2018.06.29

Б.Бат-Эрдэнэ: Хүнлэг чанар, сэтгэлийн боловсролтой холбоотой асуудлаар хууль эрх зүйн орчин хэрэгтэй

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ.

Б.Бат-Эрдэнэ: Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой, Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрахтай холбоотой маш хүнд байдал тулгамдаж байна. 

Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлын шалтгаан нөхцөл нь ажилгүйдэл, архидалттай холбоотой байна. Томоохон компани, эрх мэдэлтнүүдийн архины үйлдвэр монголчуудыг архин далайд живүүлж байна. Том шалтгаан нөхцөл нь тодордхой байна. 

Хүн гэр бүлдээ өөрөө төлөвшиж чадахгүй байна. Цаашилбал цэцэрлэг, сургууль, хүүхдийн амьдрах орчны аюулгүй байдлын ажлууд дутагдалтай байна. Ирүүлсэн дүнгээс харвал хэрэг төвөгт холбогдож байгаа хүмүүсийн 513 нь буюу 80-90 хувь нь ажилгүй, бүрэн дундаас доош боловсролтой байна. Тиймээс бусад орны жишгээр хүүхэд, залуучуудыг цагаа зөв өнгөрөөх боломж бүрдүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Дүүрэг, аймгуудад спортын цогцолбор барих зэрэг багагүй ажлуудыг санаачилсныг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. 

Нийгмийн ёс суртахуунтай холбоотой  асуудлаар, хүнлэг чанар, сэтгэлийн боловсролтой асуудлаар бусад улс оронд хууль эрх зүйн зохицуулалт байна. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn