Д.Сумъяабазар: Тавантолгойн ордыг хөдөлгөх саналууд ирсэн
2018.06.21

Д.Сумъяабазар: Тавантолгойн ордыг хөдөлгөх саналууд ирсэн

Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн орд газрыг эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.

Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах төслийг хэзээ өргөн барих вэ?

-Засгийн газрын хуралдаанаар Таван­толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ-д яаралтай дэгээр өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа. Тавантолгойн бүлэг ордыг эргэлтэд оруулснаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө, цаашлаад үүнийг дагаж дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх давуу талтай. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм.  Тавдугаар сарын 28-нд УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн зургадугаар сарын 14-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төслийг танилцуулан дэмжлэг ав­сан. Тиймээс Засгийн газ­рын хуралдаанаар яа­рал­тай дэгээр хэлэлцэн шийд­­вэр­лүүлэхээр боллоо.

Засгийн газраас Тавантолгой төслийг яг ямар хувилбараар хөдөлгөх шийдвэр гарсан бэ?

-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд тодорхой заасан. Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Эрдэнэс Тавантолгой компани 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын 50 хувь. Үүний 10 хувь нь аж ахуйн нэгж, 20 хувь нь иргэд дээр, 20 хувийг нь дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэж тусгасан. Тиймээс үүнийг үндэслэн дээрх хувилбараар явуулахаар боллоо. Дэлхий нийтэд нүүрсний бизнесийг дэмжих хандлага багасч байна. Нүүрсний бизнесийг дэлхийн томоохон банкууд санхүүжүүлэхгүй байх тогтоол шийдвэрүүд гарсан. Ер нь Таван­толгойн нүүрсийг их хэмжээгээр экспортод гаргахын тулд  дэд бүтцийг яаралтай шийдэх, төмөр зам, авто зам, усан хангамжийн асуудлыг яаралтай шийдэх ажлуудыг тогтоолд оруулж байгаа. Зам тээвэр, Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Сангийн яам, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойн мэргэжилтнүүдээс бүрдсэн 40-өөд хүн хамтарч  төслийг боловсруулсан. Үүнд усан хангамж, уурхайн нөөцийн шинэчилсэн төсөл, уурхайн ТЭЗҮ-ийг шинэчлэх, баяжуулах үйлдвэрийн төслийг давхар бэлдэж байгаа.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Таван­толгой-Зүүнбаян чиглэ­лийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо.   Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байна. Ингэснээр Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болно. Мөн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвараа нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэх боломж бүрдэнэ.  Тавантолгойн Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой Зүүнбаянгийн авто зам, Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын ТЭЗҮ-ийг тус тусад нь боловсруулж байна. Эрчим хүчний хэрэглээний эх үүсвэр дээр Тавантолгойн бүлэг орд дээр суурилан 450 мегабитын хүчин чадалтай цахилгаан станцын төслийг боловсруулж байна.

Төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хаврын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдлээ?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил их хүлээлттэй байсан. Үе үеийн Засгийн газар хөдөлгөх гэж хичээж ирсэн. Гэтэл улс төрийн шалтгаанаар дэмжээгүй, ажил хэрэг болж чадаагүй. Дотоодын ойлголцолгүй байдлаас болж Тавантолгой компани өрөнд орж, хүнд нөхцөлд ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар Тавантолгой компани өрөө дарж, тодорхой хэмжээнд ашигтай ажиллаж байна. Бид 10 жилийн гацааг 180 хоногт бэлдээд олон улсын хөрөнгийн зах зээл рүү гаргах ажлаа эхлүүлнэ.

