“ЗАХЧИН ДУУ ХУУР"--ын наадам болж, өндөрлөлөө
2018.06.14

“ЗАХЧИН ДУУ ХУУР"--ын наадам болж, өндөрлөлөө

Ховд/МОНЦАМЭ/ Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан “Захчин дуу хуур”-ын наадмыг зохион байгууллаа. 

Энэ сарын 11,12-нд Манхан суманд болсон уг наадамд Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастнууд оролцож байна. Тус наадмыг Захчин ардын уртын дуу, захчин ардын богино, шог хошин магтаар дуу, ихлийн татлага, захчин биелгээ, захчин ардын ерөөл магтаал, захчин аман яриа, захчин эрэгтэй, эм эрэгтэй хувцас хэрэглэлтэй хос гэсэн долоон  төрлөөр явуулав.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат нарын удирдлагууд оролцож уг наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн ардын авьяастанууддаа амжилт хүслээ. 
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг нь 13 ястантай. Олон ястны өлгий нутагт ардын язгуур урлаг, өв соёлыг хойч үед тээж үлдээхэд сайн дурын уран сайханчид, сумдын Соёлын төвүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Тус аймгийн нийт хүн амын 30 орчим хувийг захчин ястан эзэлдэг ба Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч сумдад захчин ястнууд аж төрөн амьдарч байна.