Г.Баярсайхан: Манай намд шинэчлэл ус агаар шиг хэрэгтэй байна
Ардчилсан намын лидерүүдийг эгнээндээ багтаасан “Ардчилсан хүчний холбоо” өрхөө татаж, ханаа дугуйлсан нь өнөөгийн улс төрийн цайны хачирыг нэгээр нэмж байна. Байнга л дотроо маргаан мэтгэлцээн, халуухан талцлаар дүүрэн байдаг Ардчилсан намд нэг фракц мэндэлж хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор зэхэж байна гэж тэднийг хардалтын харцаар харж байгааг буруутгах аргагүй. Үнэндээ улс эх орны эрх ашгийг урдаа барина, аль ч намын гишүүн манайд харьяалагдах эрхтэй гэж тунхаглаж гарч ирсэн “Алтан гадас”-ынхан өнөөдөр бүгд л төрийн өндөр дээд албан тушаал хашаад өнөөх эх орны сайн сайхны төлөө гэх төрийн бус бапгууллагаа татан буулгасныг Монголчууд мартаж амжаагүй байна. Эхний алхмаас нь “Алтан гадас”-ын чигээр явж буй Ардчилсан хүчний холбооны тухай тус холбоог үүсгэн байгуулалцсан Г.Баярсайхан гишүүн ярьж байна. Тэрээр ардчилсан намдаа шинэчлэл өөрчлөлт ус агаар шиг хэрэгтэйг яриад лидерүүд нь залуучууддаа зайгаа тавьж өгөхдөө дургүй байгааг ч дурдав.
-Та Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгчдийн нэг. Албан тушаал авцгаагаад тарсан “Алтан гадас”-фракц ч улс орны хөгжлийн төлөө гэж ярьдаг байсан. Танай холбоог тэдэнтэй жишиж ярьцгааж байгаа?
-Тухайн үед “Алтан гадас”-ыг байгуулж байсан нэр бүхий эрхмүүд өнөөдөр бүгдээрээ том том албан тушаалд оччихсон нь үнэн. Өнөөдөр биднийг “Алтан гадас”-тай харьцуулаад албан тушаалд очих гэж л ингэж байгаа юм гэж ярьж байна л даа. Ирээдүйд юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр нийгэм асар их хүлээлттэй, асар их хөдөлгөөнд орсон байгааг бол бүгд мэдэж байгаа. Бид нийгмийн тэр их хүлээлтийг мэдрээд л түүнийг төрийн бодлогод тусгуулах эрхэм гол зорилготой.
-”Алтан гадас”-ын эрхэм зорилго ч гэсэн тийм л байсан шүү дээ?
-Бид албан тушаалд очих уу үгүй юу гэдгийг хэлэхэд эрт. Цаг хугацаа бүхнийг харуулна. Хэрвээ бид ингэж явж байгаад бүгд албан тушаалд очиж хоёрдугаар ээлж хоолондоо ордогийн үлгэрээр явбал бидний дараагийн залуу үе эд нар албан тушаалын төлөө явж байсан юм байна гэж дүгнэнэ. Бид Ардчилсан хүчний холбоогоо албан тушаалын төлөө байгуулаагүй. Сүүлийн 20 жил Монгол улс хамаг баялагаа ухлаа. Олон зуун сая долларын алтаа гадагш нь худалдаж цөөхөн хэдэн хүн баяжлаа. Жижиг шороон ордуудаа дуусгаж бараад дэлхийд томд тооцогдох орд руугаа манай олигархууд орлоо. Тэгэхээр бид үүнд л санаа зовоод байна. Үндсэн хуульд “Газар доорх баялаг ард түмний өмч” гээд тодорхой заачихсан байгаа. Миний хүүхдүүд, үр удам ч энэ их баялагаас хүртэх ёстой гэж би хувьдаа боддог. Үүний төлөө л энэ Ардчилсан хүчний холбоог байгуулалцсан.
-Цагаан захтануудын хэрэг өршөөлд хамрагдаж байхад Монгол улсад шударга ёсны тухай яриад хэрэг байна уу?
