УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгийг хүссэн хүүхэд бүрт олгох асуудлаар ОУВС-д хандлаа
2018.06.08

УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгийг хүссэн хүүхэд бүрт олгох асуудлаар ОУВС-д хандлаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Оюундарь, Н.Амарзаяа, Д.Оюунхорол нар ОУВС-д хандан Монгол Улсын ирээдүй болсон хүүхдэд багачуудад хүүхдийн мөнгийг алагчлалгүй хүртээх, хүссэн хүүхэд бүрт өгөх шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсч, албан хүсэлт илгээжээ.

Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо судалгаа байгаа тул ОУВС Засгийн Газар, Сангийн яамтай дахин хэлцэл хийж энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байна гэж үзэн дараах хүсэлтийг тавьсан байна.

ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардад илгээсэн хүсэлтэд 

“Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж төсвийн тэнцэл сайжирч байна. Эдийн засагт олон нааштай өөрчлөлтүүд гарч валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, 2017 оны гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдлээ. УИХ, Засгийн Газраас төсвийн сахилга батыг сайжруулах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж, ОУВС-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ. 

Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, 2017 оны гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдлээ.

Ийнхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй учраас ОУВС хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлогын нэгээхэн гол үндэс болсон “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох” асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд Засгийн Газартай байгуулсан хэлэлцээрээ эргэн харна уу.

Хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэн цагаасаа халамж биш харин хүүхэд бүрийг дэмжин урамшуулсан, тэдний одоо ба ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг байсаар ирсэн. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход эдийн засагт ямарваа нэг эрсдэл гарна гэж үзэхгүй байгаа бөгөөд оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелэхээр байна. Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС зөвшөөрвөл хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох боломжтой гэж мэдэгдсэн.

Ийм шийдвэр гаргах нь “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаатай бүрэн нийцнэ. Тиймээс ОУВС-гийн ажлын хэсэг ирэх долдугаар сард Монгол Улсад ирж хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах хугацаандаа энэ талаар нааштай шийдвэр гаргахыг хүсье” гэж онцлон дурьдсан байна.