Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд 42 орны төлөөллүүд оролцлоо
2018.07.04

Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд 42 орны төлөөллүүд оролцлоо

“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018”-ын хүрээнд БОАЖЯ-наас “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах нь” салбар хуралдааныг зохион байгууллаа.

Энэхүү сайд нарын уулзалтыг Япон улсын Засгийн газар, Дэлхийн усны түншлэл, НҮБ-ын харьяа Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, UN-REDD үндэсний хөтөлбөр, Азийн сан зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Уулзалтыг нээж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлж, манай улс хог хаягдлын асуудлаар ямар менежмент баримталж байгаа болон Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 3-р сарын 1-нээс нэг удаагийн нийлэг уут хэрэглэхийг хориглосон шийвдэрийн тухай танилцууллаа.

Сайд нарын уулзалтийн гол зорилго нь Гамшгийн эрсдлийг бууруулах “Сэндайн” үйл ажиллагааны хүрээний хамгийн тулгамдсан зорилтууд, тэр дундаа ус, ой, хог хаягдал, нөхөн сэргээхэд чиглэсэн менежменттэй холбоотой зорилтуудыг хангахад гаргаж буй Ази-Номхон далайн орнуудын хүчин чармайлтыг дэмжих, урамшуулах явдал юм.

Уулзалтын үеэр Азийн сайд нар тэднийг дагалдан яваа тухайн улсын Засгийн газрын төлөөллүүд болон Ази-Номхон далайн бүс нутгийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дээр дурдсан нэр бүхий асуудлуудыг цогц байдлаар шийдэх гарцыг хайх, гамшгийн эрсдлийг бууруулахтай холбоотой олон талын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, гамшгийн бэлэн байдлыг хангах дэвшилтэд арга замыг хамтран тодорхойллоо. Хурал “Гамшгийн аюулыг даван туулах чадварыг дээшлүүлэх, сэргээн босгох үйл ажиллагааг сайжруулах”, “Ус ба гамшгийн эрсдлийн менежмент” болон “ Ойн түймрээс үүдэн гарах гамшиг” гэсэн 3 сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.