Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдээ дэмжсэн нам ялна
2011.11.22

Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдээ дэмжсэн нам ялна

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч  Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танаас шууд л асууя.  Эмэгтэй­чүү­дийн квот ингэхэд ер нь хэ­­рэгтэй гэж үү?

-Иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг зорьж байгаа юм бол төлөөллийн ардчиллыг бий болгох хэрэгтэй. Нийт хүн амын тал хувийн төлөөллийг бий болгохын тулд л квот байхаас аргагүй байна. Дэлхийн хөгжилтэй маш олон оронд ч энэ л аргаар эмэгтэйчүүдийн төлөөллийг хангаж байна. Одоогоор 36 улсын ерөнхийлөгч болоод ерөнхий сайдын үүргийг эмэгтэй хүн маш сайн хийж байна.

-Эмэгтэй хүн УИХ-д орж ирснээр яг юуг өөрчлөх гээд байгаа юм. З.Алтай гишүүн албан тушаалд дуртай авгай нар ийм яриа гаргаад байгаа гэсэн байсан?

-Эмэгтэй хүний олж хардаг нарийн асуудлууд нийгэмд олон бий. Эмэгтэйчүүд төрийн эрх барих үйл хэрэгт орж ирснээр нийгэм, боловсрол, эрүүл мэндийн салбарт нүдэнд харагдахуйц өөрчлөлт гарна. Одоо ч батлагдсан олон хуулийг санаачлахад өнөө цөөн хэдэн эмэгтэй гишүүдийн үүрэг, хичээл зүтгэл их байсан. Тухайлбал, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, тэтгэвэр тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ахмад насны нийгмийн халамжийн тухай хууль гээд олон бий. Эрэгтэйчүүдийн шийдэж хийдэггүй олон зүйл байгаа нь эргээд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх ёстойг харуулж байгаа юм.

-Одоо бол эрэгтэйчүүд л хууль баталж байна. Эмэгтэй гэлтгүй тэд ч нийгмийн хамгаалал тал руугаа анхаардаг юм биш үү. Сүүлийн үед төрөөс халамжийн бодлого харин ч хангалттай гарч байгаа биз дээ. Ингэхээр “яагаад заавал эмэгтэйчүүд” гэсэн бодол төрж байна л даа?

-Эрэгтэйчүүд нийгмийн хамгаалал талдаа анхаарал хандуулдаггүй гэж хэлээгүй л дээ. Өргөн барьсан хуулийг хэлэлцэх, дэмжих тал дээр манай эрчүүд харин ч гайгүй. Гэхдээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинг өндөрсгөх нь өөрөө олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн Монгол Улсын үүрэг шүү дээ.

-“Эмэгтэйчүүд чадна” гэсэн нэг реклам яваад байна лээ. Тэгэхээр эмэгтэйчүүд чадах л юм бол квот ч хэрэггүй юм биш үү?

-Яах вэ, эмэгтэйчүүд квотгүйгээр ч гарч ирж л байна. Бид нарыг эмэгтэй юм зайлуул гэж толгойг минь илээд сонгодог сонгогч гэж байдаггүй. Яг адилхан дүрмээр улс төрд оролцож л ирсэн. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд эрчүүдтэй, эмэгтэйчүүд өрсөлдөхөд хүнд байдаг. 

-Саяхан танай эмэгтэйчүүд “Эмэг­­тэйчүүд хөгжлийн тө­лөө-2011” гэх чуулганаа хийсэн байх аа. Эндээс ирэх сонгуульд эмэг­­­­­тэйчүүд хэрхэн оролцох тө­­­лөв­­лөгөөгөө ярилцсан гэж сонслоо?

-“Эмэгтэйчүүд хөгжлийн тө­­­лөө-2011” форумд эх орныхоо өнцөг булан бүрээс 1000 эмэгтэйчүүд төлөө­­­лөгчөөр сонгогдон  ирж, хоёр өдөр чуулсан. Эрчүүдийн олж хардаггүй, хар­­­сан ч жижиг хэмээн орхидог асуудал нь  нийгэмд хуримтлагдан хүлээлт   үүсгэж байгаа учраас  эмэгтэйчүүд бид хамтын оюун ухаанаараа тунгаан хэлэлцэж, оновчтой шийдвэр, зохистой хувилбарыг төр засгийн шийдвэр гар­­гаж,  бодлого боловсруулагчдад хүргэ­­­хээр зорьсон. Чуулган маань зорилго зорилтоо хангасан  сайхан арга хэмжээ болсон. Бид  гэр бүл хөгжил, эрүүл  мэнд,  боловсрол,  хөдөөгийн хөгжил,  хөдөлмөр эрхлэлт,  байгаль орчныг хамгаалах улс төрийн оролцооны  гэсэн чиглэлээр зөвлөмж боловсруулж,  төр засгийн бодлого, шийдвэрт тусган, улс төрийн намууд өөрсдийн мөрийн хөтөлбөртөө шингээн хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байгаа.  Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын  даргын санаачилгыг дэмжин гэр бүлийг хөгжүүлэх цогц хөтөлбөр боловсруулах, өрх гэрээ толгойлон амьдарч байгаа хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг малжуулах, бага орлоготой болон  бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжсэн бага хүүтэй, урт хугацааны зээл олгох “Эмэгтэйчүүдийн банк” байгуулах гээд шинэ сэдэл санаачлагаар дүүрэн сайхан чуулган болж,  эмэгтэйчүүд сэтгэл өндөр орон  нутаг руугаа явцгаасан.

-УИХ-ын сонгуульд оролцох эмэг­­­тэйчүүдийн квотыг 20 хувь болгох шаардлагатай тухай та илтгэл тавьсан гэсэн. Энэ бо­­ломж­­­той гэж үү?

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал нэлээд удаашралтай яригдаж байгаа.  Намын бүлгүүдийн хурлаар  тохиролцоонд хүрч байх шиг байна. Хоёр намын бүлэг ямар ч байсан сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг хийж, холимог систем буюу 48:28 гэсэн  тогтолцоогоор сонгуулиа  явуулъя гэж шийдвэрлэлээ. 26 тойрогт 48 суудал нь мажоритар тогтолцоогоор, 28 суудал дээр пропорционал системээр явуулах болж байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд  нэмэгдүүлэх нь эмэгтэйчүүдийн эсвэл аль нэг нам бүлгийн эрх ашгийн тухай хэрэг огт биш ээ. Энэ нь нийт эмэгтэйчүүдийн төдийгүй нийт нийгмийн эрх ашгийг тусгасан  түүхэн чухал шийдэл бо­лох учраас бид сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг 20 хувиас доошгүй байлгахаар зорьж ажиллах  шаардлагатай  байгаа юм. Эмэгтэйчүүдээ дэмжихгүйгээр 2015 онд 30 хувьд хүргэх Мянганы хөгжлийн зорилтыг хангахад Монгол улсын хувьд  бэрхшээлтэй  болно.  Иймээс эмэгтэйчүүдээ дэмжсэн нам ялна гэдгийг онцлоод байгаа юм даа.

-20 хувийн квотыг тусгуулах ту­­­хай ярьж байна. Энэ нь про­­­порциональ дээр нь 20 хувь гэсэн үг үү, эсвэл мажоритар дээр ч мөн квот тогтоолгохыг хүсч байгаа юу?

-Аль алин дээр нь 20 хувийн төлөөллийн квотыг суулгах төлөв­­лөгөөтэй ажиллаж байна.  48-ийн суудлын 20 хувь, 28-ийн 20 хувь гэхээр нийт 15 орчим гишүүд УИХ-д орж ирэх боломжтой болж байна гэсэн үг.

-МАН-ын бүлэг “эмэгтэйчүүдийн квотыг 15 хувиас буулгахгүй” гэж амласан. Үүнийг бараг л дээд боломжоо хэлсэн гэж ойлгож байгаа? Намын зүгээс ч тэр, эмэг­­тэйчүүдээ дэмжих талаар ахиц байгаа хэрэг үү?

-Эмэгтэй удирдагчдын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийнхээ төлөө гуйвалтгүй байх чадвар, авилгад бага өртөх шударга зан байдал, хүлээсэн үүргээ найдвартай  биелүүлдэг хэв маяг,  жижиг зүйлд ч анхаарал тавин  шийдвэр  гаргадгийг  илүүтэй их мэдэрч үнэлж байна.  МАН-ын 26 дугаар Их хурлаас  Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүдээр  сонгосон. Энэ бол бидний амжилт, биднийг үнэлсэн  МАН-ын  дарга,  удирдлагуудын бодлого чиглэл,  жендэрийн мэдрэмж хэмээн эмэгтэйчүүд талархаж байдаг. Иймээс ахиц бол байгаа. Энэ Парламентын үед  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай  хуулийг баталсан явдал УИХ-ын 73 эрэгтэй гишүүдийн  жендэрийн мэдрэмжийг баталсан  явдал гэж үздэг. Энэ  хуулийн гол цөм нь  квотын асуудал шүү дээ.  Нийгэмд  тэгш байдалд хүргэх үйл явцыг ахиулахын  тулд эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх хэрэгтэй  байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-д, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэмэгдүүлэх квот тогтоолгохоор Сонгуулийн хуульд тусгуулах нэн  чухал шаардлагатай байгаа юм.

-Түрүүн ярианд чинь “Эмэгтэй­чүүдийн банк байгуулах” тухай гарлаа. Та энэ саналынхаа талаар тайлбарлаач?

-Ядуурал, ажилгүйдлийг бууруу­лахад бодитой хувь нэмэр болно гэж үзэж,  энэ  санаачлагыг гаргасан. Бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдээ дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай  зээл олгож  бодит дэмжлэг үзүүлэх  “Эмэгтэйчүүдийн  банк”  байгуулах санаачлагыг гаргасан. Бид олон жил ярьсан ядуурлаас салах гарц хайж олохыг зорьж, энэ гарцыг “Эмэгтэйчүүдийн банк” байгуулсан дэлхийн  олон орны  туршлагаас суралцах ёстой гэж үзэж байгаа юм. Хөрөнгө барьцаа шаардсан банк санхүүгийн үйлчилгээг эмэгтэйчүүд ялангуяа  өрх  толгойлсон эхчүүд  авч  чадахгүй байна шүү дээ. Тухайлбал, энэ гэр бүлд  өнөөдөр 500 мянган төгрөг бэлнээр хэрэг болоход барьцаа байхгүйгээс  бэлэн мөнгө олох боломжгүй болж,  маш өндөр хүүтэй мөнгийг авч  өрх гэрийн ачааллаа өөрөө үүрч байна даа.   Эмэгтэйчүүдийн банк байгуулсан дэлхийн 40 улс орны  үр дүнд хүрсэн  туршлагыг амьдралд туршин хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн юм.  Зарим  орны туршлагыг ч явж  танилцахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд ажлын  хэсэг байгуулан ажиллаж байна.

-Эмэгтэйчүүдийн банк гээд онц­лохоор өнөө эрэгтэйчүүдийн жен­де­рийн асуудал чинь босч ирэх юм биш биз?

-Сүүлийн хорин жилийн гол сэдэв нь ажилгүйдэл ядуурал байна. Үүнийг бууруулахын тулд хамгийн чухал нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Ядууралд эмэгтэйчүүд илүү өртөмтгий байна. Дэлхийн олон оронд ийм төрлийн банк  байгуулж, үр дүнд хүрсэн байна. Эмэгтэй хүмүүс  зээл аваад үйл ажиллагаагаа явуулчхаад хугацаандаа зээлээ төлдөг  болох нь  батлагдсан. Өөрөөр хэлбэл хариуцлагатай, найдвартай гэдгээ нотолсон байдаг. Манай чуулганы төлөө­лөгчид болон чуулганд  урилгаа  оролцсон төрийн өндөрлөгүүд, бодлого  боловсруулж, шийдвэр гаргагчид дэм­­жиж ажиллахаа илэрхийлсэн.

-Эмэгтэйчүүдийн банкийг Мон­голд байгуулах боломж бүрдсэн үү?

-Эмэгтэйчүүдийн банк байгуулс­­наар ядуурлаас олон эмэгтэйчүүд гарна. Бид Эмэгтэй­­чүүдийн банк байгуулж чадвал, эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй болж бусдаас хараат явдаг амьдралын хэвшил, сэтгэлгээ дадал зуршлаа өөрчилнө, үр хүүхдээ өсгөж чанартай боловсрол эзэмшүүлнэ, өрх толгойлсон 90,000 шахам эмэгтэйчүүд жижиг үйлдвэрлэл эрхэлж өмч хөрөнгийн эзэд болцгооно, барьцаа харгалзахгүйгээр зээл авч нийгмийн орлого багатай давхарга, ядуу иргэд амьдралаа өөрчилнө гэж  тооцож төлөвлөж байгаа. Хэрэв үүнийг хийж чадвал бид ядуурлыг музейд тавих болно.

-Олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлэх болов уу?

-Ер нь ядуурал, ажилгүйдэл, гэр бүлийн задрал, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн бусад чанар хүртээмж,  эх үрсийн эрүүл мэнд, ёс суртахууны доройтол, архидан согтуурал, байгаль орчны бохирдол хямрал, шударга  ёсны  зэрэг  нийгмийн тулгамдсан олон асуудлын  гарцыг олж шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага, шийдвэр гаргах түвшинд  эмэгтэйчүүдийн дуу хоолой зайлшгүй хэрэгтэй байна гэсэн нийгмийн хандлага  байна.  Сонгуулийн тогтолцооны сул тал, эдийн засгийн боломж, уламжлалт зан заншил, хэвшмэл ойлголт зэрэг эмэгтэй хүний мэдлэг чадвараас үл хамаарах  олон шалтгаанаар улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаа.  Олон орон энэ асуудлыг  квот буюу босго тогтоох аргаар  шийдвэрлэж ирсэн. Эмэгтэйчүүдийн квотыг Социнтерний улсууд ч мөн хэрэгжүүлсээр байна. Энэ бүхэн  “чадваргүй эмэгтэйг эрх мэдэлд хүргэх” гэсэн оролдлого,  хөшүүрэг биш  болох нь батлагдаж байна. ер нь квотын зарчим нь  сонгуулиар  эмэгтэйчүүдийн төлөөлөл бага тусдаг мажоритар системийн сул талыг нөхөх арга бөгөөд эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл, мэдлэг чадвараас үл хамаарах  олон сөрөг хүчин зүйлээс хамгаалсан тэгш байдлыг бий болгох гаргалгаа түлхүүр юм. Эмэгтэйчүүд бид шийдвэр гаргах түвшинд олуулаа  байсан сан  бол... өнөөдөр дүүргийн эмнэлэгт өвдсөн хүүхдээ сандал дээр суугаад сахиж байгаа ээж, нөхөртөө гомдон нүдэндээ нулимстай яваа бүсгүйчүүд,  хүний наймааны золиос болон цоожтой хаалганы цаана айн  чичирсэн охид, Улаанбаатар хотод хүүхдээ салхилуулж чадахгүй байгаа ээжүүд,  эмээ нар зэрэг олон асуудал өдий зэрэгт  даамжрахгүй байсан гэдгийг бодох л хэрэгтэй.

-Ер нь танайхаас хэдий тооны эмэгтэй нэр дэвшүүлэх боломж, кандидат нь бэлтгэгдээд байна?

-Бүх  шатны сонгуульд  нэр дэвших мэдлэг боловсрол, чадвартай эмэгтэйчүүд  хэдэн зуугаараа  байна. Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх  асуудлаар  тоо хэлэхэд арай эрт байна. Эмэгтэйчүүд өөрөө өөрсдийнхөө төлөөх жам ёсны эрхийг эдлүүлэхийн төлөө  бид ажиллах  ёстой. НАМЭХ-нь  улс төрийн ууган хүчин, төрийн эрх баригч МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд зөвхөн намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийт эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллах нэн  хариуцлагатай үүрэг  хүлээдэг. Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох үүднээс нэлээд ажлуудыг хийж байгаа. Нийгэм ч бизнесийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай, үнэлэмж  өндөр олон сайхан эмэгтэйчүүд “далд” даруухан  ажиллаж, улс эх орныхоо их бүтээн байгуулалтыг босголцож , хөгжлийн төлөө түүчээлэн ажиллаж байна. Эдгээр  эмэгтэйчүүдийнхээ  хүч нөөц боломж, мэдлэг  чадвар дадалд суурилж, хөгжлийн зөв бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Сонгуулийн хууль УИХ-аар  батлагдахыг хүлээсэн хүлээлт байгаа. Ер нь парламентад эмэгтэйчүүдийн эзлэх суудлын хувийн жин нь эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн амьдрал дахь оролцооны нэг чухал илэрхийлэл болдог. Иймээс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд  эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх, эдийн засаг, нийгмийн бодлого хүний эрх, тэгш эрхэд суурилсан, тэнцвэртэй, тогтвортой бодлого хөтөлбөр боловсруулахад эмэгтэйчүүдээ бид бэлтгэх  ёстой. 

-Эхэлсэн асуудлаараа яриагаа төгсгөе. Квот тогтоосны дараа зарим нэг хүмүүс Үндсэн хуулийн цэц дээр өргөдөл өгөөд унагаачих юм биш биз дээ?

-Үгүй ээ. Унахгүй.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.