НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн хүүхдийн баярын өдөрлөгт оролцов
Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран "Монгол хүүхэд" уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхэд багачууддаа зориулж өдөрлөг зохион байгууллаа.
Тэд дүүргийнхээ бяцхан багачуудад зориулж мөрөөдөл болсон үлгэрийн баатруудыг нь амилуулж хүндэтгэлийн парад алхуулснаар баярын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хүүхдэд ээлтэй "Налайх дүүрэг" нь хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Нарны хүүхдүүд" өдөрлөгийг 800 гаруй хүүхэд хамруулан зохион байгуулсан бол дүүргийн хэмжээнд 170 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулж тусгай баяр зэргийг үе шаттай зохион байгуулжээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ, "Хүүхэд бүр эрүүл, чийрэг, боловсролтой хүн болж төлөвшихөд эцэг эхчүүдээс гадна иргэн бүр байгууллага бүр үргэлж анхаарал тавьж эргэн тойрондоо байгаа хүүхдүүдийг аюулгүй орчинд амьдарч байгаа эсэх, эрх тэгш сурч боловсорч байгаа эсэхд анхаарч ажиллах ёстой. Тиймээс зөвхөн нэг өдрийг биш өдөр бүрийг хүүхэд багачуудаа хайрлан хамгаалах сурган хүмүүжүүлж боловсруулах, төлөвшүүлэх ажилд зориулаасай. Хүүхэдтэй холбоотой асуудал анхаарлын гадуур өнгөрөх ёсгүй юм" гэлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр гардуулж өгөв.
"Нарны хүүхдүүд" өдөрлөгт 800 гаруй хүүхэд оролцлоо
Өнгөрсөн онд тус дүүрэг "Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс"-ийн шинэ байрыг ашиглалтанд оруулсан. Ингэснээр 10 гаруй дугуйланд 500 гаруй хүүхэд багачууд хамрагдаж байна. Мөн энэ жил 4 цэцэрлэг 2 сургуулийн ажлыг эхлүүлнэ. Ийнхүү Налайх дүүргийн удирдлагууд хүүхэд багачууддаа чиглэсэн боломжит бүхий л ажлыг санаачлан хийх зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ.