Су.Батболд:АН сонгуулийн шинэчлэлийн эсрэг яриад байна
2011.10.31

Су.Батболд:АН сонгуулийн шинэчлэлийн эсрэг яриад байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболдтой ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн төсөл дээр хоёр намын бүлэг санал нэгдэхгүй байсан зүйл нь тоо. Гэтэл саяхнаас мажоритар тойрог нь ямар байх талаар зөрчилдөөд эхэллээ. АН-ынхан 26 тойргоо дахин жижиглэхгүй гэж байна. Танайх яагаад заавал нэг мандат нэг тойрог гэсэн зарчмыг сонгох ёстой гээд байгаа юм бэ?

-Мажоритар системийн хамгийн сонгодог хэлбэр нь нэг тойрог нэг мандат. Олон мандаттай тойргийн системийг маш цөөхөн орон хэрэглэдэг. 2007 оны сүүлчээр бид Сонгуулийн хуулийг шинэчилсэн найруулгаар баталж, олон мандат бүхий мажоритар системийг авлаа гэхэд олон хүн шүүмжилж байсан. Энэ бол цөөхөн оронд хэрэглэдэг тогтолцоо, та нар гажгийг нь мэдэхгүй байна гээд л.

Өөрөөр хэлбэл, маргаж маргаж хамгийн муу тогтолцоог хүлээж авлаа гэж судлаачид, гадна дотнын зөвлөхүүд хэлж байлаа.

Тэгэхээр олон мандаттай тойрог нь тогтолцооныхоо хувьд хамгийн муу нь юм. Хоёрт, бид мажоритар болон пропорциональ системийн хамгийн сонгодог хэлбэрийг нь хэрэгжүүлье гэж зорих ёстой. Сонгуулийн тогтолцоог сайжруулах л гэж" байгаа бол ийм алхам хийх хэрэгтэй. Солих гэж солих биш шүү дээ. Тиймээс ч манай намын хувьд сонгуулийн нэг мандат нэг тойргийн системийг авах нь зүйтэй гэж байгаа.

-Ерөөсөө л олон мандат бүхий тойрог нь муу гээд ийм  сонголтыг хийж байгаа хэрэг үү?

-Нэг тойрог нэг мандат бол тойрог гишүүн хоёрыг сайн холбодог. Орон нутгийг төвтэй нь сайхан холбодог тогтолцоо юм. Хамгийн зөв хувилбар. Би АН-ын шинэчлэл хийе гэж яриад байгаа хэрнээ олон мандаттай тойрог гээд байгааг гайхаж буй. Ер нь хуучин тогтолцоогоо бид давамгай байдлаар авч явах учиртай юм. Тэгж байж аажмаар шилжилт хийх хэрэгтэй. АН-тай ч энэ талаар санал нэгдсэн.

-48:28 гэсэн тоог тохирсон гэсэн үг үү?

-Ерөнхийдөө санал нэгдэж байгаа. Харин тойрог хуваарилах дээрээ л маргаад байна.

-Улсын төсвийг 76 тийш нь тараадаг байснаа 26 болгож  цөөрүүлсэн. Гэтэл одоо дахиад 48 тийш нь тараах нь гэсэн шүүмжлэл өрнөж байна. Хоёрт, нэг тойрог нэг мандат дээр мөнгөний хүчин зүйл хамгийн өндөр байдаг шүү дээ?

-Нэг тойрог нэг мандат, нэг тойрог олон мандат хоёр мөнгөний хүчин зүйлээр ялгаа байхгүй. 48 гэдэг харьцангуй том тойрог байна. Ер нь тойргийг алга болгох сонирхол хэнд байгаад байгаа юм бэ. Монгол орон зөвхөн Улаанбаатар хот биш шүү дээ. 21 аймаг 329 сумаас бүрдэж байгаа биз дээ. Энэ бүхний төлөөлөл парламентад зөв зүйтэй суудлаа олсон байх ёстой. Би Улаанбаатарт огт тойрог нэмж болохгүй гэж хэлж байгаа хэрэг биш. Дэлхий дээр хотжих үйл явц хурдацтай явж байна.

Хотжих үйл явц хурдацтай явж байгаа гээд парламентаа хотоосоо сонгодог улс орон ерөөсөө байхгүй.

Ямар нэгэн хэмжээгээр парламентад хүн амын хүчин зүйлээс гадна засаг захиргааны нэгжийн хүчин зүйлийг харгалзаж үздэг. Үндэстэн ястны хүчин зүйлийг харгалзаж үзэх ёстой. Тэр утгаараа тойрогтой байх явдал муу зүйл биш. Нөгөөтэйгүүр, төсөв гэдэг юмыг 76 тийш хуваах л ёстой. 21 аймаг, 329 суманд хувааж л төсөв хэлэлцэхгүй бол ямар утга байгаа юм бэ. Энэ шүүмжлэлтэй  би санал нэгддэггүй. Улаанбаатар хотод ч ,хөдөө суманд ч хуваарилах ёстой. Яагаад гэвэл тэнд монгол хүн амьдарч байгаа.

-Хотын мандатыг харин ч олон болгох ёстой гэж танай бүлгийн хотоос сонгогдсон гишүүд хэлж байгаа. 48:28-аар тогтолцоогоо баталбал хотын 20 мандат 12 болж цөөрөх гээд байна шүү дээ?

-Ер нь 12 мандат Улаанбаатар хотод хангалттай ш дээ.

-Гэхдээ хүн амын тэн хагас нь Улаанбаатарт амьдарч байна шүү дээ?

-Хүн ам гол хүчин зүйл болдоггүй. Болно гэвэл улсаа Улаанбаатар гээд нэрлэчих хэрэгтэй. Тойрог хуваарилах онолын зарчим нь маш олон хүчин зүйлийг харгалзаж үздэг. Тэрний нэг нь л хүн амын тоо.

-МАН энэ байр суурь дээрээ бат зогсох уу. АН-ын  бүлгийнхэн  байр сууриа өөрчлөхгүй гэж байна лээ?

-Хоёр нам хоёр талдаа хатуу байна гэсэн шийдвэр гаргасан л даа. Гэхдээ зөвшилцөх байх аа. Тэгэхгүй бол ажил урагшлахгүй. Хамгийн гол нь улс орны эрх ашгаа бодох ёстой. Аль нэг улс төрийн хүчин, улстөрчийн байр суурь гэхээс илүүтэй онол, судалгааны үндсэн дээр бодох ёстой. Тэнгэр харж байгаад тогтоох зүйл бол сонгуулийн хууль биш. Үнэхээр сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн төлөө байгаа бол Монгол оронд хамгийн сайн тохирох тогтолцоог авах ёстой.

-Хоёр намын бүлгийн төвшинд тохироод байгаа зүйл олон бий.Намын нэрийн жагсаалтыг хаалттай байна гэдэг ч юм уу  Энэ нь намын даргатайгаа ойрхон хэсэг нь УИХ-д ороод ирэх боломжийг хуульчлах гэж байгаа үйлдэл мөн үү?

-Нарийн зүйл рүү бол ороогүй байна. Ерөнхийдөө намын нэрийн жагсаалт гүйхээр буюу өөрчлөгдөж болохоор ярьж байгаа шүү дээ. Сонгуулийн эхэнд намууд нэрийн жагсаалт зайлшгүй гаргана. Манайх 28 квот дээр ийм хүмүүс нэр дэвшүүлж байна гэж гаргах болно.

Гэхдээ суудал авалтын дараа энэ жагсаалт өөрчлөгдөж болно

Үүнийг Сонгуулийн хуулиар ярих ёстой юу, Улс төрийн намын тухай хуулиар ярих ёстой юу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ асуудал улс төрийн намуудын дотоод ардчиллын асуудлыг зайлшгүй хөндөж байгаа. Мэдээж аль болох гишүүддээ нээлттэй, ардчиллын зарчмаар шийддэг байх хэрэгтэй байх. Гэхдээ бас намын удирдах байгууллага шийддэг зарчим ч байх л ёстой. Зүгээр лоббигоор санал хураагаад шийддэг байж болохгүй биз дээ. Намын удирдах байгууллага өөрийнхөө бодлого, шийдвэрийг зайлшгүй гаргаж тавина. Энэ бол аль ч орны улс төрийн намд байдаг зүйл.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.