2010.06.30

Нийслэлийн АН-аас хэвлэлийн хурал хийв

Нийслэлийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улсын Ерөнхий прокурорт хандан шаардлага хүргүүлж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийв.

Тэрбээр "Долдугаар сарын 1-ний хэргээр прокурор, шүүхийн байгууллагаас нэгэн ижил материалаар нотлох баримтгүй гэмт үйлдэлд 300-аад хүнд ял оноосон байна. Мөн Эрүү шүүлт тулгасныг Хүний эрхийн төлөөх байгууллагууд тогтоожээ. Олон улсын түгээмэл тунхаглал, хүний эрхийн бусад пактуудыг ноцтой зөрчсөн гэмт үйлдлийг нуун дарагдуулах, гэмт хэрэгтнүүдийг өмөөрч хаацайлах аргаар саармагжуулж байгаатай Нийслэлийн АН эвлэрч чадахгүй" гэв.

УИХ, Засгийн газрыг долдугаар сарын 1-ний үймээн самууны үед баривчлагдан гэмт үйлдэлд сэжиглэгдэн гэм буруутай нь мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй атлаа зургаан сараас таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн иргэдийг цагаатгаж нөхөн олговор олгох, хууль шүүхийн шийдвэргүйгээр олон хүнийг буудан амь насыг нь хөнөөсөн, иргэдийг хомроглон баривчилсан, залхаан цээрлүүлсэн гэм буруугаа хүлээж Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой үзэж байгаа ажээ. Харин Улсын Ерөнхий прокурорт "Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд, Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, цагдаагийн нэр бүхий генерал, офицеруудаас ард иргэдийн өөдөөс галт зэвсэг хэрэглэх, эрүү шүүлт явуулах тухай тушаал өгсөн эсэхийг нэн даруй шалгаж гэм буруутай этгээдийг олж тогтооно уу" тэсэн мэдэгдлийг хүргүүлж байгаа юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.