Р.Бурмаа:  Сонгуулийн нэг тойргийг нэг л мандаттай болгоно
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.02.13

Р.Бурмаа: Сонгуулийн нэг тойргийг нэг л мандаттай болгоно

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан билээ. Уг ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Р.БУРМААТАЙ ярилцлаа.

 -Танай ажлын хэсэг багагүй хугацаанд ажиллалаа. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл бэлэн болсон уу. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Хаврын чуулганы эхэнд хуулийн төслөө өргөн барихаар зорьж ажиллаж байна даа. Чуулганы завсарлагаанаар төслөө эцэслэн бэлэн болгоно. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ажлын хэсэг хуралдаж, дэд хэсэг судалгаан дээр ажилласан. Дээр нь мэргэжлийн судлаачдын дунд хэлэлцүүлэг явууллаа. Төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллагын дунд хэлэлцүүлэг явуулсан. Энэ бүхнээ нэгтгэж байна.

-Төслийн ерөнхий бүтэц нь тодорхой болсон биз дээ. Сонгуулийн нэгдсэн хуулийн гол онцлог юу вэ?

-Дөрвөн тусдаа хууль дээр байгаа сонгууль зохион байгуулахтай холбоотой зүйлүүдийг нэг мөр болгож байгаа юм. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэн гаргах вэ, хэрхэн хяналт тавих вэ гээд л бүгдийг нэг болгоно. Одоо бол хууль, хуулийн зохицуулалт өөр өөр байгаа шүү дээ. Үүнийг нэгтгэх юм. Бас шинэ зарчмууд ч оруулж ирэхээр ажиллаж байна. Жишээ нь, сонгогч саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэхтэй байхыг шаарддаг байсан бол одоо хурууны хээгээ уншуулаад л саналаа өгөх боломжийг бүрдүүлэхээр судалж байна. Гадаадад байгаа сонгогчдын санал өгөх боломжийг илүү хялбар, төвөг багатай болгох чиглэлд ажиллаж байгаа. Хамгийн гол шинэчилж байгаа зүйл бол сонгуулийн маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх зорилт тавьсан. Учир нь, УИХ-ын 2012 оны сонгуулийн маргаан жил хагас өнгөрчихөөд байхад одоо ч үргэлжилж байна шүү дээ. Тиймээс сонгуулийн маргааныг тэр дор нь, удлаа гэхэд шүүхээр 60 хоногийн дотор эцэслэн шийддэг байхаар зохицуулалт хийнэ. 

Сонгуулийн үеэр маш их зардал гардаг. Нэр дэвшиж буй хүмүүс, улс төрийн намууд асар их зардлаа олохын тулд хандивлагчдаас хараат болох үзэгдэл байдаг. Эргээд тэр хүмүүстээ хариу барих зэрэг сөрөг зүйлс бий шүү дээ. Тиймээс улстөрчдийг хандивлагчдаас хараат бус болгон, цаашилбал авлигаас сэргийлэх зорилгоор сонгуулийн зардлыг бууруулах чиглэлд анхаарч байна.

-Яаж зардал хэмнэнэ гэж...?

-Бид янз бүрийн судалгаа хийж байна. Жишээ нь, сурталчилгааны зурагт самбар тавихад их мөнгө ордог. Тиймээс цахилгааны шонгуудад самбар байрлуулах үнэгүй эрх өгье гэж байгаа. Зам дагуух газар зүлгэн дээр самбар байрлуулбал үнэгүй байлгах эрхийг нь өгье. Олон нийтийн радио, телевизээр үнэгүй цаг өгөх зэрэг зардал хэмнэх саналуудыг хуулийн төсөлд оруулахаар төлөвлөж байна. Аль болох л зардал багасгах чиглэлд ажиллана. Мөн улсаас өгч буй мөнгөн ба мөнгөн бус дэмжлэгийг яаж үр дүнтэй болгох вэ гэдэг дээр анхаарч байна. Улс төрийн намд төрөөс өгч байгаа дэмжлэг дээр ч шинэчлэл хийе гэж байгаа. 

-Сонгуульд оролцох намуудад дэмжлэг үзүүлнэ гэж үү?

