Л.Гантөмөр: Эрх мэдлээ тараахгүй бол жагсаал үеийн үед үргэлжилнэ
2011.04.28

Л.Гантөмөр: Эрх мэдлээ тараахгүй бол жагсаал үеийн үед үргэлжилнэ

УИХ-ын эрхэм гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг УИХ-ын бүтцийн байгууллагуудаар хэлэлцэж байна. Таныхаар хамтарсан Засгийн газрын өнгөрсөн гурван жил орчмын ажлын үр дүн ямархуу харагдаж байгаа вэ?


-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг жил жилээр нь гаргаад харж байна. Ингээд харж байхад энэ удаагийнх ч биш, ер нь үе үеийн Засгийн газрууд анх байгуулагдахдаа сэтгэлийн их хөөрөлтэй байдаг, тулгамдсан, овоорсон асуудал болгоныг шийднэ гэж хөтөлбөр гаргадаг юм байна. Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулахдаа мөрийн хөтөлбөртөө 66 асуудал шийднэ гэж гэрээ байгуулсан. Гэрээнд аль аль намын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан зүйлс, шийдэх ёстой тулгамдсан асуудлыг оруулж хоёр талаасаа гарын үсэг зурсан. Маш тодорхой, тоотой зүйл бий. Хялбархан бултах ч юм уу, хийчихсэн гэж өөрийгөө хуурах арга байхгүй. ДНБ-ний хэмжээг тодорхой заачихсан, ДНБ-нд эзлэх төсвийн хэмжээг 33 хувьд барина. Бүх аймгийг хар замаар холбоно. Төмөр замын хоёр дахь шугамыг нээнэ. Орос-Хятадыг холбосон хурдны замтай болно. Төрийн бус байгууллагуудад тодорхой эрх мэдэл шилжүүлж өгнө. Мэргэжлийн холбоодыг хууль журамтай болгоно, эрх мэдэл өгнө. Сонгуулийг шударга тогтолцоотой болгоно гэх зэргээр тулгамдсан асуудлуудаа гэрээнд тусгаад тавьчихсан. Их тодорхой. Тэгээд одоо биелэлтээ ярьж байгаа юм.
Гэтэл гарч байгаа үр дүн үнэхээр чамлалттай байна. Үнэнийг хэлэх ёстой. Дүгнэлт  тодорхой гарна. Биелэлт хангалтгүй гэсэн дүгнэлт гарах байх. Мөрийн хөтөлбөр хангагдсангүй гэсэн дүр зураг харагдаж байна. Ийм эрт үнэлэлт, дүгнэлт гаргаад яах юм бэ гэсэн асуулт гарч мэдэх юм. Бид хөтөлбөр, зорилтуудаа аль болох биелүүлэхийн тулд яах ёстой юм, засах залруулах зүйл байвал яах юм, юунаас болоод гэрээний биелэлт тааруу, ажил явахгүй байна гэдгийг тухайлбал, манай Ардчилсан намын бүлэг дээр ярьж байна.

-Засгийн газрын хөтөлбөрийн биелэлт тааруу байгаагийн шалтгаан ер нь юу юм  бол?

-Хэт их зүйл хөтөлбөрт тусгасан учраас тэр их ажлыг нугалах хэмжээний юм ажил хийх ёстой. Их сууж ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь манай бодлого гаргах төвшний хүмүүс гэвэл зөвхөн УИХ-ын гишүүд биш. Яамдын бодлого гаргагчид биеэ дайчилж ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг жишээ нь би хувьдаа гаргаад байна. Өдөр бүрийн төсвийн зарцуулалтад хамаг гол анхаарал нь явчихдаг, тендэр шалгаруулдаг, түүний урьдчилсан бэлтгэлийг хийдэг, шалгаруулаад хэн нэгэнд өгдөг. Араас нь очиж хүлээж авдаг, хүлээж аваад очиж тууз хайчилдаг гээд төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой ажилд манай төрийн өндөр албан тушаалтай хүмүүс ихэнх цагаа зарцуулдаг. Түүнд анхаараад явахаар хийх ёстой бусад ажил хаягддаг. Хаягдсан ажлууд нь гол түлхүүр ажил нь байдаг. Төрийн бус байгууллагын эрх мэдлийг дээшлүүлэх, бизнесийг илүү чөлөөтэй болгох, захаа илүү нээлттэй болгох зэрэг нь илүү удаан сууж, бодож, бичиж гаргах ажил. Түүн дээр хариуцсан хүмүүс нь төвлөрч чадахгүй байгаа нь харагддаг. Яамд бодлогоо гаргаж чаддаггүй. Иймэрхүү байдалтай цаг алдаад байна.

-Мөрийн хөтөлбөр ойролцоогоор хэдэн хувийн биелэлттэй гэж гарч байна?

-Хувьчилж гаргахад их хэцүү. Нэлээд сууж, тодорхой стандарт тавихгүй бол болохгүй. Яг тоо тавьсан, бодитой ажлуудын хувьд хувь гаргахад ч үнэндээ хэцүү байна. Цаас үйлдвэрлэж бодлого гаргаад, түүнийгээ ажил хийсэн гэсэн байдлаар асуудалд хандах юм бол Засгийн газраас гаргасан 61 хувь гэдгийг хэлж болох юм. Гэтэл тэр нь иргэдэд хүрэхгүй, нүдэнд харагдаж, гарт баригдахгүй, амьдралд нь өөрчлөлт орохгүй байгаа учраас цаас үйлдвэрлэсэн, бодлогын хэмжээнд асуудал шийдэх гэж оролдсоныг Засгийн газар ажил хийчихлээ, шийдчихлээ гэж хэлэхэд хэцүү. Хувь гаргахад хэцүү учраас биелэлт хангалттай юу, хангалтгүй юү, хэрэв хангалтгүй бол үлдсэн богино хугацаанд юун дээр төвлөрч ажиллаад үр дүнг нь үзэх юм бэ гэдэг дээр л ярилцах нь зүйтэй байх.

-Хоёр нам хамтарч Засгийн газар байгуулсны ач холбогдол байна уу. МАН дангаараа байсан бол хийж амжихгүй, хүч хүрэхгүй ажил байсан уу?

-Хоёр нам хамтарч хийсэн хамгийн чухал ажил гэвэл мэдээж Оюутолгой, Тавантолгой. Нэг нам дангаараа байсан бол тал талаас нь янз бүрийн маргаан мэтгэлцээн хийгээд энэ ажлыг урагш явуулахгүй  байсан. Зөв ч бай, буруу ч бай, энэ ажлыг хөдөлгөсөн. Энэ бол нэг ажил мөн. Нөгөө тал нь гэвэл “хоёр толгой”-нхоо араас гарч ирж  чаддаггүй. Засгийн бодлого ч тэр, УИХ ч тэр. Хэвлэл, мэдээлэл ч ялгаагүй. “Хоёр толгой”-г л мөлжиж өдий хүрсэн гэж харагдаад байгаа юм. Бусад ажил дээр бол хамтарсны үр ашиг гэж алга. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт тэр ашиг гарахгүй байна. Бид ард иргэддээ хувьцаа, хувь ашиг олгож байгаа. Уул уурхайн орлогыг төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулахгүйгээр зарим хэсгийг иргэдэд шууд хүргэж байгаа учраас халамжийн бодлогоо маш тодорхой өөрчлөх ёстой байсан. Энэ явахгүй байна. Уул уурхай нэг эргэлтэд ороод явчихаар монголчуудын гар дээр ирж байгаа мөнгө хомсдолтой, бага юм шиг харагдаж байвч Монгол Улсын үнэлгээг хамаагүй дээшлүүлчихсэн. Монгол хүний чадвар,  чадамжийг дээшлүүлж байна. Жишээ нь, би өчигдөр хөрөнгөгүй байсан бол өнөөдөр ямар ч гэсэн 536 ширхэг хувьцаатай. Тэгэхээр миний үнэлэмж өсч байна гэсэн үг. Монгол Улсын, монгол хүн бүрийн үнэлэмж өсч байна. Гэтэл энэ үед эдийн засгийн ямар шийдвэртэй бодлого явуулах вэ гэдэг хоцрогдсон. Үүнийг олж хараагүй юм шиг байна лээ. Араас явж байгаа энэ ажлыг яаж хурдлуулах вэ гэдгийг түргэн шийдэх ёстой.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Тогтолцоогоо тохирч чадалгүй өмнөх чуулганаас ухарсан. Бүлгүүдийн хүрээнд тохирсон, шийдсэн зүйл өнөөдөр байна уу?

