“Ардчилал 20”бүсийн чуулган Сүхбаатар аймагт хөшгөө хаалаа
Энэ жилийг Ардчилсан нам анхан шатаа сонсох жил болгон зарлаж, монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос гишүүд, дэмжигчдээ цуглуулж дөрвөнтээ чууллаа. "Ардчилал 20" анхны бүсийн чуулган хангайн бүс буюу Архангай аймгаас эхэлсэн. Дараа нь баруун, төвийн бүсийн чуулганаа Завхан, Өмнөговь аймагт өртөөлүүлэв. Харин зүүн бүсийн чуулга уулзалт Сүхбаатар аймагт болж, энэ үеэр анхан шатаа сонсох жилийн хаалтаа хийсэн юм.
Энэхүү зүүн бүсийн чуулган өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун Урт хотод болж, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймаг, нийслэлийн Багануур, Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан нэгэн дор чууллаа. Хаалтын арга хэмжээ болсон уг чуулганд АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн. Ц.Сэдванчиг, Я.Батсуурь, Д.Батбаяр, Г.Баярсайхан, П.Алтангэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар уригдан оролцсон юм.
"Ардчилал 20" зүүн бүсийн чуулганы арга хэмжээ Сүхбаатар аймгийн төв дэх ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан хөшөөний нээлтийн ёслолоор эхэлсэн. Үүний дараа Баруун-Урт хотын жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Бүсийн чуулганы хурлыг нээж Сүхбаатар аймгийн Засаг дарга, Сүхбаатар аймгийн АН-ын дарга Ж.Батсуурь үг хэлэв. Дараа нь АН-ын дарга Н.Алтанхуяг зүүн бүсийн чуулганд оролцохоор цугласан 400 төлөөлөгчид зориулан үг хэлсэн.
Тэрээр "Монголын ардчилсан хүчин 20 жилийн өмнө байгуулагдаж, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний түүхэн ойтой Зүүн бүсийн чуулга уулзалт давхцаж байна. Бид 20 жилийг элээсэн ч багагүй зүйл бүтээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс орны хэмжээнд ардчиллын 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Монголчууд ардчилсан Ерөнхийлөгчөө сонгож, ардчиллын үнэт зүйлийг баталгаажуулсан гэлээ.
Мөн хуралд уригдан ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд хүндэтгэлийн индэрт гарав. АН-ын генсек Д.Эрдэнэбат АН ард түмнийхээ төлөө 20 жил зүтгэсэн, дахиад 20, 200 жил ч зүтгэх итгэл бидэнд байх ёстой гэж байсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг бүлгийн ажлаа танилцуулж, "Ардчиллын 10 цагаан буян"-ыг тунхаглан, ирэх 20 жилийн 10 цагаан буяныг АН бүтээх ёстойг дурдаж байв. Ийнхүү чуулга уулзалтад уригдан ирсэн зочид төлөөлөгчдөд үгээ хүргэсний дараа шагналын хур буусан юм. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяраар Сүхбаатар аймгийн АН-ын дарга Ж.Батсуурийг Чингисийн одонгоор шагнасныг гардуулан өгөв. Мөн Алтан гадас одонгоор Сүхбаатар аймгийн АН-ын гишүүн, яруу найрагч С.Амартайван, Сүх-баатар аймгийн АН-ын гишүүн Х.Бах, Х.Батмөнх, Ж.Наранцогт нарыг шагналаа. Харин Хөдөлмөрийн хүндэт медалийг Сүхбаатар аймгийн АН-ын гишүүн Ж.Батмөнх, М.Батжаргал, С.Адъяа нар хүртсэн бол ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль цөөнгүй хүний энгэрт гялалзлаа.
"Ардчилал 20" зүүн бүсийн чуулга уулзалтад оролцсон аймгуудын талаар танилцуулснаас хүргэе.
Сүхбаатар аймгийн АН.
Зүүн бүсийн чуулган зохион бай-гуулагч тус аймгийн АН нийт 6800 гаруй гишүүнтэй. Намын дарга нь Ж.Батсуурь. Аймгийн ИТХ-ын нийт 31 суудлын 18-д АН-ын төлөөлөгч ажиллаж байгаа. Сүхбаатар аймаг нийт 13 сумтайгаас хоёрт нь ялалт байгуулжээ. Мөн аймгийн Засаг дарга АН-ынх.
Говьсүмбэр аймгийн АН.
Тус аймгийн АН нийт 600 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Мамын дарга нь Л.Одсэр. Аймгийн ИТХ-ын нийт 25 суудлын 5-ыг АН-ын төлөөлөгч авсан. Говьсүмбэр аймаг гурван сумтайгаас Баянтал суманд АН ялалт байгуулжээ.
Дорноговь аймгийн АН.
Нийт 2500 гаруй гишүүнтэй. Дорноговь аймгийн АН-ын дарга нь П.Ганхуяг. ИТХ-ын нийт 31 суудлаас Дорноговийн АН 15-д ялалт байгуул-сан. Аймгийн нийт 14 сумын долоод нь Засаг дарга, нэгт ИТХ-ын дарга дөрөвт нь Засаг даргын орлогчоор АН-ын гишүүд ажиллаж байгаа аж. Аймгийн Засаг дарга нь АН-аас сонгогдсон. Говьсүмбэр, Дорноговь аймаг УИХ-ын сонгуульд нэг тойрог болон оролцдог бөгөөд парламентад АН-ыг төлөөлж Я.Бат-суурь гишүүн ажиллаж байна.
Хэнтий аймгийн АН.
5200 гаруй гишүүнтэйгээр тус аймгийн АН үйл ажиллагаа явуулж байна. Намын дарга нь Б.Гарамгайбаатар. Аймгийн ИТХ-ын 31-н суудлаас АН 12 төлөөлөгчтэй. Хэнтий аймаг нийт 22 сумтайгаас долоод нь АН ялалт байгуулжээ.
"Ардчилал 20" хаалтын чуулганд оролцогчид аймгийнхаа намын үйл ажиллагааг танилцуулсны дараа төлөөлөгчид саналаа хэлж, зарим нь асуулт тавьсан. Энэ үеэр УИХ-ын сонгуульд нэгдэж нэг тойрог болдог Дорноговь, Говьсүмбэр аймгийн төлөөлөгчид ҮЗХ-ны зургаан квотоо 3:3-аар тэнцүүлэх саналаа хэлэв. Үүнийг нь ирэх гуравдугаар сард болох ротацийн сонгуулиар хөндөн ярилцахаа намын удирдлагууд амлалаа. Мөн төлөөлөгчид нам дотроо талцаж, фракц, бүлэглэлд хуваагдах-гүй байх ёстойг ч хэлж байлаа. Харин зарим төлөөлөгч хийж бүтээх зориг, зорилго байгаа ч тулах цэг өгөөч хэмээсэн юм. АН-ын дарга Н.Алтанхуяг тэр тулах цэг нь хүн байх ёстойг сануулан хэлж, "Монгол хүн 2020" хөгжлийн хөтөлбөрийг ард түмнийг хөгжүүлэхийн төлөө хэрэгжүүлнэ хэмээв.
Санал шүүмжлэл хэлсний дараа Сүхбаатар аймагт сүүлийн хоёр жилд бүтээн байгуулсан ажлын талаарх баримтат киног сонирхуулсан юм. Үүний дараа тус аймгийн "Жаахан шарга" театрын уран бүтээлчид тоглолтоо толилуулав.
Ингээд Сүхбаатар аймагт хоёр өдөр төвлөрсөн зүүн бүсийн чуулга уулзалтын 400 төлөөлөгчид туршлага солилцон, ирэх жилүүдэд улам эрчтэй ажиллахаа амлан нутаг орноо зорилоо. Бүтэн жилийн турш өрнөсөн "Ардчилал 20" анхан шатаа сонсох аян ийн хаалтаа хийсэн юм.