-Одоо бол сонгуулийн дараа УИХ-д суудал авсан намуудад урамшуулал олгодог ш дээ. Нэг суудалд нь 10 сая төгрөг, нэг саналд нь 1000 төгрөг өгдөг. Улсын төсвөөс өгч байгаа энэ мөнгөөр юу хийх вэ, юунд зориулах вэ гэдгийг нь зааж өгөлгүй намд  зүгээр л өгчихдөг. Тэгэхээр тухайн нам бодлогын судалгаа хийдэг, иргэдтэйгээ харилцахдаа зарцуулж байгаа зүйл бага байдаг. Харин сонгууль дөхөх үед хэвлэлийн сурталчилгаанд л зарцуулдаг, аян хийгээд өнгөрдөг шүү дээ. Тиймээс энийг өөрчилье гэж байгаа юм. Сонгуулийн дараа улс төрийн намуудад өгч байгаа санхүүгийн дэмжлэг нь тодорхой зорилготой байя. Улс төрийн сан гэж байгуулаад тэндээсээ бодлогын судалгаа хийе. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь чиглэсэн ямар хуулийн төслүүд байх юм. Түүнийгээ боловсруулахад нь, олон түмнээс саналыг нь авахад тус сангаас санхүүжилт өгье. Бас улстөрчдөө ч байнга сургалтад хамруулж байх санал явж байгаа. Улстөрч бол мэргэжил. Жишээ нь, иргэдийн төлөөлөгч хүн Засаг даргын оруулж ирсэн төсөв, төслийг унших чадвартай байх ёстой. Дээр нь улстөрчид нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх дээ. Энэ чиглэлд нь бэлтгэх юм. Өөрөөр хэлбэл, энэ мэтчилэн зориулалтыг нь зааж өгөөд улсын төсвөөс намуудад мөнгө өгдөг болгоё гэж байгаа юм. 

-Мөнгөний хэмжээнд нь өөрчлөлт оруулна гэсэн үг үү. Эсвэл тусдаа юм уу?

-Энэ бол улс төрийн намд өгөх мөнгөнөөс тусдаа. Улс төрийн сан нь өөр юм. Ард түмнээс хэдий хэрийн санал авна, тэрэнтэй нь харгалзан улсын төсвөөс мөнгө өгье гэж байгаа юм. Өнөөдрийнх шиг 10 сая төгрөг өгөөд явах биш. Хэдэн санал авсан байна. Ард түмэн энэ намыг ийм хэмжээнд дэмжиж байна гээд мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүүжилтийг төрөөс өгнө. Эргээд энэ мөнгөнд аудитын шалгалт хийж, хяналт тавьж ажиллана. Хэчнээн хүн сургав, хэдэн хуулийн төсөл боловсруулах, ямар зүйл хийв гээд тайланг нь намуудаас авна. Ингээд зориулалтын дагуу зарцуулсан байвал дараа жилийн мөнгийг нь өгнө. Зориулалтаар нь зарцуулаагүй бол торгууль тавих, дараа жил мөнгө өгөхгүй байх гэх маягаар улс төрийн намыг хариуцлагатай болгоё гэж байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр намууд баахан юм амлачихаад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Энэ бол улс төрийн намыг хариуцлагагүй, төрийн албыг хариуцлагагүй болгож байгаа хэлбэр. Тийм учраас ард түмний өгсөн санал дээр тулгуурлан улсын төсвөөс өгч байгаа мөнгө нь улс төрийн намыг хариуцлагатай, бодлогын нам болгоход чиглэх юм.

-Тэгэхээр Улс төрийн сангаас мөнгө өгөөд, одоо өгч байгаа нэг удаагийн 10 сая, 1000 төгрөгийн дэмжлэг нь хэвээрээ байх юм байна гэж ойлголоо?

-Яг мөнгөний хэмжээ хэвээрээ гэж хэлж чадахгүй нь. Ер нь бол улс төрийн намд тийм их мөнгө өгөх шаардлага байхгүй. Харин Улс төрийн сандаа өгөх мөнгө нь тодорхой ажлыг санхүүжүүлэхүйц хэмжээнд байх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Сонгуулийн нэгдсэн хууль гэхээр процессыг нь зохицуулсан нэг хууль байх нь. Бас олон нийт бүх сонгуулийг нэг өдөр зэрэг явуулах юм шиг ойлголттой байна.

-Процессыг нь зохицуулсан нэг л хууль байх юм. Харин дотроо Ерөнхийлөгч, УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдэд тавигдах шаардлага нь өөр байна шүү дээ. Бүртгэх, сонгуулийн систем зэрэг нь тусдаа. Ер нь бол энэ бүгд нь дотроо тусгайлсан бүлэг болоод орчих юм. Харин сонгууль зохион байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, маргааныг шийдвэрлэх зэрэг нь адилхан байна. Нийтлэг ижил ийм заалтуудтай ч бас сонгууль, сонгуульдаа таарсан жижиг өөрчлөлтүүд бий. Жишээ нь, УИХ, орон нутгийн сонгууль бүхэлдээ нэг өдөр хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ маргаан шийдвэрлэхдээ тухайн орон нутагтаа шийдэх ч гэдэг юм уу ялгаатай зүйлүүд бий.

-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаашид “Нэг улс-нэг сонгууль” гэсэн зарчим баримтална гэж байсан. Тэгэхээр бүх сонгууль нэг өдөр болно гэж ойлгож болох уу?

-Ерөнхийлөгчийн сонгууль бол тусдаа болно. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэг өдөр хийх чиглэл АН-ын бүлэг дээр яригдсан. Өмнө нь нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт хийсэн шүү дээ.  Одоо бүхэлд нь хийх чиглэл гарсан. Гэхдээ ажлын хэсэг дээр аймаг, нийслэлийн  ИТХ, УИХ-ын сонгуулийг нэг өдөр явуулъя гэсэн чиглэл яригдаж байгаа. Сум дүүрэг тусдаа гэсэн үг шүү дээ. Гэхдээ эцэслээгүй байна.

-Сонгуулийн тогтолцооны талаар янз бүрийн хувилбарууд гарч байна. Ямар системээр УИХ-ын сонгуулийг зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгасан бэ. Ажлын хэсэг дээр 38:38 гэсэн холимог хувилбар яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-УИХ, орон нутгийн сонгууль дээр холимог тогтолцоогоо авч явъя гэж байгаа. Тооны хувьд янз бүрийн л байр суурь байна. 48:28 гэсэн одоогийн хувилбарыг дэмжиж байгаа нэг хэсэг бий. 38:38 гэсэн санал оруулж байгаа хүмүүс ч байна. 28:48 гэсэн хувилбарыг ч ярьж байгаа хүн байгаа. Энэ болгоныг УИХ дээр эцэслэн шийднэ. Ажлын хэсэг дээр  олонхи нь ярьж байгаа хувилбар бол 48:28, 38:38 юм даа. Ер нь бол мэргэжлийн судлаачид, төрийн бус байгууллагынхны дунд хийсэн хэлэлцүүлэг дээр хүртэл энэ сэдвээр санал солилцсон. Парламентад суудалтай, суудалгүй намуудыг оролцуулаад энэ төслөө өргөн барихаас өмнө хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа.

-Монголын нөхцөлд аль хувилбар нь илүү тохиромжтой бол. Та  сонгуулийн хууль, сонгогчдын боловсролын шүү дээ. Хувь хүний тань байр суурийг сонирхох гэсэн юм.

-48 нь мажоритар гэвэл тойрог болгож хуваахад илүү хялбар л даа. Харин 38 тойрогтой болно гэвэл тойргийг хуваахад төвөгтэй байдал үүснэ. Гэхдээ аль ч тохиолдолд олон мандаттай тойргоос сонгохоо болино.

Ажлын хэсэг дээр тогтсон нэг юм юу гэвэл холимог хувилбараа авч явъя, гэхдээ нэг мандат-нэг тойрог байя гэж байгаа юм. Тухайлбал, Архангай аймаг өмнө нь хоёр хүнийг сонгоод, Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүн гурван нэр дэвшигч сонгож байлаа шүү дээ. Ингэхээр сонгогчийн саналын жин өөр болчихоод байгаа юм. Тэгш бус байдал гарсан гэсэн үг л дээ. Нэг хүн гурвыг сонгож байхад нэг нь ганц л сонголт хийж байна гэдэг ч юм уу. Иймд тэгш байдлыг хангая. Нөгөөтэйгүүр, нэг намаас нэр дэвшиж буй хүмүүс өөр хоорондоо өрсөлдөж байгаа нь зөрчил бий болгож байна. Тиймээс ямар ч байсан нэг тойрог-нэг мандат болгоё гэсэн. Жишээ нь, Архангай аймаг одоо нэг тойрог хоёр мандаттай байгаа бол хоёр тойрог, тойргууд нь тус бүр нэг мандаттай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, одоо байгаа олон мандат нь тус тусдаа хуваагдаад л тойрог болчих юм.

Ер нь бол 48 гэсэн хувилбар нь  тойргоор хуваахад илүү хялбар бөгөөд зохион байгуулахад амар. Хэрэв 38 тойрог болгоно гэвэл зарим аймаг нийлж нэг тойрог болох шаардлага үүсээд байгаа юм. Бидний хувьд аймаг болгон өөр өөрийн төлөөлөлтэй байвал зүгээр гэж үзэж байгаа л даа. Цөөхөн хүн амтай аймгуудыг нийлүүлэх, нэгтгэх шаардлага гарчихаад байгаа юм. Нөгөөтэйгүүр, өргөн уудам нутагтай аймгаас нэг хүн сонгогдоод тэр нь эргээд сонгогчидтойгоо үргэлж холбоотой, хүрч ажиллана гэдэг хүндрэлтэй. Өнөөдрийн хоёр гишүүнтэй аймаг нэг мандаттай болчих юм бол иргэддээ хүрч ажиллахад хүндрэл үүсэх тал бий. Тойрог дахин зурахад хүндрэлтэй юм даа. Тэр талын бэрхшээл бий.

-Өнгөрсөн хугацаанд парламентад суудалтай болон суудалгүй намуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүд цөөнгүй боллоо. Энэ бүхэн дээр хөндөгдсөн юм нь сонгуулийн санал тоолох автомат машин. АН-аас бусад бүх нам шүүмжлэлтэй хандаж байгаа. Ажлын хэсэг үүнийг хуулийн төсөлдөө ямар байдлаар тусгаж байгаа вэ?

-УИХ-ын сонгуулийн хуульд хяналтын тооллогын заалт байхгүй байсан. СЕХ-ноос зохион байгуулаад зарим газар хяналтын тооллого хийж байсан. Харин 2012 оны сонгуулийн дараа батлагдсан орон нутгийн сонгуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль дээр бид хяналтын тооллогыг баталгаажуулж оруулсан. Сонгууль болсны дараа шодож нэг суманд хоёр, нэг хороонд хоёр хэсэг дээр хяналтын тооллого хийж тулгалт хийх хуулийн зохицуулалт хийсэн. Санамсаргүйгээр сонгож байгаа учраас аль нэг санал авах машиныг урьдчилаад өөрчлөх боломжгүй. Угаасаа манай сонгож авсан санал тоолох машин өөрөө нотлох баримттай үлддэг. Өөрөөр хэлбэл, цаас уншуулдаг, тэр нь дороо хадгалагдаж байдаг шүү дээ. Тиймээс ч УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хяналтын тооллогыг хэсгүүд дээр гар аргаар хийсэн. Машины тоо, гараар тоолсон хоёрт ямар ч зөрүү гараагүй. Энэ нь өөрөө санал тоолох машины найдвартай байдлыг илтгэж байгаа юм. Дээр нь нэр дэвшигчийн ажиглагч нар саналын хуудасны фото бичлэгийг авч болно гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулсан. Тэрийгээ тулгаад явах бүрэн боломж бий. Нэг ёсондоо манайд хууль эрх зүйн хангалттай орчин бий. Өнгөрсөн гурван ч сонгуулиар машины болон гараар тоолсон дүн хоорондоо зөрөөгүй. Тийм учраас хар машинд итгэхгүй байгаа, элдэв юм ярьж байгаа хүмүүс ялагдсандаа шалтаг л хайж байгаа хэлбэр дээ.

-Намуудын босгыг өсгөх нь гэсэн яриа явж байсан. Энэ бодитой мэдээлэл үү?

-Тийм юм ажлын хэсэг дээр яригдаагүй.

-Эмэгтэйчүүдийн квот ямар байдлаар хуулийн төсөлд тусгагдсан бэ. Нэмэгдэх үү?

-Эмэгтэйчүүдийн квотыг УИХ, орон нутгийн сонгуульд оруулна. Ажлын хэсгийн хувьд эмэгтэйчүүдийн байгууллага, төрийн бус байгууллагуудын саналыг ч авсан байгаа. Тэд одоо байгаа 20 хувийг нэмэх шаардлагатай гэсэн санал ирүүлсэн л дээ. Миний хувьд энэ квотыг 30 хувь болгож өсгөх саналыг ажлын хэсэгтээ оруулахаар төлөвлөж байгаа.

-Сонгууль дөхөх тусам сонгуулийн хууль батлагдах магадлал муу байдаг. Ер нь энэ хаврын чуулганаар Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах улс төрийн хүсэл энэ парламентад байна уу?

-Байна. Би тэгж л харж байгаа. Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн нэгдсэн хууль хаврын чуулганд орно. Бүр амжихгүй юм гэхэд ирэх намар гэхэд баталчихна.