-Бид яг өнөөдрийн энэ тогтолцоогоороо байх юм бол Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх тэр их мөнгө зүгээр л хэдэн олигархуудын кармаанд ороод л дуусчихна. Ямар ч албан тушаалтан байсан хариуцлагатай л байх ёстой. Нөгөө талаас хариуцлага хүлээлгэж чаддаг байх ёстой. Сая өршөөлийн хуулиар цагаан захтай гэмт хэрэгтнүүд бүгдээрээ хамрагдлаа. Ардчилалтай оронд ард түмний “ээжийн бор авдар” руу гараа дүрсэн хүнийг хэзээ ч өршөөдөггүй л байхгүй юу. Энэ чинь манай ардчилал согогтой хариуцлага хүлээлгэж чадахгүй байна гэсэн үг. Улс төрчидтэй хариуцлага тооцож байх ёстой. Ард иргэд рүүгээ буу шагайж чадсан тэр улстөрчидөд улстерийн хариуцлага хүлээлгэх ёстой. Цаашид улс төрийн алба хашуулахгүй байх хэрэгтэй.
10 мянган төгрөг хулгайлсан хүүхэд 10 жилийн ял авч байгаа бол хэдэн тэрбум төгрөг идчихсэн нөхөр өршөөлийн хуулиар суллагдаж байна. Энэ чинь шударга бус байгаа байхгүй юу. Ер нь өршөөлийн хууль гаргахдаа хэзээ ч албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамруулж болохгүй. Харин ч албан тушаалтнуудын гэмт хэргийн ялыг чангатгах ёстой.
-Намын дарга тань өрсөлдөгч намынхаа даргын төлөе санаа зовж суудаг нь танайханд таалагдахгүй байгаа биз дээ?
-2008 оны сонгуулиар Хувьсалт нам олонхи болж 46 суудал авсан. Манайх цөөнх болсон. Ард түмэн МАХН-д “Та нар Монгол гэдэг айлын эзэн нь. Олигтойхон авч яваарай. Битгий янз янзын хуйвалдаанд ороорой. Энэ улсыг авч явж чадах хэмжээндээ аваад яв” гэсэн. Манай АН-д “Та нар 26-уулаа цөөнх болоод энэ нөхдүүдийн алхаж гишгихийг сайн хараарай” гэж л даалгавар өгсөн. Тэр зарчмыг уг нь барих ёстой. Гэвч ардчилал өөрөө цөөнх нь олонхоо дагадаг зарчимтай. УИХ дээр олонхи нь хамтарсан Засгийн газрыг дэмжээд явсан. Тэгэхээр одоо юу гэхэв. Яахав дангаар хийж чадахгүй юмаа хоёр нам хамтраад хийвэл яаж ч бодсон үр дүн нь илүү байх ёстой. Тэгвэл яг тийм үр дүн гарахгүй байгаа учраас шүүмжлэл гарчихаад байгаа. Энэ Засгийн газрыг үйл ажиллагаатай холбоотой маш олон шүүмжлэл амьдралаас урган гараад байна.
Хариуцлагын тогтолцоо Монголд үгүйлэгдээд байна. Болохгүй байгаа болоод л шүүмжлэл гарч байгаа. Нийгэм болж байгаа бол хүн болгон өөрийнхөө ажлыг хийгээд явна. Болохгүй байгаа болоод л жагсаал цуглаан чинь гарч ирээд байгаа юм. Хариуцлагагүй байдал улам газар аваад, алдаа гаргасан албан тушаалтанууддаа хариуцлага тооцохгүй яваад байвал нийгмийн бухимдал чинь эргээд л 7 сарын 1-нийг үүсгэнэ. Монголын Ардчилсан намын дарга ард түмний төлөө залбирах ёстой.
-Олигархиуд гэж их ярьж байна. Харин тэр олигархи чинь хэн юм бэ гэхэд хэлэх хүн алга. Та хэлж чадах уу?
-Тэр энэ гэхээсээ илүү би нэг зарчим л ярья. Хариуцлагатай улс төр хиймээр байна гэдгийг хэлье. Намууд гишүүддээ хариуцлага хүлээлгэж чаддаг байх ёстой. Хариуцлага хүлээлгэхийн тулд нам өөрөө шинэчлэгдэж цусаа сэлбэж, залуучуудыг оруулж байх ёстой. Манай намд залуучууддаа зай тавьж өгдөггүй тал бий. Хамгийн гол нь Монголын улс төр нь, бизнес нь тус тусдаа явах ёстой. Улс төрчид нь бизнесийн тунгалаг орчинг бий болгож бизнесийн салбарынхан нь татвараа төлөөд л ажлаа хийгээд явбал болоо. Өнөөдөр энэ хоёрын хоорондох зай нь булингартай учраас нэг өвөрт орчихоод байгаа тал бий. Хамгийн гол нь шударга зарчим нь чухал. Ер нь шударга хөдөлмөрөө хүн мөнгө олж байгаа бол баяжиг л дээ.
Улам л томрог. Олигархи байтугай баяжаад л яваг. Гэхдээ татвараа төлсөн байх ёстой. Улс төрөөс хол явах ёстой. Баян хоосны ялгаа асар их байна Судалгаагаар хэдэн хувь нь ядуу гээд л яриад байна. Тэр чинь статистик тоо. Эрх баригчид цаасан дээрх тоогоор л нийгмийг гипноздож явдаг. Яг бодит байдал дээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 10 дугаар хороололоос Жуковын музейн хоорондох иргэд арай нэг хотжсон соёл дунд орон сууцанд амьдарч байна. Бусад нь ерөөсөө л маш ядуу амьдарч байна. Энэ ялгааг л багасгах гэсэн хүсэл эрмэлзэл өвөртлөөд энэ холбоондоо үйл ажиллагааг явуулж байгаа юм. Сая Хятадын Ардын их хурал нь хуралдаад баян хоосны ялгаагаа арилгая гэж зорилт тавьсан байна лээ. Тэд бол том том зорилт тавиад биелүүлж чаддаг. Тэд миллиард 300 сая хүнийг ядуурлаас гаргаж чадна гэж байхад бид энэ цөөхөн хүнийг ядуурлаас гаргаж чадах ёстой л байхгүй юу.
-Тэрбум төгрөгнөөсөө зарим гишүүд татгалзана гэж байгаа. Та чадах уу?
-Монгол улсын ерөнхийлөгч гишүүдийн гэж нэрлэгдээд байгаа нэг тэрбум төгрөгөнд хориг тавихад 13 гишүүн дэмжиж хоригийг хүлээж авсан. Би тэрбум төгрөгнөөс татгалзсан төгрөгнөөс татгалзсан 13 гишүүдийн нэг. Бид хэдий татгалзсан боловч олонхоороо энэ асуудлыг шийдсэн.
-Ардчилсан намын дотоод сонгууль өрнөж нилээд хэдэн дүүрэг дээр хоёр тамгатай хоёр даргатай маргалдаж байна. Энэ нь дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг шиг л харагдаж байна?
-Манай намынхан бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байдал бий. Нэг дүүрэг дээр хоёр дарга байна гэдэг чинь бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн л илрэл. Энэ асуудлыг том намын хэмжээнд яримаар байна. Ардчилсан нам дотооддоо асар их далайц шинэчлэл хийх хэрэгтэй. Манай намд шинэчлэл хэрэгтэйг харуулж байгаа л хэрэг. Манай намд шинэчлэл өөрчлөлт шинэ цус сэлбэлт ус агаар шиг хэрэгтэй байна. Би лидерүүдийгээ хүндэлнэ. 20 жил улс орны телөө зүтгэлээ энэ хэд маань. Ардчилсан хувьсгалыг хийчихлээ. Гэхдээ бас юманд чинь ээлж эрэмбэ халаа байх ёстой. Манай лидерүүдийн хуримтлуулсан улс төрийн капитал нь 20 жил. Минийх хоёр жил. Би бол УИХ-д 2 жил сууж байна. Хэдий богино ч хугацаанд маш олон юмыг өөрийн нүдээр харж эхэлж байна. Баруунд бол хүн нь хуучин ч гэсэн шинээр сэтгэж чадаад байдаг. Манайд бол хүн нь хуучин дээр бас хуучин сэтгэхүйгээрээ яваад байдаг.
-МAXН Сонгинохайрхан дүүрэг дээр “босогчдоо” нам болгож чадлаа?
-Хувьсгалт намын дотоод хэрэгт би оролцмооргүй байна. Олон жилийн түүхийг нь харж байхад тэд хүчээр л асуудлыг шийддэг тал ажигллагддаг. Асар хүчтэй босоо тогтолцоотой.
Хамгийн дээд нөхөр нь юу гэж хэлнэв бүгд ёслоод л явдаг. Гэсэн хэдий ч сүүлийн үед бас шинэчлэл хийгээд 90 оноос хойш МАХН 4 үе шинэчлэгдсэн байна. Манай нам бол хэн чадалтай, өөрийгөө хэр олон хүнд хүлээн зөвшеөрүүлж чадна, хэн намынхаа гишүүдийн массыг дагуулж чадна тэр нь лидер болж намаа авч явдаг. Яг өнөөдер намаа нэг цул болгох лидер манай намд хэрэгтэй байна.
-Улс төрийн намууд амлалтаа биелүүлж чадахгүй нь гэдгээ хүлээж ард түмнээсээ уучлал гуйх хэрэгтэй хэмээн зарим гишүүд уучлал гуйж байна. Та уучлал гуйх уу?
-Бидний амлалт чинь Эрдэнийн хувь. Энэ чинь бэлэн мөнгөний амлалтаас огт өөр ойлголт. Уул уурхайн баялгаас иргэн бүр хувь, хувьцаа хүртэх асуудал. 1,5 сая төгрөгийг өгөх мөнгө байхгүй нь үнэн. Энэ бол факт. Байхгүй мөнгийг өгнө гэж байхгүй шүү дээ. УИХ-ын тамгын газраар Оюун гишүүн, Энхбат гишүүн бид хэд судалгаа хийлгэсэн. Энэ 1,5 сая төгрөгийг өгөх эдийн засгийн боломж байна уу гэж. Тэд орлого их орж ирвэл өгч чадна гэж дипломат хариу өгч байна лээ. Тэр ойлгомжтой ш дээ. Өнөөдөр тийм их орлого орж ирэхгүй нь ойлгомжтой байна. Оюу толгой Эрдэнэтээс 5 дахин том орд. Гэтэл орж ирэх ашиг нь Эрдэнэтээс бага л харагдаж байна. 1,5 саяыг амласан нам нь байр сууриа бодитой илэрхийлэх л шаардлагатай байх. Ер нь боломжгүй гэдгээ хэлчих л хэрэгтэй.
Сая 70 мянган төгрөг тараасан явдал нь согогтой ардчилалтай улс гүрнүүдэд байдаг шинж. Бид мөнгө олж байна, тэрнийгээ ард түмэндээ зориулж байна, энэ 70 мянган төгрөг өглөө гэж нэг ёсондоо ард түмнийг мунхруулж байгаа л хэрэг. Цонхны цаанаас чихэр долоолгоно гэдэг чинь л энэ. Хэрвээ амласан л бол өгөх ёстой. Өгөхгүй байна гэдэг чинь луйвар хийсэн л гэсэн үг. Нэг хүн нэгэндээ мөнгө өгнө гэчихээд өгөхгүй бол хүн хуурсан л хэрэг биз дээ. Мөнгөний амлалт өгнө гэдэг чинь ард түмнийг хар тамхинд оруулж байгаатай ижил.
-Танай нам засаг хамтарч байгаа. 1,5 саяыг бас танайхаас ч нэхэж байгаа?
-Хамтарч байгаа юм чинь тэгэх л байх л даа. Цаашлаад би хувь гишүүний хувьд ийм бэлэнчлэх сэтгэлгээнд иргэн хүнийг сургаж байгаагийн эсрэг байдаг юм. Үнэхээр зайлшгүй шаардлагатай иргэддээ нийгмийн халамжаа үзүүлэх хэрэгтэй болохоос хавтгайд нь мөнгө тараах буруу. Харин ажил хийж чадах хэсэг нь шударгаар ажилласан хөлсөө аваад ажлын үнэлэмжийг өндөр болгох хэрэгтэй л гэж би үздэг. Уул уурхайгаас орж ирэх их мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууц, дэд бүтцэд шууд заруулах ёстой.