Ж.Мөнхбат: Ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд гишүүн санал өгөхгүй байх хуулийн зохицуулалт бий
-Хаврын ээлжит чуулган завсарлахад сар орчим хугацаа үлдсэн байна. Гэтэл дорвитой хууль хэлэлцсэнгүй, үр дүнгүй ажиллаж байна гэсэн шүүмжлэл гарч эхэллээ. Таны хувьд энэ удаагийн чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?
-УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг өмнөх чуулганаар хэлэлцэн баталдаг. Үүн дээр яаралтай болон Засгийн газар, Ерөнхийлөгчөөс асуудал оруулсныг хэлэлцэнэ. Энэ хуваарийнхаа дагуу асуудлаа хэлэлцэж байна. Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай, Үндсэн хуулийн төсөл зэрэг гурван том хуулийн төсөл хэлэлцэхээр хэлэлцэх асуудалд оруулсан. Эдгээр хуулийн төсөл дээр хаврын чуулган эхлэх үеэр ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэг нь хуралдаж байна.
Энэ бол ажил хийж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэсэн үг. Хуулийн төсөл эцсийн шатанд хүрэх хүртлээ, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийн өмнө Ажлын хэсэг дээр маш сайн ярьж, боловсруулалт хийдэг. Харин ч том хэмжээний хуулийн төслүүдийг өөрчлөхөөр барьж авсныг ажил хийж байна гэж харж байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганы сүүлчээр хэлэлцэхээр байсан. Хугацааны хувьд хэлэлцэж амжихааргүй болсон юм биш үү. Нөгөө талаас хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй бол энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэхгүй гэж харж болохоор байна?
-Хуулийн дагуу хангалттай хугацаа бий. Хаврын чуулган ч дуусах болоогүй байна. Хэлэлцье гэвэл хэлэлцэх боломж нь ч байна. Энэ асуудлаар УИХ, Ерөнхийлөгчийн институцтэй ойлголцох хэрэгтэй. Яг ийм зүйл дээр, ийм өөрчлөлт оруулна гэдгээ тодорхой болгож, хоёр намын бүлэг, УИХ, Ерөнхийлөгчийн институци ойлголцвол Үндсэн хуулийг өөрчлөхөд хүндрэлтэй, хэцүү зүйл байхгүй.
Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын дэргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулж, өөрөө ахалж байв. Эрдэмтэн судлаачид, хуульчдын багтай хамтарч Үндсэн хуулийг өөрчлөх анхны төслийн судалгааг хийж, боловсруулан УИХ-ын Ажлын хэсэгт хүлээлгэж өгч байсан.
-Сонгуулийн тухай хуулийн төслийн гол зохицуулалт нь юу юм бол?
-Сонгуулийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын явц, хэлэлцүүлгийн явцыг харъя гэсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиндаа сонгуулийн талаар тусгачихвал, Сонгуулийн хуулийн төсөл илүү хялбар болох юм. Жишээ нь, мажератор, пропорционал эсвэл холимог системээр явна гээд Үндсэн хуулиндаа тусгаж болно.
Ийм туршлага дэлхийн олон оронд байдаг. Ингэснээр дөрвөн жил тутамд эрх барьж байгаа, олонх болсон улс төрийн нам өөртөө тааруулж Сонгуулийн хууль, сонгуулийн механизмаа өөрчилдөг байдал эцэс болох давуу талтай. Хэдийгээр Монголын улс төрийн түүхээс харахад эрх барьж байгаа улс төрийн нам өөртөө ашигтайгаар Сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн ч энэ хуулиар явсан сонгууль бүхэндээ ялагддаг, амжилт гаргадаггүй.
-Одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн төсөлтэй уялдуулна гэсэн үг үү?
-Тийм. Тухайлбал, мажератороор сонгуулиа явуулна гээд хуульдаа тусгатал Үндсэн хуулиндаа пропорционал юм уу холимгоор явуулна гээд заачихвал дэмий ажил болно.
-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажил, үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ?
-Хаврын чуулган эхэлсний дараа Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Энэ бол өнгөрсөн оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сард гаргасан дүгнэлт юм. Үүнд Засгийн газрын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 44 орчим хувьтай байна гэсэн байна лээ. Энэ дүгнэлтийг шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш сарын дараа гаргасан.
Тэгэхээр хийсэн ажлуудын ихэнх нь өмнөх Засгийн газрын хийсэн ажилд өгсөн үнэлэлт гэж үзэж байна. Би өмнө нь хэлж байсан. Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхийн тулд хагас жилээс илүү хугацаагаар хийсэн ажлыг нь харах ёстой. 1-5 сарын дотор хийсэн ажлыг дүгнэх боломжгүй. Шинэ Засгийн газар байгуулагдаад хагас жилийн хугацаа өнгөрлөө. Тиймээс одоо л үйл ажиллагааг нь бодитоор харах боломж бүрдэж байна.
-Та Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь нөгөө талаар санаатайгаар дайрч байгаа мэт харагдаж байна л даа. Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаа өгсөн гэдэг утгаар ч юм уу?
-Надад Засгийн газар руу айхтар хүчтэй дайрсан тохиолдол байхгүй. Гэхдээ Засгийн газрын зарим салбарын сайдын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Жишээ нь, 2019 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл, төсвийн төсөөллийг батлах, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамрах хүрээг нэмэгдүүлэх хэлэлцүүлгийн үеэр миний баримталсан байр суурь зарчмын байр суурь байсан.
Ялангуяа, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэлэлцэхэд би нэлээд хатуу байр суурь баримталсан. Учир нь энэ бидний 2016 оны сонгуульд оролцохдоо баримталсан байр суурь, амласан амлалт юм. Тухайн үед бид олон удаагийн судалгаагаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг айл өрх бүрт, хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох нь зөв гэдэг байр суурь дээр зогсож байв. Би намын Ерөнхий нарийн бичгийн дарга, С.Бямбацогт намын бүлгийн дарга байсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засагтай холбоотой ажлын хэсгийн даргаар тухайн үед Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан юм.
Бид ярилцаад сонгуульд ялалт байгуулах нэг зүйл нь хүүхдийн мөнгөний асуудал, үнэхээр амьдрал нь хэцүү байгаа айл өрхүүдэд дэм болж байгаа тэтгэмж гэдэгт санал нэгдсэн. Тийм болохоор өнгөрсөн оны долдугаар сарын 4-нд Засгийн газраас хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох улс төрийн шийдвэрийг гаргахад нөлөөлсөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан хүний нэг нь би. Үүнийхээ төлөө манай Засгийн газар хариуцлага хүлээж огцорсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэгдүгээрт нь, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 хувьд олгох шийдвэр гаргаж, Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэсэн байдаг.
Гэхдээ үүнтэй ижил нөхцөл үүсчихээд буюу төсвийн тодотгол хийхгүй байгаа зүйл энэ Засгийн газарт байгаа. 4-5 үндэслэлээр Төсвийн тухай хууль зөрчсөн байна гэдэг зүйл яригдаж байна. Гэхдээ энэ Засгийн газарт хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох боломж бий. Жишээ нь, багш, эмч нарт нэг удаагийн тэтгэмж нэрээр өнгөрсөн оны төсвийн тодотгол, энэ жилийн төсөвт нийт 108 тэрбум төгрөгийг баталсан байна. Энэ нь үр дүнгээ өгсөнгүй, эмч, багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьсаар байгаа. Тиймээс алдаатай бодлого гэж харж байна.
Үүний оронд хүүхдүүддээ өгөх нь зөв гэдэг зарчмын байр суурийг би баримталсан. Миний баримталж байгаа зарчмын байр суурийг санаатайгаар дайралт хийж байна гэж ойлгож байгаа бололтой. Ер нь ажил нь доголдож байгаа хэд хэдэн салбар, яам байгаа. Тиймээс би цаашдаа ч байр сууриа илэрхийлэх болно.
-Хүүхдийн мөнгөний тухайд танай Засгийн газрын үед бүр бууруулж, 60 хувьд олгох шийдвэр гаргаж байсан юм биш үү?
-Тэр үеийн 60 хувь, өнөөдрийн 80 хувь хоёр асар их ялгаатай. Өнөөдрийн баталсан 80 хувьд олгох шийдвэр үлдсэн 20 хувьд огт өгөхгүй гэж байгаа юм. Харин бидний хувьд эдийн засаг хүнд байгаа учир 60 хувьд олгоё, үлдсэн 40 хувийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нөхөж олгоё гэдэг тэс өөр улс төрийн шийдвэр.
Хоёрдугаарт, тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал одоогийнхоос тэнгэр газар шиг ялгаатай байв. Биднийг хүүхдийн мөнгө ярьж байсан 2016 оны ес, аравдугаар сард эдийн засгийн өсөлт хасах нэг хувьд хүрсэн. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт 5.6 хувь гэж зарлаж байна. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал, шийдвэр, үр дүнгийн хувьд ч тэнгэр газар шиг зөрүүтэй.
-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг Монголбанкнаас оруулж хэлэлцэж байна. Үүнд эрсдэлд орсон таван банкийг татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгөжүүлэх мэт ойлголт байх юм. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсын банкны системийн дархлаа харьцангуй сул байгаа. 1-2 арилжааны банкнаас бусад нь хүндхэн нөхцөл байдалтай байсаар ирсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа бид банкны бүтцийн өөрчлөлтийг хийнэ, банкны системээ эргэж харна гэдэг амлалт өгсөн юм. Өөрөөр хэлбэл, зээлийг чанартай, чанаргүй, эрсдэлтэй, эрсдэлгүйгээр нь ялгаж арга хэмжээ авна гэдэг үүрэг хүлээсэн гэсэн үг. Гэхдээ Шинэ Засгийн газар байгуулагдаж, ажилдаа ханцуй шамлан орж байсан үеийг бодвол эдийн засаг амсхийхээр болсон. Хоёрдугаарт, бид гол гэсэн томоохон өрүүдээ дарчихлаа.
Манай Засгийн газрын үед Хөгжлийн банкны 500 сая ам.долларыг төлж, “Тавантолгой”-гоос орж ирсэн мөнгөөр Чалкод төлөх 170 сая орчим ам.долларын өрийг төлсөн. Мөн Чингис бондын эхний эргэн төлөлтийг хийх яриа хэлэлцээрийг эхлүүлж, дараагийн Сангийн сайдад хүлээлгэж өгч байв. Тиймээс тэр үеийн өр, эдийн засгийн үзүүлэлтээрээ ялгаатай. Миний хувьд банкин дээр хоёр ажил хийгээсэй гэж боддог.
Нэгдүгээрт, банкны системийн дархлааг бий болгох. Өөрөөр хэлбэл, манайд банкны тухай ойлголт арай өөрөөр яваад байна уу гэж харж байгаа. Тиймээс зах зээлийнхээ зарчмаар дархлаагаа бий болгодог зарчим хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол Улс, Монголын ард иргэд хүүгийн дарамтад орсон байгаа. Хүүг бууруулах, хүүгийн эрсдэлийг бууруулах алхам хийх хэрэгтэй. Энэ асуудал дээр хэсэг гишүүнтэй хамтарч ажиллаж байна. Удахгүй мэдээлэл өгч, шаардлагатай бол хуулийн төсөл өргөн барина.
-Өмнө нь хуулийн зохицуулалтгүй байхад банкинд дутагдсан хөрөнгийг хэрхэн шийдвэрлэдэг байсан юм бол. Монголбанкны ерөнхийлөгч нь өөрөө шийдвэрлэдэг байсан гэх юм?
-Ер нь банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудал нэлээд маргаан дагуулж байсан. Ялангуяа, Хятадын Ардын банкнаас зээлсэн хоёр тэрбум ам.долларын своп хэлцэл байна. Үүнийг хэрхэн, ямар банкийг дахин хөрөнгөжүүлэхэд зориулсан, Монголбанк ямар хууль, журам, зарчим барьсан нь тодорхойгүй байдаг. Ялангуяа, өнгөрсөн 2012-2016 онд, Н.Золжаргал Ерөнхийлөгчийн үед дураараа авирласан байдал газар авсан болов уу.
Уг нь энэ асуудал дүрэм, журам, стандарт, босготой түүнд нийцэхгүй, зөрчсөн нөхцөлд авдаг арга хэмжээ хариуцлага нь тодорхой байдаг. Тэгэхээр өмнө нь замбараагүй байсан нь үнэн үү гэвэл, үнэний талтай. Үүнээс болж олон асуудал үүссэн. Гаднын орноос авсан мөнгөө арилжааны банкуудад зээлсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Монголбанк нь өөрөө мөнгө хүүлэлтийн систем рүү орсон байгаа юм. Энэ мэт эмх замбараагүй байдал байсныг цаашдаа засах шаардлагатай.