-Ардчилсан намын бүлэг ойлгомжтой санал гаргачихсан. Холимгоор явъя, 26 тойрог дээр 26 хүний нэр дэвшүүлье, үлдсэн 50 хүний хувьд намууд бодлогоо уралдуулаад намд өгсөн саналаар, хаалттай жагсаалтаар шийдье. Хэн нэр дэвшив гэдгийг сонгогчид мэдэж байдаг, ойлгомжгүй зүйл байхгүй. Энэ хувилбараар явъя гэсэн асуудлыг бид тавьсан. МАН-ын бүлэг 26 тойрог дээр 26 хүний нэр дэвшүүлээд 50 хүнээ нэг том тойрог болгож сонгууль явуулъя гэж байгаа. 50 хүнийг нэг тойрог болгоод санал хураалт явуулна гэдэг бол одоо байгаа мажоритариасаа улам бэрхшээлтэй, хүндрэлтэй болно гэсэн үг.

-Нэг тойрог гэхээр арай нэг сонгогч 50 хүнд санал өгнө гэсэн үг биш биз дээ?

-Нэг л хүнийг 50 дотроос дугуйлна л даа. Энэ их сонин байдал үүсгэнэ. Нэг зуун мянган сонгогчийн санал авсан гишүүн байхад 5000 хүний санал авсан өөр нэг гишүүн гарч ирэх жишээтэй. Намуудын бодлогод санал өгөх биш, хувь хүнд санал өгөөд ирэхээр пропорционалийн элемент оруулсан гэж хэлэхэд хэцүү. Зүгээр тойрог томсгож байгаа асуудал болно. Тойрог томсгосноор илүү үр дүнтэй болно гэж харагдахгүй байгаа. Бид юу хүсч байна гэхээр улс төрийн намууд бодлогоо зөв гаргаж хариуцлага хүлээдэг байх ёстой. Жижиг намууд парламентад суудалтай болог. Мажориариар сонгууль явуулахад бусад намууд 20 хувийн санал авдаг. УИХ-д бараг арваад гишүүн сууж байхаар тийм санал. Гэтэл харамсалтай нь бусад намууд 20 хувийн санал авчихаад парламентад хоёр хүн сууж байна гэдэг чинь сонгогчдын санал УИХ-д тусгалаа олохгүй байгаагийн нэг жишээ. Тэр хүмүүс парламентад суудалтай байх ёстой. Тийм зорилгоор намд санал өгдөг пропорциональ системийн элемент оруулсан холимог хувилбараар сонгууль явуулъя гэж бид хэлээд байгаа юм.

-Намд санал өгнө гэхээр бие даагчид яах вэ?

-Тэд 26 тойрог дээр бие даагаад өрсөлдөж болно. Тэр нээлттэй. Уг нь пропорциональ гэдэг санал анх тухайн үеийн МАХН-аас гарсан. Харамсалтай нь намынхаа нэрийг өөрчлөөд сонгуулийнхаа тогтолцоо руу хандсан бодлого нь бас өөрчлөгдөөд явчихлаа. Дарга нь ч /С.Баяр/ өөрчлөгдсөн, бодлого нь ч өөр боллоо. Бидний хувьд холимог тогтолцоог авч чадна гэж хэлэхэд хэцүү л байна.

-АН, МАН-ын бүлэгт Сонгуулийн хууль дээр санал нийлсэн зүйл байна уу?

-Ядаж сонгууль шударга явдаг байх тал дээр эхний ээлжинд УИХ дахь хоёр намын бүлэг тохиролцож хуулиа процедур талаас нь урагшлуулъя гэсэн санал дээр нэгдээд байна. Манайхаас З.Энхболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад ажлаа үндсэндээ хийгээд дуусчихлаа. Эхний асуудал бол сонгогчдын нэрсийн жагсаалтыг хорооны юм уу, хэсгийн дарга гаргадаг биш, нэгдсэн бүртгэлээр гаргая. Гол хэрүүлийн алим болсон нэрсийн жагсаалтыг нэг мөр болгоё. Интернэтэд байрлуулъя. Улсын бүртгэлийн ерөнхий газар нэгдсэн бүртгэлийг нэг удаа гаргаад түүгээр сонгууль явуулъя. Иргэдийн бүртгэл нэг үеэ бодвол сайжирчихлаа шүү дээ. Тэгэх юм бол манай хэсэг, хороонд ийм хүн байна, байхгүй гэсэн маргаан үндсэндээ арилна.  
Дараагийн асуудал бол санал тооллогыг автомат болгоё. Үүний мөнгө төсөвт суугаад явж байгаа. Энэ ажлыг энэ онд заавал хийж дуусгах ёстой. Шинэ он гармагц нийт ард түмний нэг удаагийн санал асуулгыг автомат машинаар явуулж турших ёстой. Ажиллах хүмүүсээ сургах хэрэгтэй. Ингэвэл тооллого маргаангүй болно. Гурав дахь нь санал өгч байгаа сонгогчдын бүртгэлийн асуудал. Иргэний цахим үнэмлэхтэй болгоё гэж байгаа.

-Сонгууль дөхчихсөн байхад амжих уу?

-Амжина. Иргэдээ цахим үнэмлэхтэй болгоно гээд төсөвт мөнгөө тавьчихсан. Энэ гурван ажлыг л сонгульд хатуу хуульчилчихъя. Будилаан гаргасан хүн эрүүгийн хариуцлага хүлээдэг, шоронд суудаг болно. Өөр бусад хариуцлага хүлээсэн хүмүүсийг төрийн албанд ажиллуулахгүй болгодог ч юм уу. Ингэж байж сонгууль будилуулдаг хүмүүсийг байхгүй болгох ёстой. Тиймэрхүү саналуудыг Ардчилсан намын бүлгээс гаргасан ажлын хэсэг маш сайн хийсэн.

-Пропорционалиар сонгуульдахад намын дарга тойрсон цөөн хүнд хамгийн ашигтай байдал үүснэ гэсэн болгоомжлол байдаг?

-Нэрсийн жагсаалт гаргах журмыг хуульчлаад баталчих хэрэгтэй. Намуудын дүрмийг ч хуульчилж батлах ёстой. Бүх нам адилхан зарчимтай дүрэмтэй болно гэсэн үг. Нэр дэвшигчээ тодруулах журмыг бас хуульчилж өгнө. Тэгэхгүй бол яг наад хардлага чинь явна. Дотор нь эмэгтэйчүүд, залуучуудын квот орно. Эхний 30 нэр дэвшигч дотор залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл заавал багтах ёстой. Доод тал нь 20, 20 хувь ч гэдэг юм уу. Тэгж хийхгүй бол Сонгуулийн хууль УИХ-д олон жил суусан хүнийг хадгалах хууль болчих гээд байна. Тэгэх юм бол Монголын ард түмэнд угаасаа таалагдахгүй. Одоо байгаа 76-г хадгалах хууль гаргая гэж хэн хүсэх вэ дээ. УИХ-ын бүрэлдэхүүн байнга шинэчлэгдэж, амьдрал буцалж байх ёстой.

-Квотыг зөвшөөрөх болов уу. Зөвшөөрлөө ч дараа нь авчихдаг шүү дээ?

-Квот зөвшөөрөхгүй бол иргэд, гишүүд дунд санал асуулга явуулаад хамгийн өндөр рейтингтэй хүмүүсээ тавьдаг болмоор байна. Энэ бол бас л нэг арга. Зөвхөн намын даргад талтай хүмүүс нэр дэвшдэг, бусад нь хасагддаг байдлаас хол байлгая. Улс төрийн нам эрүүл саруул байдаг зарчмыг гаднаас хийж өгье гэж байгаа.

-Нэр дэвшиж, санал хураалгаж гарч ирсэн 26 гишүүн мажоритариар гарч ирсэн 50 гишүүнтэйгээ зөрчилдөх тал байх уу. Би чамаас илүү хөрөнгө, хүч зарсан гэдэг ч юм уу. Тийм ялгаа гарах болов уу?

-Гарахгүй л гэж бодож байна. Нөгөө 26-д орсон хүн тойрог дээрээ унасан ч пропорционалийн 50 хүний жагсаалтад ордог байхаар хийж болно. Гадаадад бол ингэж гүйдгээр хийдэг юм билээ. Японд гэхэд нэр дэвшигч тойрог дээрээ ялагдаж болно. Гэхдээ намын жагсаалтаар дээгүүр байвал орчихдог. Хамгийн өндөр санал авсан дарааллаараа шилжээд орчихдог юм билээ. Аргачлал бол байна.

-Гол нь хоёр нам тогтолцоогоо л тохироод авах хэрэгтэй байна, тийм ээ?

-Тохиръё гэхэд хүндрэлтэй л байна. МАН тогтолцоон дээр эрүүл саруул шийдвэр гаргана гэхэд хэцүү харагдаж байна.

-Ингэсээр байгаад сонгууль болоход зургаан сар үлдчихвэл хуульд гар хүрэх эрхгүй болно. Хэрэв тэгвэл 2004 оны жижиг мажоритар руу буцах уу, 2008 оны том мажоритарийг авах уу?

-Бид 2004 оных руу огт явахгүй гэсэн шийдэл гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч “Мажоритариар явбал би хориг тавина шүү” гээд үгээ хэлчихсэн гэж би ойлгож байгаа. Тэгэхээр аль болохоор сонгууль руу ойртуулалгүй энэ чуулганаар асуудлыг шийдмээр байна. Ямар ч байсан нэг шийдэлд хүргэх учиртай. “Пропорционалийн элемент оруулсан хууль гаргаач” гэж их олон намын дарга нар хамтарч гарын үсэг зурсан байна лээ. Энэ бол МАН-д тодорхой шахалт болох байх гэж би хувьдаа харж байна. Аль болохоор УИХ-ын гишүүдийн хувийн асуудлаас хөндийрүүлж, гол нь намууд юмаа ярих ёстой.

-Та УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга. Гадуур жагсаал цуглаан ид болж байна. Үүнийг УИХ-ын удирдлагын төвшинд юу гэж хүлээж авч байгаа вэ?

-Өнгөрсөн жил ч Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн жагсч, цуглаж, өлсгөлөн зарлаж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцаж ажлын хэсэг гаргаж ярилцаж байсан. Тэр соёлынхоо дагуу ажлын хэсэг гаргаад хөдөлгөөнийг удирдаж байгаа Н.Энхбаяр, М.Энхсайхан нартай ярилцлагад орно л гэж харж байна. УИХ-ын дарга ч асуудлыг боловсруулаад даргын дэргэдэх зөвлөлдөө оруулж хэлэлцэх байх.

-Жил жилийн хаврын иймэрхүү хөдөлгөөнийг УИХ-ын гишүүд бидний ажил тааруу байна гэж боддог болов уу, хаврын синдром эхэллээ гэж хүлээж авдаг уу?

-Хүн болгон завгүй байх юм бол жагсаал цуглаан гарахгүй шүү дээ. Жагсаад байна гэдэг чинь ажилгүй байна л гэсэн үг. Ажлын байр хомс, эрх мэдэл алга байна. Орон нутагт эрх мэдэл өгөөд, аймаг, дүүрэг , салбар мэргэжлийн холбоод өөрөө асуудлаа шийддэг байя. Эрх мэдлээ тараахгүй  бол саарал ордны гаднах жагсаал үеийн үед үргэлжилнэ. Асуудлаа өөрөө шийдээгүй ард түмэн дандаа өрөөл хэн нэгнээс буруугаа хайна. Өөрийнхөө хийсэн ажлыг хүн шүүмжилж жагсахгүй, сайн ч муу ч сэтгэл хангалуун л явна. Алдсан бол өөрөө засахыг оролдоно. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа жагсаал хийгээгүй, болж байна гээд л явж байсан. Гараад явчихаараа жагсаал хийж байх жишээтэй. Орон нутгийн иргэд яагаад нутагтаа жагсахгүй наашаа ирээд байна гэвэл тэнд эрх мэдэлгүй гэдгийг мэдээд байна шүү дээ. Дарга нар нь ч эрх мэдэлгүй гэдгээ хэлээд байна. Ганц боломж нь Төрийн ордны гадна жагсч эрх мэдэлтнүүдэд үгээ хэлэх л болоод байна. Эрх мэдлийг орон нутагт нь өгч байж улс орон тайван амгалан болно. Ард түмнээр тодорхой асуудал шийдүүлдэг болбол жагсаал гарахгүй, долдугаар сарын 1 давтагдахгүй. Хороондоо ямар зам тавих, ажлын байр яаж бий болгохоо өөрсдөө шийдэг л дээ. Сонгууль шударга байх ёстой. Судалгааны дүн, сонгуулийн дүн зөрж гардагт иргэд бухимддаг. Үүнийг бид өмнө нь ярьсан. Хийж чадалгүй өнөөдрийг хүргэлээ. Өдөр болгон мөнгөтэй холбоотой асуудалтай зууралддаг муухай араншингаа хаяхгүй бол УИХ-ын гишүүн болгон олигархиараа цоллуулж, хүн болгон авлигач гэж харагдана. Зарим нь ч буруутай нь үнэн, олигархи нь үнэн. Гэхдээ хавтгай тийм ойлголт газар авбал үр дүнд нь пролетарийн хувьсгал л гарна. Э.Бат-Үүл баатрын болгоомжлуулаад байгаа хувьсгал хаяанд байна. УИХ, Засгийн газар уран сайхан ажил хийгээд ард иргэд дагаж баясаад байна гэвэл хэцүү дээ. Хоёр л зам бий. Дарангуйллын тогтолцоо 20 жил болоод аяндаа тэсэрдэг. Цуст хувьсгал гардаг. Гэтэл ардчилал нэрийн дор эрх мэдлийг сороод авчихсаны үр дүн өнөөдөр жагсаал цуглаанаар гарч байна.

-Сүүлийн асуултаа арай өөр сэдвээр тавья. Танай “Цэвэр агаар” бүлэг юу хийж байгаа вэ?

-Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва, Н.Батбаяр, Д.Ганхуяг гээд бидний хэдэн гишүүн нэг ийм бүлэг санаачилж байгуулсан. Улаанбаатарыг утаанаас салгая гэж олон жил ярилаа. Олигтой алхам алга. Үүнийг шийдэх санаатай. Миний хувьд шөнийн цахилгааны үнийг тэглэх санал гаргаж асуудлыг хурцатасан. Ерөнхийлөгч үүгээр хууль өргөн барьсан. Батлагдсан. Төсвийн хууль өргөн барих даалгаврыг Засгийн газарт өгсөн. Харамсалтай нь өнөөдөр ямар ч хэрэгжилт алга. Бид хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Ингэвэл хоёр жил дотор нийслэл утаагүй болно. Бид нэгдүгээрт, Төсвийн хуулийг яаравчлуулахад шахалт үзүүлнэ. Хоёрт, Агаарын бохирдолтой тэмцэх тухай хуулийг цаг алдуулалгүй хэрэгжүүлнэ. Зуны гурван сарыг энэ ажилд зарцуулна. Мянганы хөгжлийн сан, Дэлхийн банк гээд олон улсын байгууллагуудтай ажиллана. Дэлхийн банк 100 мянган айлыг утаагүй болгоход мөнгө гаргахад бэлэн гэдгээ хэлсэн. Ажил болохгүй хүлээгдээд байна. Янз бүрийн хүн би хийнэ гээд л саад болоод байгаа юм билээ. Үүнд манай бүлэг хяналт тавьж шахалт үзүүлнэ. Гуравт, энэ ажлыг зөвхөн Засгийн газар, Улаанбаатар хот хийх биш, хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Хотын төвийн амьдрал нь хангалуун айлууд, компаниуд гэр хорооллын айлуудад утаа гаргахгүй болох тал дээр туслая л даа. Нэг айл 100 мянган төгрөгтэй бол утаанаас салах төсөл бий. Төлж чадахгүй айлуудад  чинээлэг хэсэг нь туслах хөдөлгөөнийг зохион байгуулах бодолтой байна. Тавдугаар сарын эхээр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлтэй уулзана. Бидний ажлыг дэмжиж байгаа хүн. Бас бизнес эрхлэгчдэд захидал бичиж санал тавьж байгаа. Монголд 70 мянга орчим компани бий. Улаанбаатарт 40-50 мянга нь байна. Ажиллагсдын 50-60 хувь нь гэр хорооллынх. Тэдэндээ туслая. Төсвийн байгууллага ч ялгаагүй. Утаагүй зуух, гэрийн дулаалгад мөнгө зарцуулсан компаниудыг татвараас чөлөөлье гээд хуульчилчихсан. Энэ чиглэлээр хувийн хэвшлийнхэнтэй ажил зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Бид Ерөнхийлөгчид их талархаж байгаа. Дөрөвт, ажилгүй иргэд, тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өнчин хүүхдүүд гэр хороололд байна. Тэдэнд зуух авахад зориулж хувь, хишгийн мөнгийг нэмж ахиу олгоё. Ийм ажлыг бид санаачилж хийнэ. Утаанаас салаад, Улаанбаатарынхаа замыг засаад хэдэн мод тарьчихвал манай амьдрал эрс өөр болно.

Д.ОЮУНЦЭЦЭГ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.