Ж.Сүхбаатар: Сонгуульд ялагдвал улс төрөөс өөрсдөө яваарай
Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах болсонтой холбогдуулан Засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээ болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах баримт бичгийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.
МАХН-ын бүлэг энэ асуулаар хуралдаад Ерөнхий сайдаас нэмэлт мэдээлэл авах, Удирдах зөвлөлтэйгээ нүүр тулан ярилцаж нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзсэн юм. Ингэхдээ тэд Төрийн ордонд бус “Их тэнгэр” цогцолборыг илүүд үзсэн байна. Халуухан яриа өрнөх нь тодорхой байсан болохоор арга ч үгүй биз. Бүлгийн гишүүд Удирдах зөвлөлтэй хамтран хуралдаж зөвхөн Тавантолгой, төмөр замын асуудлаар ярилцана гэж байсан. Гэвч энэхүү хурлын тов гарангуут МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Сонгуулийн хуулийн шинэ хувилбарыг танилцуулсан байна.
Хамгийн сонирхолтой нь уг хуулийн төсөл нь УИХ-д өргөн барьсан пропорционал тогтолцоог үгүйсгэсэн холимог буюу 26:50 гэсэн хувилбар байжээ. Энэхүү хуулийн төслийг МАХН-ын Удирдах зөвлөлийнхөн дэмжсэн нь УИХ-ын гишүүдэд таалагдсангүй. Пропорционал тогтолцоонд шилжүүлэх гэж бүхий л боломжийг ашиглаж байхад намын удирдлага нь холимог хэмээн эргэж буцсан нь таатай санагдаагүй байна. Холимог хувилбараар нутаг дэвсгэрийг 26 тойрог болгож намууд нэр дэвшигчдээ сойно. Үлдсэн 50 мандатын төлөө нам дотроо марафон өрнүүлэх болж байгаа юм.
Энэ нь даргыг шүтсэн, долигносон, албан тушаалын наймаа өрнүүлсэн тогтол¬цоо гэж УИХ-ын гишүүд үзэж байгаа. Олонх гишүүн холимог хувилбараас айж байна. “Та аль намыг дэмжиж байна” гэсэн асуултад сонгогчид нэр дэвшигчид санал өгдгөөсөө эсрэгээр хариулдаг. Нэг үгээр хэлбэл намыг бус хүнийг сонгодог гэсэн үг. Тэгэхээр МАХН-д хамгийн ашиггүй хувилбар байх болно гэсэн байр сууриа гишүүд илэрхийлжээ. Мөн пропорционал тогтолцоо нь улс төрийн намуудыг төлөвшүүлдэг, МАХН парламентад олонх болох хамгийн зөв гарц хэмээн Удирдах зөвлөлийн гишүүдийг ухуулсан ч тусыг эс олсон байна.
Удирдах зөвлөлийн хурал сүүлдээ Тавантолгойн асуудал гэхээс илүү Сонгуулийн хуулийн маргаан болж хувирчээ. Нэг хэсэг нь холимог хувилбараар явбал АН-д л ашигтай. Манай нам ялагдал хүлээнэ гэж товч бөгөөд тодорхой хэлж хүртэл үзсэн байх юм. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Энэ бол Удирдах зөвлөлийн буюу улс төрийн шийдвэр” гэж тайлбарласан байна. Хууль зүйн талаас, бодит баримт түшин тайлбарлаад нэмэргүй гэдгийг мэдсэн зарим гишүүд уураа барьж дийлэлгүй ширүүхэн үгээр бөмбөгдөж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Холимог хувилбартай сонгуулиар манай нам ялагдал хүлээвэл та нар өөрсдөө улс төрөөс яваарай” хэмээн хатуухан хэлсэн байна. Сонгуулийн хуулийн холимог хувилбарыг Удирдах зөвлөл дэмжсэн, улс төрийн шийдвэр болохоор удахгүй УИХ-ын бүлгээр хэлэлцэх бололтой. Улс төрийн шийдвэрийг бүлэг хүлээж авахгүй гэж гэдийх ямар ч боломжгүй болно хэмээн бүлгийн зарим гишүүд үзэж байна. Таван цаг гаруй үргэлжилсэн хурлын гол асуудал Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ярианд бүлгийн гишүүд хатуу байр сууринаас хандаж эхэлжээ.
Ерөнхий сайд С.Батболдын мэдээллийг сонссоны дараа олон асуултаар булсан аж. Гэхдээ Тавантолгой сонгуулийн хууль шиг хүн бүрийг бухимдуулаагүй байна. Бүлгийн гишүүд Тавантолгойн ордын нүүрсийг түүхийгээр нь гадагш гаргахгүй. Боловсруулах үйлдвэр байгуулж коксжсон нүүрс, эрчим хүч болгож гаргах хэрэгтэй. Ийм шаардлагыг хангасан консорциумд л эрх олгох хэрэгтэй гэжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч мөн ийм байр суурьтай байгаа гэдгээ хэлсэн байна. Стратегийн ордуудыг ашиглалтад оруулахад төмөр зам хамгийн чухал бэлтгэл ажил. Тиймээс Тавантолгойгоос Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг салгаж хэлэлцэж болохгүй гэж үзжээ.
МАХН-ын Удирдах зөвлөлийн хаалттай хуралдаанаас
С.Батболд