыг хүсвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй. Тиймээс нэг хэсэгт нь хүүхдийн мөнгийг олгох хүсэл, сонирхол байхгүй байгаа юм. Улс төржүүлж л хараад байгаагаас биш Монголын ирээдүй гэж харахгүй байна. Хэрэв хүүхдийн мөнгийг өгчихвөл Ардчилсан нам ч юм уу аль нэг улс төрийн хүчин нэмэх оноо авч манайх хасахыг авна гэж заавал улс төрийн хожоо хараад байна. Тиймээс битгий ашиг хонжоо хараач, Монголын ирээдүй рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийгээч гэж хэлээд байгаа юм. Ирээдүйгээсээ хөрөнгө харамлаад хэрэггүй. Хүүхдүүд эрүүл, боловсролтой, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болбол Монгол Улс тэр хэмжээний хөгжилтэй орон болно. Харамлах тусам бидний ирээдүй гундуу байна шүү дээ.

-Хүүхдийн мөнгө АН-ын сонгуулийн амлалт болохоор бусдад айдас байгаад байх шигээ?

-Хүүхдийн мөнгийг улстөржүүлэхгүйгээр зүгээр л өгөх хэрэгтэй. Зөв байсан нь амьдрал дээр нотлогдож, ард түмэн ч үүнийг хүсч байгаа. Хүсээгүй 70 мянгыг өгөөд яах юм бэ. Сая тараасан 70 мянган төгрөг ямар үр дүн авчирсан юм бэ. Баахан залуус архидаж, зодолдож, гэмт хэрэгт л холбогдсон. Нөгөө хэсэг нь Эрээнд л хөрөнгө оруулалт хийсэн байх. Өөрөөр, 70 мянгаар амьдралдаа ашигтай зүйл хийсэн өрх ховор доо.

-АН-ын хөтлөлцөөд явж байгаа МАХН-ынхан гэр бүлийг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг сэргээх санал гаргасан УИХ-ын даргыг бүлгийн хурал дээрээ "АН-ын амлалтыг арай л гэж байхгүй болгож байхад сэргээх гэлээ" гэж зэмлэсэн гэсэн. Та дуулсан л байх даа?

-Юу гэхэв дээ. Улстөржүүлээд яваг. Тэгвэл энэ Засгийн газар хэр удаан тэсэх бол гэдгийг бодох ёстой. Би хүүхдийн мөнгийг сэргээхгүй юм бол, 2011 оны төсвийг Засгийн газар зөв боловсруулж оруулж ирэхгүй л юм бол огцруулах санал тавина. Ер нь ч тэгээд АН ард түмний хүсэлт, шаардлага, эрэлттэй хөл зэрэгцэн өөрийнхөө замаар явах цаг болсон. Алийн болгон бид хүний суганд байгаа юм шиг, айлын халаасны өрөөнд арга эвийг нь олох гэж яваа ядуу оюутан шиг байх юм бэ. Үнэндээ АН бол МАХН- аас илүү юү гэхээс дутуугүй нам. Өнөөдөр МАХН-ын суганд хавчуулагдсан АН ямар харагдаж байна. Энэ том нам ийм арчаагүй явж болохгүй л дээ. Засгийн газарт зургаан сайд суулгахын төлөө шүү. Би эхнээсээ л ийм байр суурьтай байсан. Одоо ч энэ байр суурь маань хэвээрээ байгаа.

-Хамтарсан Засгийн газраас гарна гэсэн үг үү?

-Энэ намрын чуулганаас хэтрэхгүй АН бие дааж, Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай. Одоо боллоо шүү дээ. Сөрөг хүчний орон зай нийгэмд үгүйлэгдэж байна. Энэ орон зайг АН-аас өөр дүүргээд явах улс төрийн хүчин Монголд хараахан төрөөгүй байна. Дүүргэх гэж олон нам, иргэний хөдөлгөөн үзсэн ч үнэндээ бяр нь хүрэхгүй нь. Тиймээс нийгмийн өмнө хүлээсэн үүргэээ ухамсарлаад АН Үндсэн хуулиар олгогдсон эрхийг МАХН-д өгч, өөрсдөө цөөнх юм бол сөрөөг хүчний байр сууринаас хяналтаа тавиад явах цаг болсон.

-Засгийн газраа хамтарч байгуулсныхаа хүчинд олон зүйлийг шийдэж байгаа гэж хоёр намын удирдлагууд хэлдэг шүү дээ?

-Хэдий буруу, зөв байсан ч Оюутолгой, Тавантолгой, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Монгол Улсын хөгжилд хэрэгтэй олон зүйлийг хийсэн. Гэхдээ сөрөг хүчин боллоо ч улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн зүйлээр хамтраад ажиллаж болно шүү дээ. Заавал сөрөг хүчин гэхээр бүхнийг сөрж, үгүйсгэх албагүй. Харин одоо сөрөг хүчний үүрэг, орон зай зайлшгүй үгүйлэгдэж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд олны анхаарлын төвд байсан зүйлийн нэг нь төсвийн тодотгол байсан. Та нэг ярилцлагадаа төсвийн тодотгол сайн болоогүй гэж ярьсан байсан?-Чуулган дээр их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл, хөтөлбөр батлаад байгаа болон хөрөнгө оруулалтын ажлыг хойшлуулсан нь 2012 оноос хойших төсвийг хэлүүлцүүлнэ гэж яригдсан. Үнэхээр төсөв даахгүй юм болов уу?

-Тиймээ, сайн төсвийн тодотгол болж чадаагүй. Нэг хэсэг нь төсөв тодотгож зардлаа танасан, хассан нэр зүүж, нөгөө хэсэг нь шаардлагатай нэмэлт ажлуудын төсвийг оруулсан нэр зүүлээ. Улс орны эдийн засагт нөлөөлөх тодотгол болж чадаагүй.

-Нэг талдаа тайван байгаа. Төсвийн орлого талдаа одоогоор эх үүсвэр муутай, сайн биш байгаа. Цаашдаа стратегийн орд эргэлтэд ороод Засгийн газрын яриад байгаа шиг төсвийн эх үүсвэр нэмэгдвэл энэ асуудлуудыг шийдэх боломж гарна гэж бодож байна. Үнэхээр Оюутолгой шиг худлаа яриад, төсвийн эх үүсвэр нь байхгүй байдалтай алдагдалтай төсөв батлаад суувал энэ ажил хэзээ ч цаашаа явахгүй. Уул уурхай гэдэг асар их боломжийг Засгийн газар яаралтай эргэлтэд оруулж төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр бодит алхам хийх ёстой. Цөөн тооны компани, хэдэн хүн л ашиг хүртэж баяжаад, төсөвт ямар ч нэмэргүй, иргэдийн амьдралд ч хүртээлгүй өнгөрвөл эмгэнэлтэй. Шулуухан хэлэхэд, өнгөрсөн онд "MCS" компани Ухаа худагаас өчнөөн тонн нүүрс олборлож экспортоллоо. Ашиг орлогоос улсын төсөвт хэчнээн төгрөгийг төвлөрүүлсэн, цэвэр ашиг нь хэд байсан зэрэг нарийн тооцоо судалгаа огт мэдээлэгдээгүй. Энэ тал дээр ч холбогдох байгууллагууд анхаарах ёстой. Хэдхэн хүн баяжаад, ард иргэд нь ядуу хэвээрээ, улсын төсөв нь муу байж болохгүй. Оюутолгойн гэрээнээс хэн хожиж байна. "Авенхоу майнз" компанийн Торонто, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцаа хэдэн тэрбум ам. доллараар өсч байна. Миний авсан мэдээллээр 7.2 тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгө босгосон байна лээ. Гэтэл Монголын төрд ногдож байгаа 34 хувь нэг ч хувь өсөөгүй байна. Хэнд ашигтай гэрээ байсан юм бол. Гэрээ байгуулагдаад жил болоход урьдчилгаа төлбөр юм уу, урьдчилгаа зээл юм уу бүү мэд 250 сая ам.доллар харуулаад л Оюутолгойн хувь заяа хаашаа эргэсэн нь тодорхойгүй байдалтай өнөөг хүрлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.