С.Эрдэнэ: МАХН-д дөрлүүлэх гэж зүтгэх юмуу. Э.Бат-Үүл эндүүрч байна
2010.09.10

С.Эрдэнэ: МАХН-д дөрлүүлэх гэж зүтгэх юмуу. Э.Бат-Үүл эндүүрч байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан хүчний холбоо Ардчилсан намын даргыг өөрчлөхөөр зүтгээд байгаа тухай ярих боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан хүчний холбоо аль нэг намын асуудлыг шийдэх гэж гарч ирээгүй шүү дээ. Монгол Улсаа, нийгмээ шинэчилж өөрчлөхөөр зорьж байгаа.

-Гэхдээ тэгж харагдахгүй байгаа юм биш үү. АН доторх нэг фракц мэтээр ойлгогдож байгаа бололтой?

-Бид бүгдийг ярьж байгаа.Төмөр замын бодлогын талаар гуравдугаар сарын 10-нд анх гаргаж тавьсан. Үүнийг Засгийн газар шүүрч аваад төрийн бодлого болгочихсон байгаа биз дээ. Аж үйлдвэрийн парк барих тухай мөн л манай холбоо анх-дугаар хурлаараа ярьсан. Одоо төрийн бодлого шийдвэрт уг асуудал тусгалаа олчихож. Уул уурхай, ашигт малтмалыг хуваарилж, ард түмэнд ахиу хэсгийг нь түгээе, үндэсний компаниудад. илүү боломж олгоё гэдгийг хэлж ярьж, ажил хэрэг болгож байна.Ардчилсан хүчний холбоо гурван бүсийн чуулганаа хийчихлээ. Дараагийн ээлжинд хоёр ч бүсийн чуулган хийх бэлтгэлдээ орчихоод явж байна. Үнэн хэрэгтээ манай холбооны бүсийн чуулганаар аль нэг намын тухай огт яриагүй. Нийгмийн шинэчлэлийг яаж хийх тухай хэлэлцсэн. Нийгмийн амьдралд иргэдийн оролцоо ямар түвшинд байх вэ, тэд клубийн зарчмаар улс төр, эдийн засгийн амьдралд яаж оролцож болох арга замыг эрж хайсан. Түүнээс биш тэнд Н.Алтанхуягийг өөрчлөх, Ардчилсан намыг бутаргах тухай яриагүй. Ийм байтал яагаад Ардчилсан хүчний холбоо руу ингэж дайраад, эл асуудалд хамааруулах гээд зүтгээд байгаа юм бэ. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу иргэн хүн бүр төрийн бус байгууллага байгуулах эрхтэй биз дээ.

-Гэхдээ Ардчилсан хүчний холбоо Ардчилсан намыг хоёр хувааж байна гэх хүмүүс байна л даа?

-Ардчилсан нам хуваагдсан гэж хэн хэлээд байгаа юм. Э.Бат-Үүл гишүүн ингэж дүгнээд байгаа хэрэг үү. Тэгвэл "Алтан гадас"-ынхан Ардчилсан намыг хуваагаагүй юм уу. Тэд ч ялгаагүй төрийн бус байгууллага биз дээ. Гэтэл Э.Бат-Үүл гишүүн яагаад Ардчилсан хүчний холбоог чичлээд байна вэ. Хэний захиалгаар ийм зүйл яриад яваа юм бэ. Үнэндээ гайхаж байна. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан. Өрөвдмөөр санагдаж байна. Ардчиллын анхдагчдын нэг, Монгол Улсын баатар хүн ийм зүйл ярих гэж дээ. Зангарагтай байх хэрэгтэй шүү дээ. Битгий хэн нэгний дохио зангаагаар болчимгүй загнаач. Нэр хүндээ бодооч.Үнэндээ Ардчилсан хүчний холбооны зүгээс намыг хувааж бутаргана, Н.Алтанхуягийг солино ч гэдэг юм уу тийм элдэв агуулгатай мэдэгдэл гаргасан уу, үгүй шүү дээ. Та нар мэдэж байгаа. Мөрөөрөө ажлаа хийгээд нийгмийн шинэчлэлийн төлөө зүтгэж байхад элдвээр өдөж чулуу шийдээд байх юм. Харамсалтай нь, бид хэн нэгний өдөж шидсэн чулуунд хариулахгүй л дээ. Эцсийн эцэст Э.Бат-Үүл гишүүний байр суурь түүний хувь хүнийх нь үзэл бодол. Түүнээс биш Ардчилсан хүчний холбоог нийгэм маш сайн хүлээж авч байгаа. Харин Э.Бат-Үүл гишүүн биднийг буруу харж байна. Манай холбооны зохион байгуулсан бүсийн уулзалтад оролцсон бол ингэж ярихгүй л байсан даа. Энэ чуулганд нийгмийг шинэчлэх хүсэл эрмэлзэлтэй залуус оролцсон. Ер нь яагаад төрийн бус байгууллага байгуулж болдоггүй юм бэ. Нийгмийн идэвхтэй амьдарч болохгүй юу. Бид нам байгуулаагүй шүү дээ. Юунд нь эмзэглээд, үхтлээ айгаад байгаа юм.

