С.Эрдэнэ: Нарийн яривал, Э.Бат-Үүл өөрөө урвагч
2010.09.08

С.Эрдэнэ: Нарийн яривал, Э.Бат-Үүл өөрөө урвагч

"Ардчилсан хүчний холбоо" төрийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-"Ардчилсан хүчний холбоо" ТББ байгуулагдсан цагаас "МАХН-ыг хуулбарлагчид" гэсэн нэр байнга дагалдаж ирсэн. Залуучуудын чуулга уулзалт зохион байгуулахаас эхлээд МАХН-ын дэргэдэх "Зүүний хүчний холбоо"-г дууриадаг, холбоо сүлбээтэй гэсэн мэдээлэл сүүлийн үед дуулдах болсон нь хэр бодитой юу?

-"Ардчилсан хүчний холбоо"-ноос хүний өөрийн ялгалгүй яагаад ингэтэл жийрхэж, айж байгааг ойлгохгүй юм. ТББ байгуулагдаад дөнгөж хагас жил болж байна. Гуравдугаар сарын 10-нд хийсэн их хурлаараа бид "Монголоо шинэчилье" гэсэн уриа дэвшүүлсэн. Нийгмийн бүх салбарт шинэчлэлт, өөрчлөлт шаардлагатайг эрүүл ухаантай хүн болгон ойлгож байгаа. Тэгвэл яагаад шинэчлэлт, өөрчлөлтөөс айгаад байгаа юм бэ. Нэг зүйлийг онцлоход бид улс төрийн нам байгуулаагүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, хууль тогтоомж, журам дүрмийнх нь дагуу ТББ байгуулсан.ТББ-ыг аль нэг намд, улстөрд наах сонирхол хэнд байна вэ. Том багагүй элдвээр хэлж, дайрцгааж байгааг байгааг үнэхээр гайхаж байна. Гэхдээ биднийг дэмжигч бий. Манай холбоонд улс төрийн аль ч намд ороогүй, харин улстөрөөс жийрхдэг, гадуурхагддаг ч нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог олон мянган залуус, жирийн иргэд, эрдэмтэд орж байгаа. Бид өнөөдөр аль нэг улс төрийн хүчин, фракцтай хамтарч ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье."Ардчилсан хүчний холбоо"-нд манай намын есөн гишүүн бий. Бүгд нийгэмд өөрийн гэсэн орон зайг эзэлсэн, ард түмэнд үнэлэгдэж, хүндлэгдэн УИХ-д сонгогдсон гишүүд. Тэдэнд ямар нэгэн улс төрийн карьер хөөх. Илүү орон зай бий болгох сонирхол байхгүй. Улс орныхоо шинэчлэлт, болохгүй байгаа төрийн тогтолцоо, нийгмийн харилцааг өөрчлөхийн төлөө нэгдсэн болохоос аль нэг намын захиалгаар явдаг, толгойгүй хүмүүс биш.

-АН хоёр хуваагдсан, нэг талд Н.Алтанхуяг, нөгөө талд З.Энхболдын улс төрийн тоглолт явж байгааг амтай болгон ярьж, хэвлэлээр шуугидаг. Нөхцөл байдал ийм байхад танай намын гишүүд талцал, хуваагдлаа ардчиллаар халхалцгаах юм. Үнэнийг шуудхан хэлчихэж яагаад болдоггүй юм бэ?

-ТББ-ын дарга болчихоор түүнийг нь улс төрд нааж, намын нэг фракцийг ухуулагч мэтээр цоллох ямар хэрэг байна вэ. ТББ, холбоо тэргүүлдэггүй улс төрч байгаа юм уу, Монголд. Тэр болгоныг аль нэг намын дарга болох нь гээд хардвал Монголоор нэг байна шүү дээ. Бид З.Энхболдыг тэргүүнээр сонгосон. Тэр сайн дураараа болоогүй, ажлын туршлага, мэдлэг чадварыг нь үнэлж хариуцлага үүрүүлсэн юм. Түүнээс биш УИХ-ын найм, есөн гишүүнээс хэн ч сонгогдож, ТББ-ыг тэргүүлж болох байсан. З.Энхболд ТББ тэргүүлснээрээ аль нэг намын дарга болох гэсэн юм . биш. Хэн түүнээс айгаад байгаа нь сонин байна.

-Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг, Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл "Ардчилсан хүчний холбоо"-нынхон МАХН-ынхантай хуйвалдаж, 2012 оны сонгуулиар АН-ыг будаа болгох гэж байна" хэмээн ярилцлага өгсөн нь намынхаа дотоод хагарал, бутралын үнэн төрхийг дэлгэж, нөгөө талаар хэвлэлээр гарсан таамаг, мэдээллүүдийг баталчихсан юм биш үү?

-Э.Бат-Үүл хэлэхээр үнэн болдог гэж хэн хэлсэн юм бэ. Тэр нийгмийн чиг баримжаа, хандлагыг тодорхойлогч биш , зүгээр л хувь хүн. Нарийн ярих юм бол, хэн урвагч, хэн нь ардчиллын төлөө тууштай явжбайсан гэдгээ ялгаж, зааглаж, дэнсэн дээр тавих юм бол Э.Бат-Үүлтэй ярих юм олон бий. Би ямар нэгэн байдлаар түүнтэй хэрүүл хиймээргүй байна. Ний, нуугүй хэлэхэд Э.Бат-Үүл ухаантай бол "Ардчилсан хүчний холбоо"-ноос уучлал гуйх ёстой. Яахаараа МАХН-тай нийлээд хамтарсан Засгийн газар байгуулаад явж байгаа нөхөд Э.Бат-Үүлийнхээр бол урвагч биш, сайн хүмүүс, хамтарсан Засгийн газрыг шүүмжилж, улс орноо,нийгмээ өөрчилъе гэсэн нь урвагч нэр зүүдэг юм бэ.

-"Ардчилсан хүчний холбоо"-ныхон хамтарсан Засгийн газрын талаар ямар байр, суурьтай байна?

-Бид хамтарсан Засгийн газраас АН гарах ёстой гэсэн байр, суурин дээр бат зогсч байна. Ялангуяа би. Э.Бат-Үүл "Хамтарсан Засгийн газар байгуулахыг би цор ганцаараа эсэргүүцсэн" гэж ярьсан байна лээ. Түүн шиг худал юм байхгүй. Тэгж ярих юм бол хамтарсан Засгийн газар байгуулахыг хамгийн анх эсэргүүцсэн хүн нь би. Мөн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсрэг санал өгч байсан. АН-ын ҮЗХ-ны хуралд хэн ямар үг хэлж байсныг бүгд мэднэ. Шийдвэр гаргасан АН-ын ҮЗХ-ны хуралд Э.Бат-Үүл хамтарсан засгийн эсрэг нэг ч үг хэлээгүй, бөөрөнхийлөөд өнгөрсөн. Харин Ц.Элбэгдорж бид хоёрыг дагаад 120 гаруй хүн хурал хаяад rapсан. Түүх, түүхээрээ үлддэг. Бид нотлох баримттай ярина. Би анхнаас нь эсэргүүцэж байсан" гээд ярьж суухаасаа, худал хэлэхээсээ ичээсэй. Тэгээд бас болоогүй ''Хамтарсан засгийг эсэргүүцэж байсан гэж одоо хэн нэг нь гөвнө дөө" гэсэн байгаа юм. Харин жинхэнэ гөвдөг нөхөр чинь Э. Бат-Үүл өөрөө юм биш үү."Ардчилсан хүчний холбоо" яагаад түүний дургүйг хүргэснийг ойлгохгүй байна. Магадгүй хамтарсан засгийн газрын эсрэг эх оронч болж харагдах гэсэн Э.Бат-Үүлийн орон зайг ТББ эзлээд, тэр үүргийг гүйцэтгээд эхэлчихсэн байж мэднэ. Түүнд эгдүүцсэндээ биднийг гутаах гэж ийм мэдэгдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй.2008 оны долдугаар сарын нэгний асуудлаар УИХ-ын чуулганд нээлттэй сонсгол хийх гэж байхад хэн чуулганыг хаалттай явуулах санал гаргасан бэ. Ард түмнээс бодит үнэнийг хэн нуусан бэ. Тухайн үед УИХ-ын чуулганыг хаалттай явуулах саналыг Э.Бат-Үүл л гаргасан шүү дээ. Түүгээрээ тухайн үеийн 2008 оны долдугаар сарын 1 -нд яг, юу болсныг ард түмнээс нуусан. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Хамтарсан Засгийн газар таван сайхан залуугийн амь насаар таван сайдын суудал арилжчихаад явж байна. Энэ мэтээр ярих юм олон бий.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлуулж, Тавантолгойн асуудлыг урагшлуулснаар засагт хамтарсан нь зөв гэж дүгнэгч цөөнгүй байдаг. Харин та ямар дүн тавих бол?

