2010.06.08

Су.Батболд: Сонгуулийн холимог тогтолцоо манайд тохиромжтойг санал болгосон

МАХН УИХ-аар хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийнхэн сонгуулийн холимог систем манайд тохиромжтой гэсэн санал гаргаад байгаа юм байна. Энэ талаар уг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Су.Батболдоос тодрууллаа.

 

-Танай намаас байгуулсан ажлын хэсэг манайд сонгуулийн холимог систем тохиромжтой гэсэн санал гаргаад байгаа юм уу?

-Манай намд төрийн захиргаа, улс төрийн шийдвэртэй холбоотой асуудлаар тогтмол ажилладаг ажлын хэсэг байдаг. Тэр дотор жижиг ажлын хэсэг байгуулан ажилладаг жишгээр УИХ-ын Сонгуулийн тухай хуультай холбогдуулан энэ ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн даргаар манай намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ажиллаж байгаа. Ажлын хэсэг Монголын өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг дүгнэж үзээд сонгуультай холбоотой маргаан, будлианыг багасгах, цаашдаа тодорхой хугацаанд тогтвортой хэрэглэж болохуйц сонгуулийн тогтолцоотой болохын тулд ямар байр суурь баримтлах ёстой талаар санал боловсруулж байгаа юм.

-Тэр оновчтой зөв тогтолцоо нь холимог систем гэдэг дээр санал нэгдэж байгаа юм уу?

-Би улстөрчийнхөө хувьд холимог системийг манайд тохиромжтой гэж үзэж 2004 оноос хойш байнга санал бодлоо илэрхийлдэг хүн. Ер нь гадны зөвлөхүүд, улс төр судлаачид одоогийн Монголын нөхцөлд сонгуулийн холимог систем тохиромжтой гэдэг. Манай ажлын хэсэг сонгуулийн тогтолцоонуудыг харьцуулаад, олон улсад хэрэглэгдэж байгаа тогтолцоонуудын сайн, муу талыг судалсан. Олон судлаач эрдэмтэд ажлын хэсэгт багтсан байгаа. Ингээд одоогийн байдлаар манайд сонгуулийн холимог систем тохиромжтой болов уу гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ энэ бол эцсийн шийд биш. Дахин сайтар ярилцаж байгаад намын бүлэгтээ эцсийн байдлаар танилцуулна. Гэхдээ энэ бол тусдаа Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж байгаа хэрэг биш. Зүгээр намын бүлэгтээ санал оруулж байгаа юм.

-Сонгуулийн холимог систем манайд илүү тохирно гэж байгаагийн үндэслэл нь юу вэ?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг пропорциональ системийг санал болгочхоод байгаа. Энэ боломжийн хувилбар ч гэлээ техник талаасаа нэлээд хүндрэлтэй. Мөн орон нутгийн төлөөлөл алдагддаг муу талтай.Зөвхөн Улаанбаатараас улстөрчид сонгогдох магадлал их л дээ. Парламентын гишүүнийг сонгогчоос нь хөндийрүүлэх тал бий. Тэгвэл манай улс өнгөрсөн таван удаагийн сонгуулийг мажоритар системээр явуулсан. Нэг тойрог, нэг мандат, нэг тойрог олон мандат гэсэн системээр явуулж үзсэн.Тэгээд энэ тогтолцооны давуу болон сул талыг сайн мэдэрсэн шүү дээ. Монгол Улс сонгогчийн тоо цөөтэй учраас тухайн тойрогт гадны нөлөө орох магадлал их байдаг. Хөрөнгө мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах магадлал бий. Ер нь 100 хувь төгс сайн сонгуулийн систем гэж байхгүй. Энэ хоёр тогтолцооны ийм дутагдлуудаас аль болох зугтааж, жалга довны үзлээсээ салахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлага бий. Тиймээс мажоритар, пропорциональ системийг зэрэгцүүлээд аваад явбал яасан юм гэсэн бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн төлөөлөл, намын бодлогоор оруулсан төлөөллийг сонгодог зэрэгцүүлсэн хувилбар боломжийн юм гэж үзэж байгаа.

-Сонгуулийн холимог систем өөрөө ямар давуу, сул талтай юм бэ?

-Холимог системээр сонгууль явуулсан тохиолдолд орон нутгийн төлөөлөл орхигдохгүй сонгогдох боломжтой. Нөгөө талаас улс төрийн намууд өөрийн шилдэг боловсон хүчнээ салбар бүрээс оруулж ирэх боломжтой. Одоо бол парламентад бизнесийнхэн түрж орж ирлээ гэсэн шүүмжлэл их бий. Үүнийг халах боломж гарна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, нам өөрөө хууль, бизнес, хөдөө аж ахуй, эдийн засаг, нийгмийн салбараас шилдэг боловсон хүчнээ сонгоод жагсаалтад оруулах юм. Ийм тохиолдолд одоогийн шүүмжлүүлээд байгаа бүтэц тогтолцоо зохистой болох хандлагатай. Ер нь холимог системд дутагдалтай тал бага гэж хэлэхэд болно. Сонгогчдын төлөөлөл болон гарч ирсэн хүн нам болон тойр-гоос хараат байдал нь багасна. Гэхдээ улс төрийн нам бодлого тодорхойлдог институци учраас тэндээс нэр дэвшиж гарсан сонгогчдын төлөөлөл намын нэг цул бодлогын хэмжээнд зангидагдаж байх ёстой. Үгүй бол хувь хүний, бие даасан байдлаар улс төрд хандвал улс орны хэмжээний ямар ч асуудал цэгцрэхгүй. Тийм байдал та нарт анзаарагдаж бай-гаа биз дээ

-Тойргийг ямар байдлаар хуваана гэсэн үг үү?

-Хэдэн ч тойрог байж болно. Монгол Улсыг хэдэн тойрог болгон хуваахыг хэлэлцэж байж шийдэх ёстой. Энэ талаар намын бүлэг хэлэлцэх явцад юу болох нь уу. Тиймээс одоо нарийн зүйлүүдийг шууд хэлэх боломжгүй.

-Сонгогчид саналын хуудсан дахь нэр дэвшигчдээс яаж дугуйлах вэ?

-Саналын хоёр хуудас байх юм. Энгийнээр тайлбарлахад сонгогч хоёр хуудсаар санал өгнө гэсэн үг. Эхний хуудсанд байгаа нэр дэвшигчдээс сонгогч манай аймаг, дүүргээс энэ хүмүүс дэвшиж байгаа юм гэдгийг хараад тэндээс сонголтоо хийнэ. Нөгөө хуудсанд намын нэр мөн тухайн намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн жагсаалт байх юм. Эндээс сонгогч аль намыг дэмжиж байгаагаас шалтгаа-лан сонголт хийнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр энд ямар нэгэн хүндрэл гарах-гүй. Харьцаа нь бол 38:38, 26:50, 50:26 байж болно гэж байгаа. УИХ-д сонгогдох 76 гишүүний 38-ыг нь мажоритараар, 38-ыг пропорционалиар сонгоно гэсэн үг. Гэхдээ энэ бүхэн нэгэнт тогтсон асуудал биш. Саналын түвшинд яригдаж байна.

-Тэгэхээр орон нутгийн төлөөлөл болон гарч ирсэн хэсэг, намын жагсаалтаар гарсан хэсгийн хооронд ямар нэгэн зөрчил гарах юм биш үү?

-26:50 гэсэн харьцаатай байвал 26 нь орон нутгийн 26 тойрогт нэр дэвшинэ. Үлдсэн 50 хүнийг нам жагсаалтаар оруулж ирнэ. Эндээс харах юм бол орон нутгийн төлөөлөл болон сонгогд-сон хэсэг нь "Бид иргэд сонгогчдын төлөөлөл, та нар намын жагсаалтаар гарсан" гэж магадгүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн иргэд шууд сонгоно.гэсэнтэй зөрчилдөнө гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ өнөөдрийн түвшинд Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэдэг дээр манай хуульч, судлаачид санал нэгдэж байх шиг байна. Яагаад гэвэл сонгогдсон төлөөллийн аль аль нь иргэдийн саналаар гарч ирж байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.