-Ардчилсан хүчний холбоонд ихэвчлэн хуучин МоАХ-ны гишүүд нэгдсэн. Ингээд хамтарсан Засгийн газарт байгаа "Алтан гадас"-ын нөхдүүдийг унагаж, оронд нь өөрсдөө очих сонирхолтой бүлэглэл болсон гэж хардаж байгаа. Ингэхгүй гэх баталгааг Э.Бат-Үүл гишүүнд та нар өгөөгүй гэсэн үү. Тиймээс 62-ын бүлгийн Ардчилсан намын нэр нүүрийг барж байсан тэр ичгүүртэй үе дахин давтагдах вий гэдэгт санаа зовоод байгаа бололтой юм билээ?

-Э.Бат-Үүл гишүүн хэнээс ийм баталгаа шаардсан юм.

-Намын бүлгийн хурал дээр та нараас асуусан юм биш үү?

-Би сонсоогүй юм байна. Намын бүлгийн хурал дээр ийм зүйл яриагүй. Засгийн газарт байгаа "Алтан гадас"-ынхныг гаргаад дараагийн ээлжинд нь Ардчилсан хүчний холбооныхон очихоор зэхэж байна гэвэл эндүүрэл. Би дахин хэлье. Хэний захиалгаар ийм зүйл яриад байгаа юм бэ. Тэр тусмаа улсын баатар, Их хурлын гишүүн хүн ингэж байгааг ойлгохгүй байна.Түүнийг уучлалт гуйгаач гэж шаардъя. Юу олж харчихаад, юу яриад байгаа юм бэ. Манай холбооны зарим гишүүн хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарч, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэсэн хувийн байр сууриа илэрхийлсэн нь бий. Энэ бол тэдний хувийн үзэл бодол болохоос биш Ардчилсан хүчний холбооных биш шүү. Хамтарсан Засгийн талаар манай холбоо албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа. Угаасаа нийт сонгогчид санал нэгтэйгээр Монголын төр хяналгүй, сөрөг хүчингүй болчихлоо. Хамтарсан гэдэг нэрээр хуйвалдах нь хэрээс хэтэрлээ. Одоо ард түмнээ бодох цаг болсныг ярьж байгаа биз дээ. Олонхи нь олонхи шиг засгаа байгуулаад, цөөнх нь цөөнх шиг сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийг олон түмэн шаардаж байгаа. Байдал ийм байхад зохиомол яриа дэгдээгээд гүтгэхийн шаардлага байна уу. Ардчилсан хүчний холбооныхонд хамтарсан засагт орж ажиллах шаардлага байхгүй. Оръё гэвэл ч тийм боломж байсан шүү дээ. Гэвч тэр тийм чухал биш. Тэртэй тэргүй олон түмэн бидэнд итгээд Ардчилсан нам олонхи болж чадвал бие даасан Засгийн газраа байгуулаад үүрэг хариуцлагаа хүлээж, эрхээ эдлээд явах болно. МАХН яагаад төрд олонхи болж чадсан хэрнээ Ардчилсан намтай зууралдаад байгаа нь харин хачирхалтай биз дээ. Энэ бол яах аргагүй МАХН-ын башир аргаас зайлахгүй. Тэд 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн хариуцлагаас зугтсандаа ингэсэн. Асуудлыг Ардчилсан нам сөхөж гаргах бий гэж айсандаа тэднийг уяад байна. Үүнийг хар-саар, мэдсээр байж бид МАХН-ынханд дөрлүүлэх гэж зүтгэх юм уу. Үгүй шүү, тийм зүйл байхгүй. Э.Бат-Үүл том эндүүрч.

