Д.Сумъяабазар: Таван Толгойг эрчимжүүлэх төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх боллоо
2018.06.21

Д.Сумъяабазар: Таван Толгойг эрчимжүүлэх төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх боллоо

Таван Толгой ордыг эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барих болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.

-Таван Толгойг эрчимжүүлэх төсөлд ямар хувилбараар эргэлтэд оруулахаар тусгаж байна вэ? 
-Засгийн газраас төслийг хаврын чуулган завсарлахаас өмнө яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлээд байна. Ингэснээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх, олон ААН-ийн үйл ажиллагааг дэмжсэн томоохон үр дүнд хүрнэ. УИХ-ын 2010 оны 39, 9 дүгээр тогтоолд Тавантолгой бүлэг ордыг эргэлтэд оруулахдаа “Эрдэнэс Тавантолгой” төслийн 50 хувь, тэр дундаа 10 хувь нь ААН, 20 хувь нь иргэд, 20 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох чиглэлтэй байгаа. Цаашид Тавантолгой нүүрсний ордыг богино хугацаанд их хэмжээгээр экспортлохын тулд дэд бүтцийн асуудлуудыг тусгасан. Тухайлбал, төмөр зам, авто зам, эрчим хүч, усан хангамж, уурхайн ТЭЗҮ-г шинэчлэх, баяжуулах зэрэг ажлуудыг хийхээр төсөлд тусгасан.  Ер нь цогц байдлаар энэ төслийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж  байна.
-Сүүлийн хэдэн жил улстөржиж, гацсан энэ төслийг Хаврын чуулганы 10 хүрэхгүй хоногийн хугацаанд хэлэлцэж амжих уу?
-Тавантолгой төслийг эргэлтэд оруулах асуудлыг үе үеийн Засгийн газар зохицуулалт, хувилбарууд гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд улс төрийн шалтгаанаар төслүүд гацаж байсан. Ер нь дотоодын үл ойлголцлоос Тавантолгойн орд хүндрэлтэй байдалд орж ирсэн. Одоогийн байдлаар Эрдэнэс Тавантолгой бүх өрөө дарсан, тодорхой хугацаанд ашигтай ажиллаж байгаа. УИХ-д яаралтай хэлэлцүүлэхээр өгсөн учраас ирэх долоо хоногт хэлэлцээд явах байх.
-Тэгэхээр Таван Толгой хөдлөх нь гэж ойлгож болох уу? ҮАБЗ, олонхын бүлгээр хэлэлцээд дэмжсэн үү?
-Ер нь шууд тэгж ойлгож болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Тавантолгойн төслийг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах нь зүйтэй гэдгийг дэмжиж, нэгдмэл байр суурьтай  байгаа. Таван Толгой ордыг эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ дахь МАН-ын бүлэг, ҮАБЗ-өөр төслийг хэлэлцэн дэмжсэн.  Ерөнхийлөгч Тавантолгойн төслийг эргэлтэд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах, засаглалыг сайжруулах, төрд итгэх итгэл алдарсан ийм үед төрийн шийдвэр гарсан бол хэрэгжиж, эргээд ард түмнийхээ амьдралд хэрэгтэй, ажлын байр нэмэгдүүлэхэд оновчтой зөв шийдэлд хүрдэг гэдгийг харуулахыг хүсч байгаа.
-Таван Толгой ордын нийт үнэлгээ хэр байх?
-2011 онд Таван Толгойн бүлэг ордыг 5,7 тэрбум ам.доллараар үнэлж байсан. Нийт ордын нөөц 7,4 тонн.  Засгийн газрын шийдвэр УИХ-аар орсны дараа хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажиллах, хөрөнгийн бирж, захуудаас санал авах, бидэнд ямар боломж олгох вэ гэх зэрэг саналууд яригдаж эхэлсэн. Эхний ээлжинд таван хөрөнгийн биржээс урьдчилсан саналуудаа ирүүлээд байгаа.  Хэрэв УИХ-ын шийдвэр дараагийн шатны банк, хөрөнгийн биржүүдтэй уулзалтуудаа хийж, богино хугацаанд  яриа, хэлэлцээрээ өргөжүүлээд явна. Ер нь АНУ, БНХАУ-ын худалдааны ойлгомжгүй байдал, үүсээд байгаа нөхцөл манай нүүрсний салбарт эерэг дүр зураг авчирна гэж харж байгаа.  Бидэнд боломж нээж өгч байна.  Цаашид нүүрсний зах зээл хоёр жилийн хугацаанд тогтвортой байна  гэж харж байгаа учир бид энэ цонх үеийг овсгоотой ашиглах ёстой.
-Долоон жилийн өмнө хийж байсан энэ үнэлгээ нэмэгдэх үү?
-Үнэлгээг бид дахин хийх ёстой.  "Эрдэнэс Таван Толгой" компанийн тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр гаргахаас өмнө засаглал, менежментийг сайжруулах ёстой.  Ордын үнэлгээг дахин шинэчилж, 7,4 тэрбум тоннын нөөц цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр бид геологи хайгуулын ажил дээр хөрөнгө босгож, нөөцөө өсгөх ёстой. Эдгээр нь "Эрдэнэс Тавантолгой" ордын үнэлгээ нэмэгдүүлэх гол хүчин зүйл, олон улсын судлаач, шинжээчдийн зүгээс ч үнэлгээ  өснө гэж  хэлж байна.  Бид өөрсдөө дотоод ажлаа маш сайн зохион байгуулах шаардлагатай байгаа.  Нийт ажлын 90 хувь нь биднээс шалтгаална.
-Үүнтэй зэрэгцээд 1072 хувьцааг эргэлтэд орох уу?
-1072 ширхэг хувьцаа шууд эргэлтэд ороод явна. Эхний ээлжинд бид 30 хувиа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргаад явна.
-Ордыг эргэлтэд оруулахад тээвэрлэлтийн гарц, чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ талаар ямар арга хэмжээ төлөвлөж байгаа вэ?
-Таван Толгой бүлэг ордын нүүрс Гашуунсухайтын боомтоор гарч буй нүүрсний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай гэрээ байгуулж, нэвтрэх шугамыг 6 шугамаар нээхээр ярилцаж байгаа. Өнөөдрийн байдлаар уртын тээврийг нээж, хил гаалийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр 1000-1600 орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдээд байна.
 Н.Гантуяа