2010.10.11

Ч.Улаан: Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ад үзэх асуудал байж болохгүй

-Удахгүй танай намын 26-р их хурал болох гэж байна. Энэ үед намын шинэчлэлийн асуудал яригдаж араасаа нэлээд шүүмжлэл, маргааныг дагуулаад байна л даа?-Шинэчлэлийн талаар нам даяараа хэлэлцэж байна. Харин Их хурлаар энэ асуудлуудыг эцэслэн шийднэ. Олонхиороо ярилцаж байж эцсийн шийдвэрт хүрнэ шүү дээ. Мэдээж шинэчлэлийн тухай ярихад олон талаас нь дүгнэж, нухацтай хандах зүйл их бий. Гишүүн бүр өөрийн гэсэн байр суурь, бодолтой яваа. Тиймээс санал бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. Ингэснийх нь төлөө тэднийг буруутгах нь учир дутагдалтай. Намын шинэчлэлийн асуудал ол-ныг хамарч, анхаарал татаж байгаа нь зүйтэй гэж үзэж байна.

-Намын нэрийг өөрчилж, үзэл баримтлалаа шинэчлэхийг та дэмжиж байгаа юу?

-Байж болох асуудал. Гол нь цагаа зөв олох ёстой. Нам өнөөгийн явуулж байгаа үйл ажиллагаа, шийдэж буй асуудалтайгаа нягт уялдуулан орон зайгаа бүрэн дүүрэн эзэлж авахын тулд үзэл баримтлалдаа бүтээлчээр хандах нь зүйтэй. Харин зарим хүмүүс үзэл баримтлалаа тодотгоно гэдгийг өөрчилнө гэдэг агуулгаар нь ойлгоод байх шиг байна.

-Барууны үзэл баримтлалтай нам болох гээд байгаа юм биш үү?

-Хүмүүс нэг үгнээс болоод янз бүрийн ойлголт төрүүлж байгаа байх. Түүнээс биш манай нам зүүн төвийн нам хэвээрээ байна шүү дээ. МАХН үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх арга механизмаа тодорхой болгож, үзэл баримтлалаа тодотгон, баяжуулж байна гэж би ойлгож байгаа. МАН бол манай намын анхны уугуул нэр. 1990 онд манай нам МАХН /МАН/ гэж бүртгүүлсэн байдаг юм. Аль алиныг нь өнөөг хүртэл хамт аваад ирлээ шүү дээ. Одоо МАН /МАХН/ гэдэг нэрээр явбал болохгүй зүйлгүй. Өнөөгийн нөхцөл байдлаа харгалзан ингэж еерчлөх шаардлагатай байж болох юм. Гэхдээ энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг нь сонсох л ёстой.

-Тэгвэл намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх цаг нь одоо мөн үү?

-Намын нэрийг өөрчлөх, үзэл баримтлалаа тодотгох талаар Их хурлаар ярих нь зүйтэй. Чухам ямар шийдвэр гаргахаа сайтар хэлэлцэж байж шийдэх учиртай л даа.

-"Хэрэв намын нэр өөрчлөөд 2012 оны сонгуульд ялагдчихвал хариуцлагыг нь би хүлээнэ" гэж У.Хүрэлсүх дарга хэлсэн. Энэ нь ч нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа л даа?

-Би юу хэлэх вэ дээ. Ажил хариуцсан хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн л байна.
-Гэхдээ намын даргын өмнөөс ингэж ярих нь хэр зөв юм бэ?
-Ямар ч асуудалд шүүмжлэл байж болно шүү дээ. Хүн бүрийн үзэл бодол өөр.

-Намын анхан шатны байгууллага болох үүрүүдийн хурал болсон байх аа. Та үүрүүдийн хуралд оролцсон уу?

-Миний оролцсон зарим хурал дээр гишүүд шинэчлэлийн асуудлаар янз бүрийн байр суурь илэрхийлж байна лээ. Энэ бол байх ёстой зүйл. Үүнийг нэгтгээд Их хурлаар хэлэлцэнэ шүү дээ. Олонхи нь ямар байр суурьтай байна манай нам тэр талд шийвэрээ гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Үгүй бол сонин юм болно биз дээ. Олонхийн эсрэг шийдвэр гарна гэж байхгүй.

-Үүрүүдийн хурлаас өмнө "МАХН-ын шинэчлэл, ухрах уу, урагшлах уу" гэсэн уулзалт, хэлэлцүүлэг болсон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зохион байгуулсан гэж байгаа. Уг нь намынхаа удирдах албан тушаалтнууд, УИХ-д сонгогдсон гишүүдэд уулзалтын урилга өгсөн юм билээ. Танд урилга ирсэн биз дээ?

-Би гадаадад явж байгаад саяхан ирлээ. Тийм уулзалт болсныг мэдээгүй. оролцоогүй. Хэрэв намайг энд байхад тэр уулзалтын урилга ирсэн бол оролцоно.

-Энэ уулзалтын үеэр жирийн гишүүд намын удирдлагуудаа, шинэчлэл гэж яриад байгаа зүйлийг нь хүчтэй шүүмжлээд авсан л даа. Үнэхээр намын шинэчлэлийн асуудлыг нийтээрээ хэлэлцье гэвэл уг нь энэ уулзалтад аль аль талаасаа оролцоод ярьсан бол зүгээр байсан юм уу гэж харагдсан. Гэтэл Ц.Шинэбаяр гишүүн л тэнд очсон байсан. Бусад нь тоогоогүй юм уу даа?

-Аливаа арга хэмжээнд гишүүн бүр өөрсдийн итгэл үнэмшлээрээ оролцдог шүү дээ. Тэгэхээр ил харагдаж байгаа хэлбэр, тооны чанараар асуудлыг дүгнэж болохгүй л дээ.

-Ер нь гайгүй албан тушаалтай яваа танай намынхан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас дөлөөд, зугтаад байгаа юм биш үү?

-Үүнийг би үнэлж, дүгнэж чадахгүй. Ер нь одоогийн төр засаг, нам, улс төрийн ажил хийж байгаа хүмүүсээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтарч ажиллаагүй хүн байхгүй. Тэгэхээр тэр хүнээс дөлж, цэрвэх, айж жийрхэж, түүнийг Ад үзэх, бүүр хөөж туух асуудалд байж болохгүй. Хэн хэн нь улс орныхоо сайн сайхны төлөө намынхаа үйл хэргийг сайжруулхаар хамтдаа зүтгэсэн. Аль алиных нь итгэлүнэмшил одоо ч өөрчлөгдөөгүй т болов уу гэж бодож байна. Намын  гишүүн намынхаа үйл хэрэг, хувь  заяаны төлөө санаа бодлоо хэлж,  хэзээд ч байр сууриа илэрхийлэх үүрэгтэй. Энэ талаасаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зөв шүү дээ. Манай нам ухрах уу, урагшлах уу гэдгээ шийдэх ёстой. Урагшилна гээд ухраад байвал яах юм. Тийм учраас урагшлах арга замаа олох, цаг хугацаа хожихын тулд, ингэж хэлэлцэх нь зөв. Тийм учраас хэрэв би энд байсан бол тэр хуралд оролцох байсан.

-Ерөнхийлөгч асан Н.Энх-баярыг МАХН ад үзээд эхэлчихсэн юм биш үү. У.Хүрэлсүх даргын ярьж байгаагаар бол тэгж санагдахаар байгаа?

-Намын ерөнхий нарийн бич-гийн даргыг би үнэлж, дүгнэх гээд байх нь хаашаа юм. Хүн бүр өөрөө өөрийнхөөрөө дүгнэнэ биз. Ер нь нэг зорилгын төлөө явж байгаа хүмүүс хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж сурах хэрэггэй. Монголчууд хэзээнээсээ эртний сайхан уламжлалтай, ах захтай улс шүү дээ. Ахмад үеийнхнийхээ үгийг сонсдог, ахмад үеийнхэн нь сайн сайхны телөө зөвлөдөг, сургадаг. Европынхонтой адил хүүхэд нь есөөд гарахаараа биеэ даагаад явчихдаг. Тэгээд жилдээ ганц уулздаг хүмүүжил байх биш. Хамтаараа байдаг, бөөнөөреө зөвлөдөг ахуйн ардчилал сайтай ард түмэн шүү дээ бид. Энэ талаасаа асуудалд ханддаг байгаасай. Яахав хүмүүсийн байр суурь хэлсэн ярьснаараа илэрхийлэгдэж байгаа байх. Гэхдээ бие биеэ ад үзэн хажиглаж, төр засгийн ажлыг өмчилж хэрэггүй юм аа. Энэ бол Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. Бүгдээрээ Монгол Улсаа хөгжүүлье, ард түмнээ сайхан амьдруулъя гэж оюун ухаанаа уралдуулан зүтгэж байна гэж боддог юм. Өөр бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд хамтарч ажиллах хэрэгтэй. Монголчууд хамтарч нэгдсэн үедээ хүчтэй, хагарч бутарсан, биенээ ад үзсэн, хоорондоо тэрсэлдсэн үедээ хүчгүй болдог. "Эвлэлдэж нэгдсэн үедээ Чингэсийн их Монгол Эвдэрч хагарсан үедээ Чин Улсын босгоны боол болдог" гэж Т.Галсан гуайн хэлсэн сайхан үг бий шүү дээ. Үүнийг санаж амьдрах ёстой боловуу

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярнамын нэр, үзэл баримтлалын талаар өөрийн байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан. Түүний  мэдэгдэл ямар санагдсаы бэ?

-Намын шинэчлэлийн асуудлаар өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн байна даа гэж бодсон. Бодохоор зүйлүүд ч хэлсэн байна лээ. Намын дарга байсан хүний хувьд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй шүү дээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.