-Би хүлээн зөвшөөрч байна. Оюутолгой, Тавантолгойн асуудлаар буруу ч бай, зөв ч бай эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэл тавигдсан, шийдээгүй. Нэг талаас харахад зөв, би дэмжиж байгаа. Гэхдээ уул уурхайн том ордуудыг хөдөлгөөнд оруулахдаа хэний талд, хэнд ашигтайгаар эргүүлэв гэдэг нь сонин байгаа юм. Гэрээ батлагдсаны маргаашаас эхлээд мөнгөн бороо оруулж, Монголын эдийн засаг хэдэн хувиар өсч, ард түмний амьдрал сайжирчих юм шиг үлгэр ярьсныг хүн болгон мэдэж байгаа. Монголын нэртэй улс төрч, эдийн засагч, нийтлэлчид түүн шиг сайхан юм байхгүй гэцгээсэн. Өнөөдөр Оюутолгойн гэрээ батлагдаад жил тойрлоо. Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарав, Оюутолгой ямар төвшинд ажиллаж байгаа юм бэ. Тэнд бүх юм хаалттай, мөнгө, бизнесийн далд хуйвалдаан цэцэглэсэн. Уурхайд бараа, таваар нийлүүлэх гэсэн, тэндээс ямар нэгэн ажил олж хийх эсвэл ахиухан өртөгтэй тендер олж авах гэсэн том бага улс төрч, эдийн засагчдын өрсөлдөөн, хуйвалдаан өрнөж байна. Оюутолгойн нээлттэй тендер хэдэн удаа зарлагдав, тэнд Монголын ард түмэн, аж ахуй нэгжүүд ямар эрхтэй оролцох юм бэ. Энэ талаар мэдээлэл байхгүй бүх юм хаалттай, хэн ч үүнийг мэдэхгүй байгаа. Тэнд хэдэн мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ эхэлж байхад Монголын ард түмний оролцоо тодорхойгүй. Эхнээсээ хуйвалдаан, дахиад нэг Эрдэнэт бий болж байна. Тэндээс цөөн хүн баяжна, ард түмэнд унах унац нь маш бага. Тавантолгой ч адил, таамаг төдий байна шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэл, нөөц гээд бүх юм тодорхойгүй. Зуун хувь төрийн мэдэлд гэж Ерөнхий сайд яриад байна. Тэгвэл Ухаа худаг яахаараа төрийн мэдэлийн гадуур байдаг юм бэ. Ухаа худгийн нүүрсний орд, Тавантолгойн ордын ашигтай элементийн бараг 30-40 хувийг агуулж байгаа. Үүнийг яагаад тооцдоггүй юм. Ингээд яривал олон зүйл бий. Өнөөдөр тэнд хэн, ямар улстөрийн хүчин хяналт тавьж байна вэ. Цөөхөн иргэний хөдөлгөөн хяналт тавиад хүчин мөхөсдөөд байна. Тэд хөөрхий, шаардлага тавихаас хэтрэхгүй байгаа. Энэ бүх хууль бус үйлдлийг хянадаг, таслан зогсоодог Үндсэн хуулиар баталгаажсан эрх нь өнөөдөр АН-д бий. Гэтэл АН маань эрх барьж байгаа МАХН-тай нэг хөнжилд орчихоод явж байдаг. Үүнийг бүгд харж байгаа, ялангуяа Э.Бат-Үүл баатар маш сайн мэдэж байгаа. Яагаад дуугардаггүй юм, яагаад хэлдэггүй юм. Яагаад хамтарсан засаг байгуулсан нөхдөд бодит үнэлэлт дүгнэлт өгдөггүй юм бэ. Яагаад урвагчдыг сайн хүмүүс гэчихээд. үнэнийг хэлсэн биднийг урвагчид гэж цоллоод байгаа юм бэ, хэний захиалгаар ингэж ярьж байгаа юм бэ.

-Удахгүй болох АН-ын ҮЗХ-ны хурал, намын Их хурлаар хариуцлагын асуудал ярих байх. Ямар үр дүн гарах бол?

-Мэдээж ярьж таарна. Манай нам чинь том нам шүү дээ. Мэдлэг боловсролтой гишүүд олон бий. Намын гишүүдээ юм мэддэггүй, ойлгодоггүй, хор найруулахаар дагаад гар өргөөд байна гэж бодож байгаа бол тэр хэсэг үнэхээр өрөвдмөөр байгаа. Одоо тэдний хувьд цаг дууссан, АН сэрсэн. Саяхан болсон манай эмэгтэйчүүдийн холбооны хурал гэхэд л ямар нэгэн мөнгө, эрх мэдэл, хор найруулга явдаггүйг харуулсан. Манай эмэгтэйчүүд, гишүүд өөрсдийнхөөрөө сонголтоо хийж чаддаг эрүүл саруул гэдгээ харуулж чадлаа.

-Эмэгтэйчүүдийн холбоо хурлаа хийж, С.Эрдэнэ өвдөг шороодлоо гэсэн мэдээлэл дуулдсан. Улс төрчид, та ч бас өөрийн хүнийг зүтгүүлээд ялагдсан юм биш үү?

-Хардлага, сэрдлэг төрүүлэх гэсэн хэн нэгний захиалгат мэдээлэл байх. "Ардчилсан хүчний холбоо" байгуулах санаачлагчдын нэг нь манай Ц.Оюунгэрэл. Манай холбооноос дөрвөн эмэгтэй нэр дэвшиж, н.Бат-цэцэг, Б.Мөнхтуяа нар нэрээ татсан. Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа хоёр өрсөлдсөн. Тэнд хэн нэгнийг нь дэмжсэн зүйл байхгүй. С.Одонтуяаг дэмжээрэй гэж саяхан хуралдсан 400 гаруй хүний нэгэнд нь ч хэлээгүй. Гэтэл яагаад намайг нэг талд ажилласан мэтээр бичсэнийг надаар овоглох шаардлагагүй. Ц.Оюунгэрэл гэдэг бие даасан улс төрч эмэгтэйг яахаараа Ерөнхийлөгчөөр овоглож байх ёстой гэж. С.Одонтуяа ч бие даасан улс төрч эмэгтэй. Яагаад надаар овоглох ёстой юм бэ. Тэд хэн нэг-ний утсан хүүхэлдэйнүүд юмуу,хаашаа юм. Би хувьдаа тэгж бодохгүй байна, тийм байдлаар харахгүй байна.

-АН-ын их хурлаар асуудал ярихад хамтарсан засагт орсон хүмүүс байр, сууриасаа ухрахгүй бол ямар үр дүн гарахыг та тодорхой хэлсэнгүй. Олон нийтийн зүгээс АН хоёр хуваагдана гэсэн таамаг дэвшүүлээд байгаа. Энэ талаар улс төрд удсан хүний хувьд, нөгөө талаар ардчилалд зүтгэж ирсэн анхдагчийн байр, сууриас хэрхэн дүгнэж байна?

-Би хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа нөхдөө буруутгаагүй, буруутгах ч үгүй. Яагаад гэвэл АН-ын ҮЗХ-ны шийдвэрээр тэр хүмүүс засагт орж ажилласан. Тэд намын дүрэм зөрчиж, эсвэл намын шийдвэргүйгээр дур мэдэн МАХН-ын хөнжилд орсон юм биш. Гэхдээ АН алдаатай шийдвэрээ эргэж харах цаг болсон. Нам шийдвэрээ гаргасан тохиолдолд хамтарсан Засгийн газарт орсон нөхөд уг дуугүй биелүүлнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

-Таны энэ үг сонин, хэвлэлээр гарч буй "АН башир аргатай. Сонгуулийн өмнө ямар нэгэн байдлаар Засгийн газрын хаалгыг хааж, оноо цуглуулах аянд мордоно" гэсэн мессежийг баталж байгаа юм биш үү. Мэдээж хамтарч сонгууль хийхгүйгээс хойш Засгийн газраас гарах нь ойлгомжтой шүү дээ. Харин яаж гэдэг нь асуулт дагуулж байна?

-Нэг зүйлийг танаас асууя, хэн нь башир аргатай байна. Ний, нуугүй хэлэхэд 2008 оны долдугаар сарын 1-ний Монголын улс төрийн түүхэнд хар толбо болж үлдсэн, тэр гашуун, муухай ул мөрийг баллахын тулд МАХН хангалттай олонх болчихсон мөртөлөө хамтарсан Засгийн газар байгуулах саналыг АН-д тавьсан. Манай нам тухайн үед башир аргад дэндүү хөнгөн хуумгай хандсан. Нөгөө талаар АН улс орны эв нэгдэл, хөгжлийн асуудалд ач холбогдол өгч хамтарсан засагт орсон шүү дээ. Энэ асуудлаар манай намын ҮЗХ тухайн үед хоёр хуваагдсан. 120 орчим гишүүн хурал орхиж, тэр шийдвэр гарсан. Олонхиороо шийдвэр гаргасан гэдэг утгаар намын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд өнөөг хүртэл явж байгаа. Гэхдээ юманд хэмжээ бий. Монголын төрийг тунгалаг байлгая, хяналттай байя гэж бодож байгаа бол АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх цаг болсон. Тавантолгой, Оюутолгойн асуудлаар буруу ч бай, зөв ч бай шийдвэрээ гаргачихлаа. Томөр замынхаа чиглэлийг батлуулчихлаа. Одоо юу хүлээгээд байгаа юм бэ. Засагт хамтарч байж улс орны томоохон асуудлуудыг, шийддэг гэж ойлгодог хүмүүсийг би гайхдаг. Яагаад нэг нь Үндсэн хуулиар олгогдсон эрх барих үүргээ гүйцэтгэж, нөгөө нь сөрөг хүчнийхээ хяналтыг биелүүлэх явцдаа улс орны хөгжлийн амин чухал асуудлаар хамтран шийдвэр гаргаж болдоггүй юм. Аль, аль нь улс орны эрх ашгийн төлөө явж байгаа шүү дээ. Нэг нь эрх барьж, нөгөө нь сөрөг хүчний үүргээ биелүүлж байсан бол Оюутолгой, Тавантолгойн асуудлаар илүү үр дүнтэй, нээлттэй, ил тод шийдвэр гаргах байсан. МАХН-ын дарга, Ерөнхий сайдын удирдлагад манай намын дарга ажиллаж байгаа нь сэтгэлд нэг л багтахгүй байгаа. Намын дарга засгийн гадна үлдэж, тэнд орсон гишүүддээ үүрэг чиглэл өгч ажилласан бол арай өөр байхсан.

-"Ардчилсан хүчний холбоо" олон залууг эгнээндээ нэгтгэсэн. Хууччуулын зүгээс тэднийг МАХН-ыг дууриагч, даган баясагчид улмаар холбоо, сүлбээ тогтоож байна гэж хардаж байгаагаас үзэхэд залуустаа харшилтай ч юм шиг?

-Залуу хүн гэж хэнийг хэлдэг юм бэ, дөнгөж ургаж байгаа цэцэг, ногоо шүү дээ, тэд. Тэднийг тордож, услахгүйгээр бие даан ургаж, сайхан мод, бут болж чадахгүй. Түүн шиг залуу үеэ дэмжиж, сургах ёстой. Улс төрийн хатуу, хөтүүг мэдрүүлж ойлгуулах учиртай. Түүнээс бус дууриагчид, сармагчингууд гээд залуу үе рүүгээ нулимах юм бол залгамж хойч үегүй аливаа улс орон, улстөрийн хүчин мөхнө шүү дээ. Ма-най намд мэдлэг боловсролтой залуус бий, одоо ч зарим нь орж ирж байна.

-Ардчиллын анхдагчид өвгөрсөн ч залууст зайгаа гавьж өгөхгүй улс төрөөс зууралдаж байна гэсэн шүүмжлэл өрнөдөг. Энэ талаар ямар бодолтой байна?

-Манай нам залуу шүү. Одоо хамгийн ахмад нь л дөнгөж 50 хүрч байна. 50 нас улс төрд хөгшдөхгүй. Хөгжсөн улс орнуудад улс төрчдийн 50 насыг нялх гэдэг юм билээ. Хэн мэдлэг, боловсролтой, шаардлага хангаж байна, тэр хүн залуу, хөгшин нь хамаагүй хийх ёстой зүйлээ хийх нь үнэнд нийцнэ.

-Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал гээд ардчиллын анхдагчид хөгширсөн, хойч үегүй нам гэж хэлдэг шүү дээ, АН-ыг ?

-Хэн тэднийг хөгшин гэх юм бэ. Одоо л улс төрч болж төлөвшиж байна шүү дээ. Япон, Солонгос, АНУ-ын жишгийг хар л даа. Б.Обама л гэхэд хэдтэй билээ, дэлхийн хамгийн залуу Ерөнхийлөгч нарын тоонд орж байгаа. Азийн орнуудад улс төрийн оргил үе 50-70 нас. Амьдрал үздэгээ үзэж, сурдгаа сурсан, Монголчуудын ярьдгаар "Хий нь гарсан" байдаг. Манайхан 35 хүрээд хөгширсөн гээд байдаг. Тэгвэл хөдөлмөрийн насны хязгаарыг 65 биш 35-аар тогтоочих хэрэгтэй. Энэ үзэл бодлоос болж аж ахуй нэгж, компаниуд хүн ажилд авахдаа 30 гарсан бол авахгүй байна. Энэ чинь зөв юм уу. 30-аас дээш настай хүн хаана амьдрах болж байна гэдгийг бодох хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.