Р.Бурмаа: Хардаад хянамаар байгаа бол хянагчаа бэлдэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа
2014.03.26

Р.Бурмаа: Хардаад хянамаар байгаа бол хянагчаа бэлдэх хэрэгтэй

Улстөрийн зарим намын удирдлагууд өчигдөр Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаатай ярилцлаа.

-Энэ хуулийн төсөл дээр бараг жил гаруй хугацаанд ажиллалаа. Сонгуулийн нэгдсэн хуульд орж байгаа өөрчлөлтийн гол онцлог юу вэ?

-Сонгууль бүрийн өмнө Сон­гуулийн тухай хуулиа өөр­чилж, эрх баригчдын хүсэл сонирхолд нийцсэн ажил хийхээ болих үүднээс өөрчлөлт хийж байна. Түүнчлэн дөрвөн өөр сонгуулийн хуулиар зохи­цуулагдаж бай­гаагаас болоод зөрчил их гарч байна.

Тухайлбал нэрийн жагсаалтыг Засаг дарга, хэсгийн хороо­ны­хон гаргах жишээтэй. Энэ нь нэрийн жагсаалтыг буд­илаантуулах гол хүчин зүйл болж байв. Тэгэхээр өнөөдөр бид нэрийн жагсаалтыг нэг бай­гууллага гаргаж, элдэв асуу­дал гарвал өөрөө хариуцдаг байх нь зөв гэж үзсэн.

Мөн хурууныхаа хээгээр са­налаа өгөх боломжийг бүр­дүү­лэхээр ажиллана. Гадаадад байгаа сонгогчдын санал өгөх боломжийг илүү хялбар болгох ажлуудыг ч хийж байна.

-Сонгуулийн компанит ажлын хүрээнд асар их зардал гаргадаг. Түүнийгээ хэн нэгэн мөнгөтэй хүн эсвэл аж ахуйн нэгжээс авч дараа нь түүнийхээ хараат болох явдал байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Нэр дэвшиж буй хүмүүс, улстөрийн намууд зардлаа олохын тулд хандивлагчдаас хараат болох үзэгдэл байдаг. Олон улс дамнасан томоохон байгууллагуудаас ч санхүүжилт авчихсан, гар хөл нь болох явдал бий. Эсвэл баян хүн нэр дэвшдэг.

Тиймээс улстөрчдийг хандив­лагчдаас хараат бус болгон, цаашилбал авилгаас сэргийлэх зорилгоор сонгуулийн зардлыг бууруулах чиглэлд анхаарч, ядаж л сурталчилгааны зурагт самбар тавих зайг нь гаргаж өгөхөөр ажиллаж байна. Үүнд бас мөнгө их ордог учраас гэрлийн шонгуудад самбар байрлуулж шийдэх боломжийг тооцоолж байгаа.

Мөн замын хажуугийн зүл­­гэн дээр самбар байрлуул­чихвал тэндээ сурталчилгаагаа үнэгүй байршуулах эрхийг нь өгье.

Түүнчлэн сонгуулийн үеийн зардлын 70-80 хувь нь хэвлэл мэдээллийн сурталчилгаанд зар­цуулагддаг. Энэ төлбөрөөс нь болоод иргэд улстөрийн намын мөрийн хөтөлбөртэй танилцаж, мэдээлэл авах эрх нь хаагдчихдаг. Тэр агаарын орон зай нийтийн өмч учраас телевиз, радиод үнэгүй цаг гаргаж өгөх асуудлыг шийдэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл агаарын орон зай ашиглах эрхийг нь олгосон төр, түүнийг ашигласных нь төлөө зохицуулалт хийх эрхтэй гэж бодож байна. Хэрвээ энэ саналыг хүлээж авахгүй бол эрхийг нь хаах хүртэл арга хэмжээ авах тухай яригдаж байгаа.

-Хуулийн төслийн хүрээнд авсан суудлынх нь тоогоор намуудад өгдөг 10 сая төгрөгийн асуудалд өөрчлөлт оруу­лах уу. Энэ мөнгө юунд зарцуу­лагддаг юм бэ?

-УИХ-д суудал авсан на­муудад жил бүр авсан суудал тус бүрт нь 10 сая төгрөг өгдөг. Харин яг сонгуулийн дараа тухайн намд авсан саналынх нь тоогоор 1000 төгрөг өгдөг. Энэ 1000 төгрөг сонгуулийн дараа ганцхан удаа олгогддог. Тэгсэн хэрнээ улсын төсвөөс өгч байгаа энэ мөнгөөр юу хийх вэ, юунд зориулах вэ гэдгийг нь зааж өгөлгүй намуудад шууд тараагаад өгчихдөг. Тэр ч байтугай Сангийн яамнаас зарцуулалтынх нь тухай тайланг ч авдаггүй.

Өнгөрсөн гурван ч сонгуулиар машины болон гараар тоолсон дүн хоорондоо зөрөөгүй.

Тэгэхээр энэ мөнгийг то­дорхой зорилготой болгоно. Тухайлбал тухайн нам бодлогын судалгаа боловсруулах, иргэд­тэйгээ харилцах, мөрийн хө­төлбөр хэрэгжүүлэх, хуулийн төсөл боловсруулахад зарцуул гэх зэрэг шаардлага тавина. Эдгээр ажлыг хийхэд иргэд, олон нийттэй уулзах хэрэгтэй болдог. Түүндээ ч зарцуулсан болно шүү дээ.