ҮАБЗ болон улс төрийн хүрээнд нэгдсэн ойлголцолд хүрсэн гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно.  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Тавантолгой ордыг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах нь зүйтэй гэдгийг дэмжиж, нэгдмэл байр суурьтай  байгаа.   Ерөнхийлөгч Тавантолгой төслийг эргэлтэд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах, засаглалыг сайжруулах, төрд итгэх итгэл алдарсан ийм үед төрийн шийдвэр гарсан бол хэрэгжиж, эргээд ард түмнийхээ амьдралд хэрэгтэй, ажлын байр нэмэгдүүлэхэд оновчтой зөв шийдэлд хүрдэг гэдгийг харуулахыг зорьж байна.

ҮАБЗ дэмжсэн гэхээр БНХАУ-ын талтай нүүрс тээвэрлэлтийн асуудлаар ойлголцсон гэсэн үг үү?

-Тавантолгой бү­лэг ордын нүүрс Гашуун­сухайтын боомтоор гарч байгаа. Нүүрсний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр Баяннуур аймагтай гэрээ байгуулж, нэвтрэх шугамыг зур­гаан шугамаар нээхээр ярилцаж байна. Өнөөд­рийн байдлаар уртын тээврийг нээж, хил гаалиар 1000-1600 орчим тээв­рийн хэрэгсэл нэвт­рэх боломжийг бүрдүүлж байна

Тавантолгойн бүлэг ордын үнэлгээг хэрхэн тогтоож байгаа вэ?

-2011 онд хий­сэн Үнэлгээгээр Таван­толгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллар  байсан. Нийт ордын нөөцийг 7.4 тэрбум тонны нүүрстэй.  Үүний 5.1 тонн нь коксжих, үлдсэн 2.3 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэсэн үнэлгээ гарсан. Засгийн газрын шийдвэр УИХ-аар орсны дараа хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажиллах, хөрөнгийн бирж, захуудаас санал авах, бидэнд ямар боломж олгох вэ гэх зэрэг санал яригдаж эхэлсэн. Эхний ээлжинд дэлхийн онлайнд холбогдсон Токио, Торонто, Лон­дон, Нью-Йоркийн таван хөрөнгийн биржээс урьдчилсан саналуудаа ирүүлээд байгаа. Хэрэв УИХ шийдвэрээ гаргавал дараагийн шатны банк, хөрөнгийн биржүүдтэй уулзалтуудаа хийж, богино хугацаанд яриа, хэлэлцээрээ өргөжүүлээд явна. Ер нь АНУ, БНХАУ-ын худалдааны ойлгомжгүй байдал, үүсээд байгаа нөхцөл манай нүүрсний салбарт эерэг дүр зураг авчирна гэж харж байгаа. Бидэнд боломж нээж өгч байна. Цаашид нүүрсний зах зээл хоёр жилийн хугацаанд тогтвортой байна гэж харж байгаа учраас бид энэ цонх үеийг овсгоотой ашиглах ёстой. Мөн Эрдэнэс Тавантолгойг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахад ямар үнэлгээ өгөх вэ гэдгийг харна. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн бирж дээр бидэнд ямар үнэ, боломжийг санал болгох вэ гэсэн үг юм. УИХ-аас эцсийн шийдвэр гарахаар Хөрөнгийн биржүүдтэй уулзах ажлыг яаравчилна.

Тавантолгойны ордын үнэлгээ нэмэгдэх үү?

-Долоон жилийн өмнө хийсэн үнэлгээг бид дахин хийх ёстой. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр гаргахаас өмнө засаг­лал, менежментийг сайж­руулах ёстой. Тиймээс геологи хайгуулын ажил дээр хөрөнгө босгож, нөөцөө өсгөх ёстой.

-1072 хувьцаа хэзээ эргэлтэд орох вэ?

-1072 ширхэг хувьцаа шууд эргэлтэд орно. Эхний ээлжинд бид 30 хувиа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргаад явна.

Гашуунсухайт боомт дээрх нүүрсний тээвэр­лэлтийн дараалал ямар байгаа вэ. Бууруулах та­лаар хэр­хэн ажиллаж байна?

-Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Таван­толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчилсөн. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалтыг шат шатандаа хийж байна.