Г.Баярсайхан: Ардчилсан нам нэрнээсээ бусад зүйл дээр эрс шинэчлэл хийх хэрэгтэй
2010.10.11

Г.Баярсайхан: Ардчилсан нам нэрнээсээ бусад зүйл дээр эрс шинэчлэл хийх хэрэгтэй

АН-ын дотоод асуудал болон улс орны өмнө тулгамдаад байгааа суудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Танай намын дотоод асуудлаар яриагаа эхлэе. Фракц хоорондын зөрчилдөөн намын дотоод хямралд нөлөөлж байх шиг. Тухайлбал "Алтан гадас" фракц өнөөдөр яасан олон дайсантай болчихов. Зөвхөн хамтарсан Засгийн газарт орсноос үүдэн ийм зөрчил үүссэн гэж ойлгож болох уу?

- АХХ-ны хэдэн нөхөд албан тушаалын төлөө яваад байна гэх хардлага их байна. Ийм юм байхгүй. Бидний хэдэн нөхөд Монгол Улсаа л хөгжүүлье гэснээс биш өөр санаа агуулаагүй. Ажил хийж байгаа хүмүүст алдах, онох юм алийг тэр гэх вэ. Бид төр засгийн алдааг нь л шүүмжилж байгаа. Хүн хэлэхээс нааш... гэдэг биз дээ. Түүнийг л АН дотроо хагаралдаад байна гэж байгаа байх. АХХ-ны хувьд гэвэл зүгээр л нэг ТББ шүү дээ. Хамтарсан Засгийн газрын хувьд ажлын голыг нь АН хийж байгаа. Тухайлбал ерөөсөө Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн бөгөөд хэтийн . гол араг яс нь төмөр зам байх болно. Үүнийг манай намын сайд Х.Баттулга батлууллаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ажил хийхийг нь бид хийж, аахилахыг нь бусад улсууд хийгээд байна гэж л хэлэх гэсэн юм.

-Хөнжилдөө оруулсан МАХН-ыг буруушаахаас илүү АН-ыг буруутгах гишүүд олон байх шиг?

-Засагт нэгэнт хамтраад орсон цаашид ч хийх ажил их байгаа нь мэдээж. Хамтарсан Засгийн газарт энэ эрх байна. Ер нь нэг зүйл ажиглагдаад байна. Хамтарсан Засгийн газарт орсон манай намын сайдууд шаргуу ажиллах ёстой юм. Ингэж ажиллахгүй байгаад нь бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Жишээ нь Сангийн сайд хүүхдийн мөнгийг олгуулах тал дээр шаргуу ажиллах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Ойн сав, усны сав газар ашигт малтмал олборлохыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр шаардлага тавьмаар байгаа юм. Тэгэхээр МАХН-ыг буруутгахаасаа өмнө өөрсдөөсөө буруугаа эрэх хэрэгтэй байх. Ганцхан жишээ дурдахад хамтарсан Засагт орсноор 7 сарын 1-ний үймээний гол буруутанг олох асуудал замхарсан. Таван хүний амиар "таван сайдын суудал солилоо" гэсэн шүүмжлэл гарч байсан. Би үүнийг үнэний ортой гэж боддог. Бас нэг зүйл. Хамтарсан Засгийн газартай авлигын тухай яриад ч хэрэггүй.

-Хамтарч байж Оюутолгойн гэрээг баталлаа. Таван толгойн гэрээ шуударч байна гэсэн хариуг өгдөг?

-Юм хийгээгүй биш хийсэн. Гэхдээ засаг хамтарснаар хяналт байхгүй болсон. Үүнийг би байнга хэлдэг. Ерөөсөө энэ парламентад зөв, бурууг нь хэлдэг хүнгүй болчихсон. За тэр Оюутолгой, Тавантолгойн хувьд энэ засгийн газрын үед л ээлж нь гаарснаас биш хамтарснаараа үүнийг хийчихэж байгаа хэрэг биш л дээ. Бид хийсэн гэж ярих юм бол бусад засгийн газрын үед юу ч хийгээгүй болж таарч байна уу. Тэд ч гэсэн цаг тухай үедээ хийх ёстой ажлаа хийж л байсан. Бүгд л төрийн төлөө явж байсан шүү дээ. Хийсэн, хийгээгүй гэж ярих юм бол бодит хөрсөн дээр хуулийн хэрэгжилт хэрхэн бууж байна вэ гэдгээр л дүгнэх ёстой юм.

-Тэгвэл хамтарсан Засгийн газрын өнөөгийн ажил байдлыг юу гэж дүгнэх вэ. Аль салбар нь ямар ажил дээр доголдоод байна?

-Тоочвол олон юм байгаа. Гэхдээ гол гэсэн хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээр тавлигын асуудал байна. Энэ засгийн үед өмнөхөөсөө ухраад дэмхийд 120-д бичигдэх болсон. Жижиг жараахайнуудтай биш том тулнуудтайгаа тулах цаг нь болсон. Ингэхгуйгээр асуудлыг нэг тийш нь шийдэж чадахгүй бахь байдгаараа л байна. Хоёрдугаарт: байгаль орчны тухай түрүүний миний дурдсан хуулиуд хэрэгжихгүй байна. Яагаад хэрэгжихгүй байна гэхээр уул уурхайн том лобби төрд нөлөөлөөд байна. Энэ нь нөгөө л авлигачидтайгаа төр засаг нь нэг хөнжилд орчихсон байгаагийн илрэл. Бизнесийг дэмжих нь төрийн үүрэг. Гэхдээ тер засаг шийдвэр гаргахдаа бизнесийнхнийхээ хараанд бүү ороочээ л гэж хэлмээр байна.

-Ингэж хэл ам таталж, амны бай болж байхаар АН хамтарсан Засгийн газраас гарчихаж болдоггүй юм уу?

-Хүний суганд хавчуулагдаж явах хэцүү. Манай АН-ын цагаан морь салхи зүсээд давхиж байхдаа хүчтэй. Гэтэл өнөөдөр хөл нь чөдөртэй байна.

-АХХ ухуулга сурталчилгаа хийгээд эхэллээ. Энэ нь намын хуваагдлыг харуулаад байгаа юм биш уу?

-АН өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд нэг бүхэл цул байж, засгаа дангаар бүрдүүлэх ёстой. Ингэхийн тулд гишүүдийн ашиг сонирхол нэг байх ёстой. Бид хамтарсан Засгийн газарт орсноор бидний тавьсан зорилго, амласан амлалт бүдгэрэхэд хүрээд байна. Үүнд л бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнийг л хөндлөнгийн нөхөдүүд дүгнэж байгаа байх.

-МАХН, АН хоёулаа шинэчлэл ярьж байна. Жинхэнэ утгаараа шинэчлэгдэж байгаа нь аль нь бол?

-МАХН ядаж ярьж чадаад байна. Нидэр дээрээ яаж шинэчлэгдэж байгаа юм мэдэхгүй. Нэрээ сольчихоод шинэчлэгдлээ гэвэл тэр шинэчлэл биш. МАХН-ын шинэчлэл монголын улс төрд шинэ салхи оруулах ёстой. Тэгэхээр шинэчлэлээ бүрэн төгс хийгээсэй л гэж бодож байна. 70 жилийн өмнө хийсэн их хэлмэгдүүлэлтээ 7 сарын 1-нд давтсан. Үүнийг өнгөрсөн хугацаанд МАХН шинэчлэгдээгүй байна гэж би харж байгаа. Харин их хэлмэгдүүлэлт хийснийхээ төлөө, 7 сарын 1-ний төлөө ард түмнээсээ уучлал гуйвал түүнийг шинэчлэл явагдаж байгаа юм байна гэж хэлж болно. Ер нь зүгээр үндэсний хэмжээний том намын хувьд шинэчлэгдэж чадвал монголын улс төрд их том шинэчлэлийг авчрах ёстой юм. Манай АН-ын тухайд бол нэрнээсээ бусад зүйл дээр эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна.

-Монголд жинхэнэ утгаар нь ардчиллыг хөгжүүлэхэд юу саад болоод байна вэ?

-Миний бодлоор шүүх засаглалын шинэтгэлийг яаралтай хийх хэрэгтэй, Ингэхгүй бол нөгөө авлига, хээл хахуул байсаар л байна. Авлигатай тууштай тэмцэхгүйгээр Монгол орон хөгжихгүй.-Айсуй сонгуулийн талаар та ямар бодолтой байна. Ямар нэгэн юм хийхгүй бол нөгөө л хэрүүл уруул дахих байх даа?-Сонгуулийн тогтолцооны тал дээр хувь хүнийхээ хувьд пропорционалыг нь дэмжиж байгаа. Өнөөдрийн тогтолцоо бол хувь хүн дээр улс төр хийгээд байгаа юм. Жалга довны үзэл ноёрхсон сонгууль гэж байж болохгүй. Тэгэхээр том бодлогоор намыг дэмжсэн сонгууль л явуулах хэрэгтэй. Жижиг юм гэдэг бол жижиг л байдаг шүү дээ.

-АН өнөөдрийн ийм байдлаар ирэх сонгуульд оролцвол гуравдагч хүчинд ашигтай байдлыг авчрах юм биш биз.

-Тэр мэдээж. Гэхдээ 2012 оны сонгуульд бид ялах ёстой. Ингэхийн тулд хийх ажил их байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.