Уг нь түүнийг том улстөрч хэмээн хүндэлж явлаа. Би эндүүрсэн байна. МАХН-д хариуцлага хүлээлгэх чадвартай улс төрийн хүчин бол Ардчилсан нам гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэгээд ч Ардчилсан хүчний холбоог аль нэг фракцынхан бүрдүүлсэн юм байхгүй. Нийгэмд идэвхтэй оролцох хүсэл зорилготой нам бус мянга мянган залуус энэ холбоонд нэгдсэн юм.

-Магадгүй танай холбооны ард талын захиалагч нь МАХН юм биш биз дээ. Ардчилсан намын рейтинг МАХН-аас илүү гарсан судалгаа бий учраас 2012 оны сонгуулийн өмнө тэд АН-ыг бутаргаж, хүчийг нь сулруулах арга нь энэ байж мэдэх юм?

-Аль нэг хүчин, тэр дундаа МАХН-ын захиалгаар гарч ирдэг хүмүүс биш ээ, бид. Тэнэг биш шүү дээ. Доромжиллоо гэхэд арай дэндэж байна. Манай Ардчилсан хүчний холбооны мянга мянган гишүүнийг ингэж доромжилж болохгүй. Гэсэн ч ийм бодолтой яваа бол битгий горьд гэж хэлье.Түүний яриад байгаа шиг зүйл байхгүйг албан ёсоор мэдэгдье. Улс төрд би 20 жил зүтгэхдээ хэн нэгэнд худалдагдаж үзээгүй. Өөрийнхөөрөө тэмцсээр өдийтэй золголоо. Э.Бат-Үүлийн хэмжээнд биш юм аа гэхэд намынхаа төлөө түүнээс дутахааргүй зүтгэж ирлээ. Харин Ардчилсан хүчний холбооноос айж суугаа хүмүүст хандаад нэг зүйл хэлчихье. Үнэхээр айж байгаа бол алдаагаа түргэн зас, манай холбоогоор бит-гий оролд. Ингэх тусам та нарт улам хэцүү шүү. Ардчилсан хүчний холбоо элдэв гүтгэлэг, дайралтаас болж үйл ажиллагаагаа сааруулахгүй. Үүнийг ойлгоорой.

-Ямар алдаагаа засна гэж?

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт оръё гзсэн алдаатай шийдвэрээ засах цаг болсон. Гэхдээ энэ нь Ардчилсан хүчний холбооны албан ёсны байр суурь биш шүү. Миний үзэл бодол, байр суурь.

-Таныг намынхаа эсрэг будлиан хутгаж М.Энхсайхан, Да.Ганболд нарыг унагаж байсан гэдэг шүүмжлэл байна. Гэхдээ ер нь Э.Бат-Үүл гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагад таныг тоож хэлсэн зүйлс байхгүй гэх юм. Та яагаад түүний хэлсэн үгийг хүн-дээр тусгаж аваад байгаа юм бэ?

-Э.Бат-Үүл гэдэг хүн өөрөө бүх цаг үеийн турш манлайлагч байж чадсан юм уу. Да.Ганболд даргын үед би ямар хуйвалдаан зохион байгуулаад намыг яаж хагалж бутаргасныг нотолчих л доо. МҮАН-ын дарга Да.Ганболд байхад би түүний эсрэг явж байгаагүй. М.Энхсайхан гэлүү. Тэгвэл тэр хүнтэй ойр байсныхаа төлөө С.Эрдэнэ гэдэг хүн одоо ч хараалгаж зүхүүлдэг юм. Сүүлд би АН-ынхаа төлөө зүтгэнэ гээд энд үлдсэн. Тэр хүн гараад явсан нь үнэн. Э.Бат-Үүл хүнийг улайм цайм гүтгэхээ болих хэрэгтэй. Үнэн хэрэгтээ М.Энхсайханыг намын дарга байх үед хэн түүний эсрэг элдэв гүтгэлэг явуулж, М.Энхсайханыг хэн ч биш болголоо. Э.Бат-Үүл өөрөө шүү дээ. Ардчилсан намд М.Энхсайханыг өөрөө хөтөлж оруулчихаад сүүлд нь хөөгөөд явуулах процессыг Э.Бат-Үүл зохион байгуулсан. 1996 оны сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж, Да.Ганболдын гэж хоёр хуваагаад орон нутгаар явах марафоныг санаачилсан хүн нь ч Э.Бат-Үүл. Тэр үед Ц.Элбэгдорж ялалт байгуулаад намын дарга болсон. Ардчилсан нам анх удаа төрд олонхи болж чадсан биз дээ. Магадгүй би тэр үед Ц.Элбэгдоржийн багт ажилласнаараа Да.Ганболд даргын эсрэг зүтгэсэн гэж хэлэх гээд байгаа юм уу. Тэгвэл Э.Бат-Үүл Ц.Элбэгдоржийг эсэргүүцэж байсан юм байна гэж ойлголоо. Тэр жилийн марафон Ардчилсан намд ялалт авчирч чадсан ч нөгөө талаараа намын хамт олныг хоёр хувааж маш том ангал бий болгосон юм шүү. Үүний автор нь Э.Бат-үүл өөрөө байсан. Гэтэл энэ бүхний бурууг одоо яагаад надад нялзаах гээд байгаа юм. Ингэж гутамшигтайгаар худлаа ярихаа болих хэрэгтэй. Нөгөө талаар С.Эрдэнэ гэдэг хүн Э.Бат-Үүлд тоогдох албагүй. Би 1990 оны АИХ-ын сонгуулиар Э.Бат-Үүлийн шадар туслахаар ажилласан. Тэр жилээ энэ хүн АИХ-ын депутат болсон. Чухамдаа Э.Бат-Үүл үе үед өөрийнхөө төлөө ажиллаж явсан нөхдөө жийдэг. Өдий хүртэл тэдний мөрөн дээр сууж ирсэн хувалз шүү дээ.

-Та яагаад Баянгол дүүрэг, нийслэлийн АН-ын даргын албыг давхар хашдаг юм бэ?

-Э.Бат-Үүл шиг өөртөө зориулж улс төр хийдэг ийм арга дэлхийд байхгүй. Дүүрэг, нийслэлийн намын даргыг давхар хашихыг манай намын дүрэмд хориглоогүй. Би намын дүрэм зөрчөөгүй. Ер нь Э.Бат-Үүлд найз нөхөд байна уу. Дэмжиж байгаа масс байна уу. Ингээд бодоод үз. Яахав 1990 оны ардчиллын анхдагчдын нэг гэсэн нэр хүнд нь түүнд бий. Үнэндээ Э.Бат-Үүлийг хэн бэ гэдгийг ойр дотныхон нь сайн мэднэ. Гэхдээ ингээд больё, хангалттай. Хэрэв тэр хүн түүх ярих гээд байгаа бол би ч гэсэн ярьж чадна. Э.Бат-Үүлийн далайлт, дарангуйлал дор томоотой байж чадаагүй учраас тэр надад дургүй байдаг юм. 20 жилийн турш бид биедээ дургүй явж ирлээ. Яагаад гэхээр өөрийнхөөрөө байдаг миний зан түүнд таалагддаггүй учраас тэр. Өөрт нь тал засч явдаг хүнд тэр сайн ханддаг шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.