УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Үндэсний үйлдвэрлэгчид, ЖДҮ эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдэнэ
2018.06.22

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Үндэсний үйлдвэрлэгчид, ЖДҮ эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдэнэ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарсаар байгаа төдийгүй хууль шүүхийн байгууллагад хандсаар байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь дараах гажуудлыг бий болгож байна гэж үзэн өөрчлөхөөр хуулийн төслийг боловсрууллаа.

- Хуулийн буруу зохицуулалтын улмаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах явдал байсаар байна. Тухайлбал: хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.2-д “Тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, гэж заасантай холбоотой ендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байна. Иймд чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгож холбогдох өөрчлөлтүүдтийг хийлээ.

- Тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хардлагыг нийгэмд төрүүлсээр ирлээ. Үүнийг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх эрх зүйн орчинг бий болгохоор тусгалаа.

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан. Тухайлбал Монгол Улсын Хөгжлийн банк нь 2016 онд 355 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тендерийн сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд бус өөрсдийн шалгуураар явуулж байгаа нь авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсэх, иргэн, хуулийн этгээд тэгш эрхтэйгээр, хүртээмжтэй өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байна. Иймд дээрх заалтыг хүчингүй болгохоор тусгалаа.

- Тендерт оролцож буй аж ахуйн нэгжүүд тендерт ялахын тулд хамгийн бага үнийн санал гаргаж тендерийн ялагч болсны дараа зах зээлийн нөхцөл байдал, төгрөгийн ханш уналт гэх мэт олон зүйлийн шалтаг тоочин тендерийн үнийг хэд дахин нэмэгдүүлдэг зүй бус явдал газар авсаар байна. 

- Дотоодын үйлдвэрлэл ялангуяа жижиг, дунд үйлдвэр, хоршоо эрхлэгчдийг дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль тогтоомжийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, тэдэнд давуу эрх олгох зохицуулалт тодорхой үүргийг гүйцэтгэж байгаа хэдий ч Монгол улсын гарал үүсэлтэй бараа , бүтээгдэхүүн нийлүүлэх болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн их ашигласан тендер ирүүлсэн этгээдийн тендерийн үнийг бууруулж тооцох хувь хэмжээг нэмэгдүүлж дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих нь зүйтэй байна.

Иймд дээрх нөхцлүүдийг шийдвэрлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд шинээр зохицуулалт бий болгох буюу нэмэх, шаардлагатай гэж үзсэн зүйл, заалт, хэсгийг өөрчлөх, зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгалаа.