Р.Бурмаа: Хоёр хувилбараар Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж байгаа
Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа
2014.02.18

Р.Бурмаа: Хоёр хувилбараар Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж байгаа

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг жил гаруйн турш ажиллаж байна. Энэ хугацаанд эрдэмтэд, төрийн бус байгууллагынхныг оролцуулсан хоёр ч хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас зарим зүйл тодрууллаа.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл ямар шатандаа явж байна вэ. Холимог тогтолцооны харьцааг 50:50 хувь байлгахаар тохирсон гэж үнэн үү?

-Холимог системээ үргэлжлүүлэн хэрэглэнэ. Харин мажоритар, пропорциональ тогтолцооны харьцаа ямар байхыг эцэслэн тогтоогүй байна. Одоогийнх шиг мажоритар хувилбараар 48, пропорциональ тогтолцоогоор 28 гишүүн сонгох, эсвэл 50:50 байх гэсэн хоёр хувилбар ярьж, аль алинаар нь төсөл бичиж байгаа. Аль ч хувилбарыг сонгосон мажоритар тогтолцоо нь нэг мандаттай байхаар тохирсон.

Тухайлбал, одоогийн хуулиар Сонгинохайрхан дүүрэг гурван мандаттай нэг тойрог болдгийг тус бүртээ нэг мандаттай, гурван тойрогт хуваана гэсэн үг. Хүн амын тооноос хамаарч тойргоо байгуулна. Төсөл бичих техникийн ажлын алба байгуулсан. Хаврын чуулганаас өмнө Ажлын хэсэг хуралдаад дээрх хоёр хувилбарын аль нэгийг сонгоно. Үүний дараа УИХд өргөн барих юм.

-Ажлын хэсэг дээр санал нэгдээд байгаа ямар гол зарчим, өөрчлөлт байна вэ?

-Сонгуулийн маргаан 1-2 жилээр үргэжилдгийг болиулж, энэ асуудлыг шийдэх тусгай байгууллага бий болгоно. Тэр нь аливаа маргааныг 60 хоногт багтаан шийдэх ёстой гэсэн зарчим баримталж байна. Мөн сонгуулийн зардлыг багасгах хувилбар, аргуудыг судалж байгаа. Зардал их байдаг учир намууд бусдаас хандив авдаг, эргээд тэр байгууллага, иргэнээс хараат болдог дутагдал бий. Сонгуулиас үүдэлтэй авлигыг зогсоох ёстой гэдэг дээр санал нэгдсэн.

-Сонгуулийн нэгдсэн хууль гэхээр бүх сонгуулийг нэг дор явуулах уу, эсвэл үйл ажиллагааны зарчим, хууль нь нэг байх юм уу?

-УИХ-ын болон нийслэл, аймгийн ИТХ-ын сонгуулийг нэг өдөр явуулна. Сонгогчдын нэрсийн жагсаалт, хэрхэн бүртгэх гэх мэт сонгуультай холбоотой тогтолцоо нь нэг байх юм. Мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд улс төрийн намууд оролцох хэрэгтэй, үгүй гэсэн санал гарсан. Үүнийг ярилцаж байна.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд бүсгүйчүүдийн квот байдагг үй. Энэ талаар ямар зохицуулалт оруулж байна вэ?

-Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтраад хэлэлцүүлэг хийсэн. Орон нутгийн сонгуулийн хуульд квот тусгах шаардлагатай, харин хэдэн хувь байхаа ярилцаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан 20 хувийн квотыг нэмэх ёстой гэсэн байр суурь давамгайлсан.