Мөн өөрсдийн халаа болсон залуу улстөрчдийг бэлд гэсэн чиглэлийг ч өгнө. Тэднийгээ сур­галтад хамруулж байнга сайж­руулах хэрэгтэй. Тухайлбал ир­гэдийн төлөөлөгч нь Засаг даргынхаа оруулж ирсэн төсөв, төслийг уншаад түүнээс асуулт боловсруулах чадвартай байх ёстой. Энэ мэтээр дээрх мөнгөөр юу хийх вэ гэдэг зориулалтыг нь тодорхойлж байж мөнгө олгодог болох гэж байгаа.

Тэгэхгүй бол өнөөдөр намууд баахан юм амалчихаад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Энэ бол улстөрийн намыг, төрийн албыг хариуцлагагүй болгож байгаа хэлбэр. Тиймээс ард түмний өгсөн саналд тул­гуурлан улсын төсвөөс өгч байгаа мөнгө нь улстөрийн намыг хариуцлагатай, бодлогын нам болгоход чиглэнэ.

-Та ажлын хэсгийн ахлагч бас эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийн асуудалд хэр­хэн хандаж байгаа вэ?

-Энэ асуудлаар гурван удаа ТББ, парламентад суудалтай болон суудалгүй намуудын эмэгтэйчүүдийн төлөөлөл, энэ чиг­лэлээр үйл ажиллагаа явуул­даг судлаачдыг оролцуулан хэ­лэлцүүлэг хийсэн. Энэ бүхэнд квотыг 30 хувь байвал яасан юм бэ, сонгуулийн зардал их байгаа нь эмэгтэйчүүдэд хүндрэл болж байна гэх зэргийн санал гаргаж ирсэн.

Тиймээс эмэгтэйчүүд, залуу­чууд, шинэ хүмүүсийг бүх шат­ны сонгуульд дэмжих дэмж­лэг бо­лох үүднээс сонгуулийн зард­лыг багасгахаар зорьж байгаа. Миний хувьд энэ квотыг 30 хувь болгож өсгөх саналыг ажлын хэсэгтээ оруулахаар тө­лөвлөж байна.

-Санал тоолох машины асуу­­дал байнга хөндөгддөг. Өнөөд­рийн /өчигдрийн/ хэлэлцүүлэгт оролцогч намын удирд­лагууд машинаар болон гараар тоолох, сонгогчдыг оролцуулах тухай ярьж байна. Энэ хэр боломжтой вэ?

Сонгуулийн маргааныг дээд тал нь 60 хоногт багтаан шийдвэрлэдэг болно. Бид орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хяналтын тооллогыг баталгаажуулж оруул­­сан. Сонгуулийн дараа са­наанд­гүй сонголтоор нэг суманд хоёр, нэг хорооны хоёр хэсэгт хяналтын тооллого хийж тулгалт хийх хуулийн зохицуулалт хийсэн. Санамсаргүйгээр сон­­го­сон учраас санал авах машиныг урьдчилаад өөрчлөх боломжгүй. Харин хяналт хийх үед машины тоо, гараар тоолсон хоёрт ямар ч зөрүү гараагүй. Энэ нь өөрөө санал тоолох машины найдвартай байдлыг илтгэж байгаа юм.

Мөн Ерөнхийлөгчийн сон­гуулийн тухай хуульд нэр дэв­шигчдийн ажиглагчид са­налын хуудасны фото бичлэгийг авч болно гэж оруулсан. Түүнийгээ тулгах бүрэн боломжтой. Нэг ёсондоо манайд хууль эрх зүйн хангалттай орчин бий. Өнгөрсөн гурван ч сонгуулиар машины болон гараар тоолсон дүн хоорондоо зөрөөгүй. Тиймээс санал тоолох ма­шинд итгэхгүй байх үндэсгүй. Хардаад, хя­намаар байгаа бол намууд хянагчаа бэлдэх хэрэгтэй. Сон­гогч саналаа нууцаар өгдөг. Бусад бүх үйл явц нээлттэй. Ялагдсан хүмүүс янз бүрийн зүйл хэлж байхаар хянагчаа бэлд.

-Сая хэлэлцүүлгийн үеэр МНН-ын дарга О.Бум-Ялагч “Эрх баригчид өөрсдөдөө зориулж хуулийг шинэчлэх гэж байна” гэж хэлснийг хэд хэдэн хүн дэмжиж байна. Та ямар тайлбар хэлэх вэ?

-Сонгуулийн хуулийн төс­лийг  боловсруулчихаад, хэлэл­цүүлэг хийнэ гэвэл хардах байх. Тиймээс аль болох өмнө нь хэлэл­цүүлэг хийж, саналуудыг нь авч байна. Энэ хугацаанд парламентад суудалгүй на­муудын хэд хэдэн хэлэлцүүлэгт оролцлоо. Гэхдээ өнөөдрийг хүртэл тодорхой саналуудаа бичгээр өгөөгүй байна. На­муу­даас гадна судлаачид, төрийн бус байгууллагуудын саналыг авсан.

Мөн олон улсын байгуул­лагуудын саналыг авсан. Өнөө­дөр л гэхэд /өчигдөр/ Канадын СЕХ-ны тамгын газрын дарга болон мэргэжилтнүүд оролцсон видео хурал хийсэн. Түүнчлэн би ажлын хэсгийн ахлагчийн хувьд гишүүддээ тодорхой даалгавар өгсөн. Тухайлбал өөр өөрсдийн на­мынхнаасаа саналыг нь авч, хэлэлцүүлэг хий гэж хэлсэн. Одоо чуулган эхлэхээр энэ тухай ярилцана. Мөн энэ хуулийг өргөн барихаасаа өмнө нэлээн өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулна.