С.Эрдэнэ: Энэ бол бид хоёрын маргаан биш, Э.Бат-Үүлийн ард бүлэг бий
Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа байсан хоёр эрхмийн нэг С.Эрдэнэ өчигдөр сэтгүүлчдэд хоёр асуудлаар тайлбар хийв. Эхэнд нь Нийслэлийн АН-ын даргын хувиар намын дарга Н.Алтанхуягаа шүүмжиллээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр АН-ын дарга 2008 оны долдугаар сарын 1-нд болсон явдлын төлөө ард түмнээсээ уучлалт гуйсан юм. АН түүхэндээ хэлмэгдүүлэлт зохион байгуулж яваагүй учир зарчмын асуудлаар дур мэдэн уучлалт гуйсанд тэрбээр даргаа буруутгав.
Уг нь намын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргаж, удирдлага нь түүнийг олон нийтэд дамжуулах учиртай аж. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын тухайд МАХН, хамтарсан Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж тэр үзэж буй юм байна. Өчигдөр олон улсын ардчиллын өдөр тохиосон. Өнгөрсөн 20 жилд ардчиллын мөн чанарыг эрх баригчид бага багаар гуйвуулсаар одоо 1990 оны хувьсгалыг өөрсдөө хийсэн мэт “өмчилжээ”. Тиймээс Нийслэлийн АН-аас ардчиллын эрхэм ололт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, төрөө төр шиг байлгахын төлөө нэгдэхийг, хамт тэмцэхийг С.Эрдэнэ уриалав.Түүнтэй хамт Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан, Н.Пүрэвдаваа нар ирсэн юм. Удаах тайлбар нь Э.Бат-Үүл тэр хоёрын маргаантай холбоотой байлаа. Түүнийхээр энэ нь хоёр гишүүний маргаан биш, Э.Бат- Үүлийн ард хэсэг хүн, бүлэглэл бий гэнэ. Мөн Үндсэн хуульд заасны дагуу нам нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ганцхан шаардлага л АХХ, Нийслэлийн АН тавьж буй, албан тушаал горилоогүй хэмээн мэдэгдэв.
-АН Засгийн газраас гарах ёстой гэдэг нь АХХ-ны байр суурь уу, эсвэл зөвхөн хэсэг гишүүнийх нь санал уу. Мөн гишүүдийн хооронд маргаан байгаа бол ҮЗХ-н дээрээ очоод шийд, хэвлэлээр маргалдах ёсгүй гэх хүн ч байна. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
С.Эрдэнэ: -Хэрэв нам тогтмол үйл ажиллагаатай, эрүүл байсан бол Бат-Үүл бид хоёрын маргаан гарахгүй байсан. Очиж маргадаг, асуудлаа шийддэг ҮЗХ байхгүй болчихсон шүү дээ. Үнэндээ ҮЗХ-н дээр ч маргаад байдаг юм биш. Гүйцэтгэх зөвлөл дээр асуудлаа шийдэх боломж гардаг. Гэтэл энэ нь сүүлийн 5-6 сард хуралдаагүй, АН эзгүйрсэн. Ер нь асуудал Бат-Үүл бид хоёрт байгаа юм биш. Баабар бас намайг шүүмжилсэн байна. Үүний ард бүлэглэл, хэсэг хүн бий. Нам дамжсан олигарх, өөрийн үзэл бодолгүй, улс төрийн ашиг сонирхол хайгчдын зөрчил бид хоёрын маргаанаар илэрч байгаа юм. Хамтарсан Засгийн газрыг шүүмжилсэн нь муу, хамгаалсан нь сайн болдог. Засгийн газар бүх зүйл сайн гэж байгаа ч бодит амьдрал дээр тийм биш байна.