-УИХ-д арилжааны банкинд хувь эзэмшдэг гэгддэг гишүүд байгаа. Гэтэл Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхэд эдгээр гишүүн орж санал өгч байна. Мөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд өөрсдөө хуралдаанд оролцож санал өгсөн байх юм. Энд ашиг сонирхлын зөрчил үүсэх юм биш үү?
-Аливаа асуудал хуулиараа зохицуулагдана. Энэ дагуу ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд гишүүн санал өгөхгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ хуулийнхаа дагуу явах байх. Хоёрдугаарт, байнгын хороонд ашиг сонирхлын зөрчилтэй, хэн гэдэг ямар гишүүн байсныг мэдэхгүй. Ёс зүйн хувьд хуулийг хэрэгжүүлэх, биелүүлэх асуудалд УИХ-ын гишүүд өөрсдөө үлгэр дууриалал болох хэрэгтэй.
Ер нь төр, түмний төлөө зүтгэх тангараг өргөж, хариуцлага хүлээж УИХ-д орж ирсэн гишүүд өөрсдийн том эрх ашгийг хойш нь тавихаас өөр аргагүй байдалд очдог. Улс төрийн шинжлэх ухаанд ч мөн ингэж үздэг. Үнэхээр ёс суртахууныг баримтлаад, хуулийг дээдэлж, хэрэгжүүлж, хууль зөрчихгүй төр, түмний төлөө зүтгэнэ гэвэл улс төрд ор. Бизнес хийнэ, ашиг олно гэвэл бизнесээ хий.
Хэзээ ч энэ хоёрыг нийлүүлэх боломж дэлхийд байхгүй. Хамгийн сүүлийн жишээгээр Орос Улсад энэ зүйл хүчээ авсныг Путин Ерөнхийлөгч болоод зааглаж өглөө. Харин манайд энэ зааг, хязгаар нь холилдчихоод байна.
-Та сая зээлийн хүүг бууруулахад анхаарч байна гэлээ. Монголбанкнаас Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж байгаа юм байна лээ. Үүнтэй хэрхэн уялдах юм бол?
-Монголбанкны мөнгөний бодлоготой уялдана.
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ зээлийн хүүг бууруулах, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулсан байсан. Гэвч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Нэг талаасаа гишүүд зээлийн хүүг бууруулахаар хуулийн төсөл өргөн барьж байгааг энэ асуудлыг улстөржүүлж байна гэдэг шүүмжлэл байна?
-Би С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед энд байгаагүй. Байнгын хорооны хуралдаанаар яг ямар асуудал болсон, яагаад төсөл нь дэмжигдээгүйг сайн мэдэхгүй байна. Зарчмын хувьд зээлийн хүүг бууруулах ёстой гэдгийг би үргэлж хэлдэг. Үүний төлөө УИХ, Засгийн газар, Монголбанк тодорхой алхам хийх хэрэгтэй.
-Та “Засаг чандмань майнз” компанитай концессын гэрээ байгуулах тендерт нөлөөлсөн гэх асуудлаар шалгуулах хүсэлтээ өгсөн гэж байсан. Энэ асуудлыг шалгаж дууссан уу. Яаж шийдэгдсэн бэ?
-Би концесстой холбоотой асуудлаар шалгуулахаар Ерөнхий сайд, цагдаа, тагнуулын байгууллагад хүсэлт гаргасан. Үүнийг шалгаад яаж шийдсэнийг шалгасан байгууллагууд мэдэж байгаа байх. Энэ хууль бус зүйл байгаагүй. Монгол Улсаас нэг ч төгрөг аваагүй, хохирол учруулаагүй төдийгүй бүр ашигтай ажил байсан.
Уурхай, үйлдвэр ашиглалтад орсон бол жилд 50 орчим тэрбум төгрөгийн татвар төлөхөөр эдийн засгийн ашигтай байсныг Мөнхбат гэдэг хүнтэй холбож улстөржүүлсэн. Сүүлд Ерөнхий сайдаас асуухад ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна лээ гэдгийг хэлсэн. Нарийн зүйлийг Ерөнхий сайдаас асуух нь нээлттэй болов уу.