Г.Баярсайхан:Бидний ард нийгмийн захиалга л бий
УИХ-ын гишүүн, "Ардчилсан хүчний холбоо"-ны дэд тэргүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Ардчилсан хүчний холбооны их хурал болоод өнгөрлөө. Өнөө л хэдэн хуучин тоосго явж байна. Шинэчлэл хийж чадахгүй гэсэн яриа, хөөрөө дагалдаж байна?
-Монгол Улсын бүх салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэдгийг бид эрт гаргаж тавьсан. Монголчууд цөөхөн. Хэн нэгэн гаднаас ирээд шинэчлэл хийчихгүй, оросоос зөвлөх урьдаг байсан тэр цаг үе ард үлдсэн. Далай гаталж уул уурхайчин ирээд ч биднийг шинэчилж өгөхгүй. Бид өөрсдөө сэтгэж, бодож шинэчлэл эхлүүлэх ёстой. Шинэ болгон араасаа элдэв таамаг, яриа хөөрөө дагуулж байдаг нь жам. Тэглээ гээд эмзэглэхгүй байна.
-"Ардчилсан хүчний холбоо"-ны их хуралд 800 гаруй төлөөлөгч оролцсон. Тэдний хэдэн хувь нь залуучууд вэ?
-Манай холбоог залуучуудын холбоо гэж болно. Дийлэнх нь залуучууд бий. Бидний санал, санаачилгыг нийгэм дэх залуус хүч түрж, дэмжиж байна.
-ТББ байгуулсан нь нам дотроо талцаж байгаагийн илрэл гэх хүн цөөнгүй байна. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ?
-Бидний дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа хүнд хүрч байна гэж л харж байна.
-Та бүхэн том зорилт тавьсан. Үнэхээр монголыг шинэчилж чадна гэж үү?
-Зорилт дэвшүүлсэн. Хугацаа хэрэгтэйгээс гадна нийгмийн дэмжлэг хэрэгтэй. Тиймээс бүх аймагт салбар, хороодоо байгуулсан. Их хуралд 1000 гаруй төлөөлөгч ирсэн. Дэмжлэг байгаа учраас шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадна гэж бодож байна.
-АН-аас угшилтай ТББ байгуулагдаж, гудамжинд жагсаал тэмцэл өрнөж байгааг нэгтгэж харах, ярьж бичих боллоо. АН дотор талцал хүчтэй боллоо гэж ажиглагчид хэлж байна?
-Цаг хугацаа харуулна биз ээ. Бид албан тушаалын төлөө яваагүй. Нийгмийн төлөө шинэчлэлийн бодлого ярьж байгаа. Өнөөдөр Монгол Улс хөгжлийнхөө эгзэгтэй үед, тухайлбал, асар том эдийн засаг, уул уурхайн төслүүд хэрэгжих шатанд явж байна. Ийм үед иргэний нийгмийн хяналт зайлшгүй хэрэгтэй.
-Та нөхдийг "Алтан гадас" фракцийг шахаж, намын даргын суудалд санаархаж байна гэсэн мэдээлэл гарсан. "Ардчилсан хүчний холбоо"-ны дэд тэргүүн С.Эрдэнэ "Урвагчид намаас гарна биз" гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Энэ бүхнээс талцаж, хагаралдаж байна гэж хараад байгаа юм биш үү?
-С.Эрдэнэ гишүүний өмнөөс би ярих боломжгүй шүү дээ. Өөрийнхөө байр, суурийг л илэрхийлье. Нам дотор шинэчлэл хэрэгтэй байна гэсэн асуудал ганц манай нам дотор бус монголын улс төрийн бүх намууд л ярьж, хэлэлцэж байгаа. Манай нам 4:11 буюу ард түмнээ сонсох аян зохион байгуулж,МАХН ч гэсэн иргэн ээ сонсох аян явуулж байна. Энэ бол хэлбэр төдий юм. Төр, засагт хандсан шүүмжлэл өдөр болгон л сонин хэвлэл, телевизээр явж байна. Тэгэхээр бид бодитой ажил хийх хэрэгтэй. Улс төрйин хүчнүүд 20 жил ард түмнээ сонслоо. Тодорхой үр дүнд хүрсэнгүй. Ер нь шуудхан хэлэхэд манай намд шинэчлэл хэрэгтэй байгаа юм. Ардчилсан хувьсгал хийгээд 20 жил болох хугацаанд дөрөвхөн жил манай нам засаг барьсан. Бусад 16 жилд хавчуурганд засагт орж, гарсан юм бий байх. Сонгогчид дэмжээд байгаа хэрнээ бид тэр итгэлийг нь биелүүлж чадахгүй байна. Энэ чинь л нам дотор шинэчлэл хийх ёстой гэсэн хангалттай том дохио. Бидний дэвшүүлж буй шинэчлэл, шүүмжлэлийг өөрсөд дээрээ хүлээж аваад байгаа бол тэр хүмүүсийн л асуудал. Ардчилсан нам дотор шинэ цус сэлбэлт агаар шиг хэрэгтэй. Гаднаас нь харахад Ардчилсан нам гүнзгий гипнозийн нойрондоо байна.
-Хоёр нам хамтарч засаг барьснаар цөөнхийн хяналт, дуу хоолой сонсогдохгүй болсон. Зарим таагүй асуудлаар зохицоод яваад байгаа гэсэн шүүмжлэл ч гардаг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Улс орны төлөө нэг асуудал босгоод явдаг, маргааш нь нураачихдаг байж таарахгүй гэж би хувьдаа хардаг. Хэдий тийм боловч зарчим бий. Сонгогчид аль намд саналын олонхийг өгч төрийн жолоог атгуулсан байна вэ. Алинд нь хяналт тавих үүргийг өгсөн бэ. Жолоо барих ёстой нь жолоогоо бариад л явах ёстой. Нөгөө талаар хамтарсан Засгийн газарт хийсэн ажил ч, шүүмжлэл ч бас бий. Хамтраад ажиллана гэж байгаа бол шүүмжлэлийг хүлээж авах л ёстой. Оюутолгойн асуудлаар нийгмээс асар их шүүмжлэл ирж байна. Болохгүй болоод нийгэм ярьж байна шүү дээ. Болж, бүтэж байгаа бол хийх ажилгүй хүмүүс биш дээ, бүгдээрээ өмнөхөө хийгээд явна. Улс орны болон эдийн засгийн аюулгүй байдал, ирээдүйн хөгжил, экологийн аюулгүй байдалтай холбоотой том том гэрээг маш хариуцлагатай хийх ёстой. Одоо Тавантолгойн асуудал орж ирнэ, ойртож байна. Бид асуудалд ажил хэрэгчээр хандана. Ардчилсан хүчний холбоо өөрсдийн байр, суурийг гаргаж тавина.
-Ардчилсан хүчний холбоог Засгийн газрыг огцруулж, өөрийн хүнийг сайд болгож Тавантолгойн асуудалд оролцох нь гэсэн хардлага байна?
-Засгийн газар хамтарсан байна уу, үгүй юу тэр хамаагүй. Монгол Улсын төлөө хариуцлагатай гэрээ , хариуцлагатай шийд гарч байх ёстой.
-ТББ байгуулан, жагсаал байгуулсны ард хэн байна вэ. МоАХ-ыг Х.Баттулгад алдсан хариуд холбоо байгуулсан гэсэн хардлага байна?
-Шуудхан хэлье л дээ, манай холбооны ард нийгмийн захиалга л бий.